...Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, археологи, палеонтологи болон уран барилгын цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулг үй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор хамгаалалтын болон түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын бүсийг Засгийн газар тогтооно...
Соёлын өвийг хамгаалах тухай Монгол Улсын хуулиас
Соёлын өвөө хамгаалах хуультай, энэ салбарын асуудлыг харьяалах яамтай хэдий ч манай Төрийн байгууллагын албан хаагчид хоорондоо бичиг шидэлцэхээс илүүг хийхгүй байгаа нь харамсалтай.
Хэдэн талаасаа хашаа, хайс, автомашины зогсоол, барилга байгууламжаар бүслэгдсэн Чойжин ламын сүм музейн өнөөгийн байдал дэндүү өрөвдөлтэй харагдана. Тэр ч бүү хэл хамгаалалтын бүсдээ хувийн орон сууц бариулж, өнөөх үнэтэй хөх тоосгоор барьсан хашаандаа тулган автомашины төлбөртэй зогсоол бариулаад байгаа музейн удирдлагуудыг ч хардмаар. 105 жилийн түүхтэй соёлын хосгүй үнэтэй өв нь ийм эмгэнэлтэй байдалд орчихоод байхад анхаарал хандуулахгүй байгаа ССАЖЯ-ыг ч шүүмжилмээр.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн их үдийн хэрд бид Чойжин ламын сүм музейг зорилоо. Музейн зүүн талд МАХН-ын байр байдгийг хэн хүнгүй мэдэх биз. Засгийн газрын тогтоолын дагуу бол энэ намын байр хүртэлх газар нь Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд ордог юм байна. Гэтэл автомашинтай иргэд музейн хажуугийн явган хүний зам дээр байнга машинаа тэгнүүлэн байрлуулчихдаг аж. Түүнээс хойшоо чиглэн алхвал ямар ч хамгаалалтгүйгээр өндөр барилга баригдаж байгааг харж болно. Өмнө нь энд "Сити” төв үйл ажиллагаа явуулж байжээ. Харин одоо 14 давхар үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барьж байгаа аж. Түүх, соёлын дурсгалт цогцолборт хамгаалалтын бүс тогтоож, сүр барааг нь дарах барилга барихгүй байх гэсэн хуулийн заалт энд мөрдөгдөхгүй байгаа нь энэ.
XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл, уран барилга, урлахуйн ухааны дахин давтагдашгүй цогцолбор чуулга бүтээлийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. Чойжин ламын сүмийг 1904-1908 онд Их хүрээний уран барималч Омбын удирдлаган дор Монголын 300 гаруй шилдэг урчууд бүтээжээ. БНМАУ-ын Бага хурлын 1941 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн тогтоолоор энэ сүмийг тусгай хамгаалалтад авч, улмаар 1942 оноос эхлэн гадаад, дотоодын томоохон зочид, төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей болгосон түүхтэй. Жилд 15 мянга гаруй хүнд үйлчилдэг энэ музей 20 гаруй ажилтантай. Бид тус музейн захирлын ажлыг орлон гүйцэтгэж байгаа Н.Ангирмаатай уулзаж, музейн эргэнд тойронд баригдаж буй барилгууд болон газрын асуудлаар тодруулга авсан юм.
-Музейн эргэн тойронд өндөр барилгууд сүндэрлэсээр л байна. Бас баруун, хойд, зүүн тал нь тэр чигтээ автомашины төлбөртэй, төлбөргүй зогсоол болон хувирч, эргэн тойрон нь нийтийн бие засах газраас ялгагдахааргүй болжээ. Түүх соёлын өвөө ингэж хамгаалдаг гэж үү?
-2001 оны дөрөвдүгээр сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаар манай музейн хамгаалалтын бүсийг хоёр га байхаар тогтоосон. Эргэн тойронд нь хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Харин 2010 оны гуравдугаар сард музейн кадастрын зургийг гаргуулахад эзэмших газрынх нь хэмжээ 609.7 ам метр буюу зөвхөн гол сүмийн хэмжээтэй болж багассан байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд манай удирдлагууд уйгагүй хөөцөлдсөөр 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон юм.
Одоо манай эзэмшиж байгаа газар дээр "Сити” төв, "Ар монгол трэвэл” ХХК, иргэн Ш.Баярсайханы улаан тоосгон хувийн сууц зэрэг барилгууд байрлаж байна. Мөн "Чоно” ХХК нь 2007 онд музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх нэрийдлээр хамгаалалтын бүсэд машины зогсоол ажиллуулсаар байгаа. Бид энэ асуудлыг шийдвэрлэж, гэрээг цуцлахын тулд шүүхэд хандсан. Мөн "Сити” төвийн барилгын ажлыг зогсоох, иргэн Ш.Баярсайханы улаан тоосгон хувийн орон сууцыг нураалгах зэргийн асуудлаар ч шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа.
