Д.БОЛОРМАА
УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ болоод Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ уначихлаа. Та энэ хуульд анхнаасаа ямар суурь баримталж байв?
-Би
хуулийн төслийг анхнаас нь л дэмжиж байсан. УИХ дээр хэлэлцэж эхлэхэд
2014 оноос хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байсан. Гэвч эцсийн мөчид
бүр хуулийг батлахгүй талд кноп дарах байдалд хүрсэн дээ. Энэ хууль УИХ
дээр унах хүртлээ мөн ч их зовлон тууллаа. Хэрэв УИХ-ын гишүүд, нам
эвслүүдээс давхар сонирхлоо хавчуулах гэж тэмцэлдээгүй.
Зөвхөн
том эрх ашиг, улс орноо бодоод явсан бол 2014 оноос хэрэгжүүлэхээр
батлаад засаглалаа ч сайжруулаад, Засгийн газраа унагааж бужигнуулалгүй
сэлбэж засаад явчих боломж байсан. Би үүнийг л хүсч байсан. Гэхдээ
харамсалтай нь энэ хууль батлагдах дөхөх тусам УИХ-д намууд дамжсан
бужигнаан өрнөлөө шүү дээ. "Чоно борооноор” гэдэг шиг л. Би УИХ-ын
гишүүн болохоос өмнө төрийн байгууллагуудад янз бүрийн төвшинд 17 жил
ажилласан хүн. УИХ дээр хэлэлцэгдэж байгаа асуудлууд надад тэр бүр шинэ
санагддаггүй. Ихэнх асуудалд өөрийн тогтсон байр суурь, үзэл бодлоор
ханддаг. Харин УИХ доторх улс төр, хүн хоорондын харилцаа, шийдвэр
гаргахад нөлөөлдөг далд хүчин зүйлс, тэр тусмаа засаг төрийн эрх мэдэл,
сайдын суудал сэнтий яригдахад улс төрийн амьдралд юу болдгийг анх удаа
дотор нь байж мэдэрч байна. Үнэнийг хэлэхэд цочирдмоор зүйл их болж
байна даа. Дараагийн сонгууль хүртэл хоёр жил үлдэж байна. Энэ хооронд
үр дүн нь хамаагүй, ямар ч хамаагүй аргаар засагт орохыг хүсч байгаа
хүмүүс байгаа. Товчхондоо хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр баталчихвал
үүнийг далимдуулсан, өнөөгийн байдлыг дээрдүүлэхгүй, харин ч дордуулсан
эцэс төгсгөлгүй тэмцэл үүсч мэдэхээр болчихлоо гэж дүгнэж, хугацааны
талаарх байр сууринаасаа буцсан. Хууль батлах асуудал дээр ч ялгаагүй.
Эцсийн мөч хүртэл УИХ дотор юу ч өөрчлөгдсөнгүй. Ерөнхийлөгч хориг
тавиад ч хоригийг хүлээж авахгүй байх нөхцөл бүрдэх вий гэж хүмүүс эмээж
байна. Товчхондоо манай намынхан буюу олонхи бие биедээ итгэхгүй байна.
Намын удирдлага энэ төвшинд ойлголцол бий болгож чадахгүй байна л гэсэн
үг. Харамсалтай л байна. Миний хувьд төсөөлөөгүй том сургамж байлаа.
Гэхдээ яах вэ, би одоо ч гэсэн өөрийнхөө харж байгаа өнцгөөс, хамгийн
чухал гэж үзэж байгаа эрх ашиг, итгэл үнэмшлийнхээ төлөө зогсож байгаа
гэж өөрийгөө тайвшруулж байна. Гадна талаас харагдах байдал, дотоод мөн
чанар хоёрын аль нь илүү чухал, бодитой вэ. Хүн энэ хоёрын хооронд л
сонголтоо хийх ёстой.
-Уг нь энэ хуулийг 2014 оны долдугаар сараас хэрэгжүүлсэн бол АН-ын нэр хүнд улам өсөх байсан юм биш үү?
-Асуудал
өөрийн чинь хэлж байгаа шиг ийм амархан биш л дээ. Амьдралыг зөвхөн
хар, эсвэл цагаан өнгөөр харах боломжгүй. Миний хувьд лав Засгийн газрын
тогтвортой байдал туйлын зорилго биш. Бидний үйлдэл энэ улс оронд, гэр
бүл, үр хүүхдэд юу авч ирэх вэ гэдэг л чухал. Хууль 2014 оноос хэрэгжих
боллоо гэхэд, Н.Алтанхуягийн Засгийн газар бүхэлдээ өөрчлөгдлөө гэхэд
дараа нь байдал сайжрах хувилбар харагдахгүй байгаад л гол учир нь
байгаа юм. Сүүлийн хэдэн сарын зөрчил, тэмцэл, намууд дамжсан хуйвалдаан
харин ч улс төрийг хөндлөн гулд самарлаа. Улс төрийн хэт тогтворгүй
байдал, хямралын хөлд эдийн засаг, хүмүүсийн амьдрал доройтож мэдэх,
гадаад дотоод олон дарамт өсөх тийм л дүр зураг харагдаж байна. Нэр
хүндээ өсгөх нэг хэрэг. "Царайны сайхнаар цай сүлдэггүй” гэдэг биз дээ.
Амьдрал бодитойгоор дээрдэхгүй бол хууль баталж нэр хүндээ өсгөөд яах юм
бэ.
-Хамгийн оновчтой сонголт юу байна. Ерөнхий сайд ганцаараа парламентын гишүүн байх ёстой юу. Эсвэл чиг үүргийн яамдын сайдууд давхар байж болох байсан уу?
-
Шуудхан хэлэхэд Ардчилсан намын удирдлага "Засгийн газрын 50 хүртэл
хувийг УИХ-аас бүрдүүлж болно” гэсэн саналаа буцаан татсан нь яван
явсаар хууль батлагдахгүй унах шалтгаан болголоо гэж би бодож байгаа.
Засгийг бүхэлд нь унагаахгүйгээр шийдэж болох гарцыг манай дарга нар
үгүй хийсэн. Энэ мэдээж зориудын алхам байсан л даа. Дундын
хувилбаруудыг зориудаар үгүй хийж, үхэх сэхэхийн нэгийг нь сонго гэсэн
тулгалтыг бодлогоор хийсэн гэсэн үг. 1996 онд Баабар "Ингээд бөмбөр хий”
нэртэй нэг гашуун өгүүлэл бичиж байсан нь санаанаас гардаггүй юм. Энэ
удаагийн нөхцөл байдал нь өөр боловч логик нь яг адилхан боллоо. 50
хувийн саналыг буцааж татсан алхам нь Засгийг унагаах нь, өнөөдөр
МАН-тай эвсэх нь улс оронд ашиггүй гэж бодож байгаа над шиг гишүүдийг
сонголтгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаанаас, дараа нь
хуулиас ухарсан сонголт хийхээс өөр аргагүй байдалд оруулчихсан. Түүнээс
биш АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эсэргүүцэх
зорилго тавиагүй. Ухаалаг төрөөс татгалзаагүй. Гэхдээ хууль батлагдаж
чадаагүй гэдэг нь сайд нар бүгд "давхар дээл”-тэйгээ үлд гэсэн дохио
биш. Өнөөдрийн хуулийн орчинд ч засаглалын тэнцвэрийг зөв болгохын төлөө
явах боломж байгаа. Х.Баттулга сайд дээлээ тайлна гэдгээ мэдэгдчихлээ.
Эдийн засаг үнэхээр хүндэрсэн, зарим салбарын ажил ихээхэн уналттай
байгааг бид мэдэж байгаа. Ийм байдлаар 2016 он хүртэл цаг нөгцөөх эрх
Засгийн газарт байхгүй. Улс төрийн хэт савлагаа, хямрал руу
оруулчихалгүйгээр ажил нь явахгүй байгаа сайд нараа солиод явах саналаа
заавал гаднаас шахахыг хүлээлгүйгээр Ерөнхий сайд өөрөө гаргах ёстой.
Н.Алтанхуяг сайдын Засгийн газрыг АН-ын бүлэг хамгаалж үлдсэн. Одоо
Ерөнхий сайдад алдах эрх байхгүй. Танхимаа удирдаж чадаж байгаа бол
түүнийгээ харуулах ёстой.
-Энэ хуулийн төсөл Монгол Улсын түүхэнд ач холбогдол бүхий маш том өөрчлөлт авчрах байсан. Гэвч үүнийг МАН-ынхан улс төрийн тоглолт болгосноор хуулийн төсөл уналаа гэх шүүмжлэл байна?
-
Тийм ээ. Хууль батлагдчихсан бол үнэхээр хэрэгтэй байлаа. Гэхдээ яг
өнөөдрийн энэ улс төрийн орчинд бол их ач холбогдолтой өөрчлөлт авч ирэх
байсан гэж бодохгүй байна. Дараагийн сонгуулийн хугацаанаас эхлэх нь
дээр болчихлоо гэдэг нь харагдсан. Цаашид хуульд өөрчлөлт оруулж УИХ,
Засгийн газрын давхцлыг арилгахын төлөө явах л ёстой. Энэ бол засаглалын
хямрал, хариуцлагагүй байдлын нэг том шалтгаан мөн шүү дээ. МАН-ынхан
цөөнхийн хувьд байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэж их хичээсэн.
Гэхдээ МАН дотроо хагаралтай, байр суурь дээрээ зөрчилтэй байна. Ийм
нөхцөлд дотроо учраа ололцох ядаж байгаа хоёр том хамтраад дундаас нь
өөдтэй үр дүн гарах уу. Төсөл унах эхлэл хаана, хэзээ тавигдсаныг бол би
өмнө хэлсэн шүү дээ.
-Энэ хуулийн төсөл хэлэлцэх нэг сарын хугацаанд АН-ынхан ямархуу эв түнжинтэй байгаа нь анзаарагдлаа. Р.Бурмаа, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нар анхнаасаа 2014 оноос хэрэгжүүлэхийг хүссэн. Сүүлд нь З.Энхболд дарга болоод Р.Амаржаргал гишүүн нэмэгдлээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах сонирхол З.Энхболд, Х.Баттулга нарт байна уу даа гэсэн хардлагыг төрүүлж байна?
-
Би бусад хүмүүсийн өмнөөс асуултад хариулмааргүй байна. Хүн бүрт өөр
өөрийн үзэл бодол, сонголт хийх шалтгаан, байр суурь байгаа. УИХ-ын
гишүүн болсон хоёр жил орчмын хугацаанд зарим зүйлийг их тодоор мэдэрч,
ойлгож байгаагаа л хэлмээр байна. Хүн болгонд, тэр тусмаа УИХ-ын гишүүн
болох хэмжээнд очсон хүмүүст сул тал байхад түүнээс хамаагүй илүү давуу
тал байгаа. Манай намуудад ч, УИХ-ын бүтцийн байгууллагуудад ч тэр давуу
тал бүхнийг шавхаж улс орны сайн сайхны төлөө шахаж ажиллуулах соёл нь
ч, систем нь ч дутмаг байна. Би гадны хөгжилтэй орон болох АНУ, Германы
улстөрчид хүний дээд, Монголын улс төрчид хүний адаг байна гэвэл огт
итгэхгүй. Биднээс ялгаатай нь тэдэнд төлөвшсөн соёл, тогтолцоо нь байна.
Бид ардчилал гэж, намын дотоод ардчилал гэж юу вэ гэдгээ ч нэгдмэл
байдлаар ойлгож чадаагүй тийм л орчинд байна шүү дээ. Ардчилал бол
анархизм, дураар авирлал биш. Хүмүүс өөрсдөө оролцож бий болгосон
зарчим, хууль, дүрэм журамдаа бүгдээрээ адилхан захирагдаж амьдрах гэж
би ойлгодог. Намын дүрэм хэрэгжихээ больчихоор цөөхөн дарга нар дураараа
шийдвэр гаргаж, намын дотоод ардчилал хумигдаж байгаа юм. Манай нам
гэхэд дүрмийнхээ дагуу ҮЗХ-ны хурлаа хийгээгүй их удаж байна. Энэ орон
зайд хувь хүмүүсийн хүслээр янз янзын л шийдвэр гарч байна.
-Танай нам хэр ардчилалтай байна. Нөхцөл байдлыг харахад гишүүдийнхээ санал бодлыг хайрцаглах гэсэн зүйл ажиглагдаж байх шиг ээ. Та ч гэсэн АН-аас коммунизм үнэртэх болсон тухай зоригтойгоор хэлж байсан шүү дээ?
-
Би сая байдал ямар байгааг хэллээ шүү дээ. Өмнө нь ч хэлж байсан.
Гэхдээ би зөвхөн өөрийн намаа шүүмжлээд байгаа юм биш. МАН ч, бусад бүх
намууд ч ийм л байгаа. Тэгэхээр энэ бол манай улс орны, нийгмийн
хөгжлийн төвшин ийм л байна гэсэн үг. Нам гэж үзэшгүй муу муухай зүйл
байдаг юм шиг хандлага нийгэмд бий болж байна. Улс төрийн намууд хичээж
байж энэ дүр төрхөө өөрчлөх ёстой. Тэгэхгүйгээр улс оронд ирээдүй
байхгүй. Ямар ч улс орон, тэр дотроо коммунист орнуудын улс төрийн
тогтолцоо ч намгүйгээр оршин тогтнодоггүй шүү дээ.
-Та намдаа нэлээд шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Гэхдээ таны энэ байр суурь зарим тохиолдолд алга болчихож гэх юм билээ?
-
(Инээв) Миний байр суурь алга болоогүй ээ. Алга болох ч үгүй. Харин
хэзээ дуугарах вэ, хэзээ дуугүй байх вэ гэдэг бол өөр асуудал. Шүүмжлэх
амархан шүү дээ. Бүгд л бие биеэ харилцан шүүмжилж, заримдаа чихэнд чийр
болж залхтал орилж, шуугилдацгааж байна. Тэглээ гээд юу өөрчлөгдөж
байгаа юм бэ. Бид хувь хүн, тухайлбал би өөрөө юу өөрчилж чадах юм бэ
гэдэг талаар илүү бодож, бүтээлч, хөдөлмөрч байх цаг үнэхээр болсон.
Хоосон шүүмжилдэг биш, хийж бүтээдэг нь олон байж бидний амьдрал
урагшилна биз дээ. Миний хувьд юу өөрчлөгдсөн бэ гэвэл, улс төр гэдэг
бол миний гаднаас нь харж, шүүмжилж, дотор нь ороод өөрчилчихөж болмоор
санагдаад байсан тэр орчноос их өөр, амьдрал тэмцлийн харгис ширүүн
орчин, эрх мэдэл гэдэг бол асар бодитой зүйл гэдгийг мэдэрч байна.
Бодвол М.Батчимэг гэдэг хүний доторх судлаач, улстөрч хоёрын зааг
бүдгэрч байгаа юм болов уу даа. Яг үнэндээ миний улс төрийн романтизм
ялангуяа сүүлийн хэдэн сарын үйл явдлын дараа бодитойгоор дуусч байгааг
мэдэрч байна. Гэхдээ энэ бол өөрийнхөө зарчмаас, үзэл санаа, итгэл
үнэмшлээсээ ухарна гэсэн үг огт биш шүү.
-Танай нам Р.Бурмаа гишүүнийг хөөх талаар хэсэгтээ л шуугилаа. Та адилхан эмэгтэй гишүүний хувиар энэ асуудалд ямар дүгнэлт өгч байна. Эсвэл жагсаалтаар сонгогдсон гээд намын шийдвэрийг үг дуугүй дагах ёстой байдаг юм уу?
-
Хувь хүний хамгийн дээд үнэ цэнэ итгэл үнэмшилтэй байхад оршдог гэж би
боддог. Би өөрийнхөөрөө нөхцөл байдлыг үнэлээд шийдвэрээ гаргасан шиг
Р.Бурмаа гишүүнийг би өөрийнхөө харж байгаа өнцгөөр асуудалд хандсан
гэж ойлгож, хүндэлж байгаа. Нам гишүүндээ хариуцлага тооцох асуудал
байж болно. Нам өөрөө олон түмний өмнө хариуцлагатай байхын тулд
гишүүдээсээ хариуцлага шаардах л ёстой. Гол нь тэр хариуцлагын зарчим нь
нийтэд ойлгогдож хүлээн зөвшөөрөгдөхүйц шударга, бас бүх хүнд адил тэгш
үйлчилдэг байх ёстой. Намын дүрэмд жагсаалтын гишүүнд намын шийдвэр
хамаагүй, тойргоос сонгогдсон гишүүнд хамаатай гэсэн заалт байхгүй.
Тиймээс би намын хяналтын хорооны шийдвэрийг дүрэм завхруулсан,
хариуцлагагүй шийдвэр гэж бодож байгаа. Адилхан эмэгтэй хүний хувьд
гэвэл эмэгтэйчүүдээ зөөлчилж дээрэлхэх гэсэн хандлага мэт санагдаж,
эмзэглэж байна.
-Хэвлэлийн эрх чөлөөний өдөр болж өнгөрлөө. Сэтгүүлчид таныг Ерөнхийлөгчийн санаачлаад эргүүлэн татсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дахин өргөн барих болов уу гэж их харж, хүлээж байна?
-Энэ
талаар Ерөнхийлөгчтэй зөвлөлдсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газар ухаалаг
төрийн чиглэлээр олон ажил хийж, ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас
гишүүдийн зүгээс хуулийг дахин өргөн бариад яваач гэдгийг надаас хүссэн.
Энэ хууль хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад бодитой дэвшил гаргасан
хууль болох ёстой шүү гэдгийг Ерөнхийлөгч онцолж байгаа. Бид мэдээж
үүний төлөө л ажиллана. Хуулийг хамтран санаачлах хүсэлтэй хэд хэдэн
гишүүн байгаа. Ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх эрмэлзэлтэй байна.
-Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчдэд "зориулсан” гүтгэх гэмт хэргийг авч хаяж байгаа тухай Х.Тэмүүжин сайд онцолсон. Тэгэхээр тусгайлсан хууль бараг шаардлагагүй юм биш үү гэсэн яриа гарсан байна лээ?
-Ерөнхийлөгч
Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг өргөн барихдаа Эрүүгийн хуулийн энэ
заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл хамт өргөн барьж байсан. Тухайн
үед батлагдаж чадаагүй ч одоо шинэ хуулийн төсөлд тусч орж ирж байгаад
их баяртай байгаа. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлд
гарах нэг том дэвшил. Гэхдээ зөвхөн энэ зохицуулалтаар хэвлэлийн эрх
чөлөө баталгаажихгүй гэдгийг бид мэдэж байгаа шүү дээ. Цаана нь үлдэж
байгаа асуудлуудыг зохицуулахын тулд тусдаа хууль шаардлагатай байгаа
гэж бодож байна.
зууны мэдээ