Чойжин ламын музейн хамгаалалтын бүс
-2001 онд Засгийн газрын тогтоол гарчихсан байхад 2010 он хүртэл яагаад газар эзэмших гэрчилгээгээ аваагүй юм бэ?
-Энэ асуудлыг сайн мэдэхгүй юм. Тухайн үеийн удирдлагууд, мөн газрын албатай л холбоотой байх. Манай хамгаалалтын бүсийг нэгдсэн мэдээллийн сандаа оруулаагүйгээс дараа нь иргэдэд газар давхар эзэмшүүлж, энэ бүх асуудал эхэлсэн байгаа юм.
-Музейн ойр орчимд өндөр барилга барихыг хориглодог. Мөн барилгын ажлын явцад хэн нэгний санамсаргүй үйл ажиллагаанаас болж 105 жилийн түүхтэй, уран хийцтэй энэ сүм сүйдэх аюултай байна. Харьяа яамандаа энэ талаар хандаж үзсэн үү?
-Бид энэ хамгаалалтын бүс дэх барилга байгууламжийн талаар төрийн болон орон нутгийн олон байгууллагад хандан албан бичиг илгээсэн. Мөн энэ барилгыг бариулж байгаа хүмүүстэй ч холбогдсон. "Сити” төвийн захиргаа, Нийслэлийн өмчийн харилцааны газар, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, НӨХГ-ын орлогч дарга Т.Батдорж, УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Н.Туяа, НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Газрын шинэтгэлийн үндэсний хороо гээд олон байгууллага болон удирдлагуудад нь асуудлаа шийдүүлэхийн тулд албан бичиг илгээсээр байгаа. Эдгээр албан бичгийн заримыг нь ССАЖЯ-нд ч хүргүүлсэн. Яам манай нөхцөл байдлыг мэдэж байгаа. Шүүхэд хандаж асуудлаа шийдүүл гэж зөвлөсөн.
-Одоо шинээр баригдаж байгаа 14 давхар барилга танай хамгаалалтын бүсэд нэвтэрсэн гэсэн. Хэдий хэрийн хэмжээтэй газар давхардаад байгаа юм бэ?
-Засгийн газрын тогтоолыг үл хайхран хамгаалалтын бүсэд давхардуулж газар эзэмшүүлж музейн хамгаалалтын бүсэд 100 ам метр талбай давхардуулан газар эзэмшүүлэх эрх олгоод, дараа нь эзэмшил газрынхаа зориулалтыг өөрчлөн өндөр барилга барих зөвшөөрөл олгосон байна. Энэ шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 31.3, 33.4, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.7, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24.2 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Мөн хамгаалалтын бүсэд баригдсан Ш.Баярсайханы эзэмшлийн улаан тоосгон байшингийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Нийслэлийн Засаг даргын 2000 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 311 тоот захирамжаар энд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хэдий ч хамгаалалтын бүсэд барьсан объектыг буулгах шийдвэр гаргалгүй өдийг хүрсэн.
-"Чоно” ХХК танай хамгаалалтын бүсэд автомашины зогсоол ажиллуулдаг юм байна. Яагаад музейн хамгаалалтын бүс дэх газрыг бусдад ашиглуулах болсон юм бэ?
-"Чоно” ХХК нь музейн эзэмшлийн газарт хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллахаар 2007 оны хоёрдугаар сарын 15-нд гэрээ байгуулсан байна. Музейн тухайн үеийн удирдлагууд болох Х.Пүрэвтогтох, Д.Пүрэвдорж нар харьяалах яамны зөвшөөрөлгүйгээр ийм гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнд нь дуусах хугацаа байхгүйгээс гадна гэрээг цуцлах хүсэлт гаргасан тал нь тус талбайг зогсоол болгон тохижуулсан анхны хөрөнгө оруулалтыг одоогийн зах зээлийн ханшаар төлөхөөр заасан байдаг. Хэт нэг талд ашигтай гэж хэлэхээр энэ гэрээг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаад байгаа. 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хариуцагч талын хүсэлтээр шүүх хурал хойшилсноор 2014 оны дөрөвдүгээр сарын 18-нд (өнөөдөр) дахин товлогдсон гэв.
Төрийн ажил ийм байдлаар л үргэлжилдэг. Тэднийг албан бичиг шидэлцэж,
шүүхийн хаалга татаж явах зуур хууль зөрчсөн барилгуудын тоо нэмэгдэж,
үр хойчдоо үлдээх өв маань "бүслэгдэж” дууслаа. Төрийн байгууллагуудын
уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болж Засгийн газрын тогтоол
хэрэгжилгүй есөн жил болсон байна. Санаатай, санамсаргүйн алин боловч
бид түүх рүүгээ "буу шагайх” эрхгүй. Өв, соёлоо устгаж, үгүй хийсээр
байвал Монголын ирээдүйд бахархал зүйл үлдэхгүй л болов уу.
Ж.СОЛОНГО
http://mongolnews.mn/i/51461
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих