Иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдын 2013 оны төсвийн
багцад тусгагдсан 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан байж
болзошгүй хэмээн үзэж хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан.
Харин Ерөнхий сайд энэ асуудлаар цагдаад гомдол гаргасны дагуу тэдэнд
Эрүүгийн хэрэг үүсгэжээ. Иргэн Б.Энхбаяртай дээрх асуудлын хүрээнд
ярилцлаа. Тэр энэхүү ярилцлагандаа Ерөнхий сайдын багцаас дахин 9.7
тэрбум төгрөгийг нээлттэй тендер зарлалгүй хууль зөрчин зарцуулсан
баримтыг дэлгэж, Ерөнхий сайдыг буруутгасан юм.
-Ерөнхий сайдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн үндэслэлээр танд болон
Т.Сайнжаргалд Эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Тэгэхээр та бүхний
дэлгэсэн баримт худал гэж ойлгож болох уу?
-2013 оны арванэгдүгээр сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гүтгэсэн, тэр дундаа үгсэн хуйвалдаж төсвийн мөнгийг шамшигдуулсан гэж хэлэн нэр төр, алдар хүндэд нь халдлаа гэсэн үндэслэлээр 2013 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад өөрөө гомдол гаргасан байсан. Өргөдөлдөө Эрүүгийн хуулийн 111.2-оор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгөх хүсэлт гаргасантай танилцсан. Цагдаагийн байгууллага шалгаж үзээд зүйл анги нь таарч байна уу гэж зүйлчилж хэрэг үүсгэдэг шүү дээ. Гэтэл Ерөнхий сайд өөрөө зүйлчилчихсэн зүйл ангийг нь заасан өргөдөл өгсөн байгаа юм. Хачирхалтай юм шүү. Өргөдлийн агуулга нь Т.Сайнжаргал, Б.Энхбаяр гэдэг хоёр нөхөр өөрийнх нь төсвийн багцаас "Бумбардай” комикс ном, "Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт зарцуулсан 500 гаруй сая төгрөгийн асуудалтай холбогдуулж өөрийг нь гүтгэсэн гэсэн байсан. Тодруулбал, өргөдөлд "Би монгол хүнийхээ хувьд, Ерөнхий сайдынхаа хувьд монгол хүүхдүүдийг монгол хэл соёлтой болгох гэж сайхан санаа өвөрлөсөн. Тэгсэн намайг ингэж гүтгэлээ” гэсэн байсан. Цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэж байцаалт авсан. Харин дахиж байцаалт аваагүй. Байцаагчид хэлэх ярих зүйлээ бүгдийг нь ярьсан. Тухайн хэргийг нотлох үүрэг сэжигтэнд байдаггүй. Нотлох үүрэг хууль хяналтын байгууллагад л бий. Хууль хяналтын байгууллага бүрэн эрхийнхээ дагуу шалгаж үзээд нэг тийш нь шийдэх байлгүй дээ. Эрүү үүсгэчихээр л айгаад, амаа үдээд сахилгад суучихсан юм шиг болгочихно гэж бодож байгаа бол эндүүрч гээд хэлчихье. Наад арга барилаа тэр айх юмтай хүмүүстээ л хэрэглэ гэмээр байна.
-Ерөнхий сайдын 50 тэрбумтай холбоотой нэлээд олон баримтыг дэлгэж байсныг санаж байна. Баримтуудыг АТГ-т хүргүүлсэн. Гэвч хэргийг хаасан шалтгааны талаар юу гэж тайлбарлах вэ?
-АТГ-аас шалгахгүй гээд прокурорт хандан, Прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргасан. Тогтоол албажиж гарахаас бүр өмнө АТГ-аас хийсэн нэгэн хэвлэлийн хурлынхаа үеэр Ерөнхий сайдад хэрэг үүсгэхээс татгалзсан гэдгээ урьдчилж зарласан байсан. Ямар үндэслэлээр гэсэн чинь "Оюуны өмчтэй зүйлд тендэр зарладаггүй” гэсэн тайлбар хийдэг. Бид тендэр зарлах ёстой зүйл дээр тендэр зарлаагүй байна гэсэн ганцхан асуудлыг хөндөөгүй. Тэр оюуны өмчийн гэрчилгээ гарахаас өмнө Ерөнхий сайд энэ мөнгийг шилжүүлэх захирамж гаргасан байсан. Өөрөөр хэлбэл, шилжүүлэх захирамж шийдвэр гарах үед тухайн бараа оюуны өмчтэй байгаагүй гэсэн үг. Тэгэхээр оюуны өмчтэй зүйлд тендэр зарладаггүй гэсэн Н.Алтанхуягийн болон АТГ-ийнханы тайлбар ганцхан энэ баримтаар л бут няцаагдаж байгаа юм. Ийм тодорхой баримтыг шалгах л ёстой. Харамсалтай нь, бидэнд хариу ирүүлсэн хууль хяналтын байгууллагынхан шинжээч томилоогүй, хуулийнх нь дагуу шалгаж, дүгнэлт гаргасангүй. Бидний өгсөн баримтуудыг худал зохиомол биш, үнэн зөв баримт байна гэдгийг АТГ, Прокурорынхон дурьдсан байгаа юм. Тэгсэн атлаа шалгахаас татгалзаж байна гэсэн ганцхан өгүүлбэртэй. Яг ямар үндэслэлээр яагаад шалгахаас татгалзсан талаар нь тодорхой юм нэг ч байхгүй. Хэрэв оюуны өмчтэй зүйлд тендэр зарладаггүй гэж байгаа бол ядаж ямар хуульд тийм заалт байдгийг нь биччих хэрэгтэй шдээ шалгасан л юм бол.
-Тэгвэл нотлох баримт хангалттай байсаар атал шалгахаас татгалзсан гэж ойлгож болох уу. Магадгүй АТГ эрх баригчдын гарт орсон гэх явган яриаг батлах шиг?
-Би бүхэл бүтэн байгууллагаараа, тэнд шударгаар ажиллаж буй нийт
мөрдөгчдийг тэгж нялзааж буруушаахаас түтгэлзэж байна. Гол нь хуулийн
байгууллага цугларсан нотлох баримтуудыг иж бүрэн цогцоор нь авч үзэн
хараат бусаар шалгаж мухарлах ёстой. Өөрөөр хэлбэл, ямар нэг ажиллагаа
хийх учиртай. Бидний өгсөн 40 хуудас материалын хүрээнд л уншиж
танилцаад хариу өгөхийн бол хуулийн байгууллагад хандаад яах юм. Тэр
баримтуудыг үнэн байна гэчихээд шалгахаас татгалзаж байна гэсэн хариу
авах гэж хуулийн байгууллагад бид хандаагүй. Баримт үнэн эсэхийг,
үнэхээр тэр оюуны өмчид гэрчилгээ авахаас өмнө мөнгө шилжүүлэх захирамж
гарч байгаа нь хуульд нийцэх үү, үгүй юү гэдгийг шалгаж өгөхийг хүссэн
болохоос биш хуулан бичлэг хийгээд хариу өгөөдөх гэж хандаагүй. Хуулийн
байгууллага шалгахаас татгалзаж байгаа нь Н.Алтанхуяг энэ асуудал дээр
ямар нэг байдлаар холбоогүй буруугүй гэж нотолж байгаа эцсийн шийдвэр
биш. Өнгөрсөн 7 хоногт уг асуудлаар шалгахаас татгалзсан Прокурорын
шийдвэрийг эсэргүүцэж, шалгуулах хүсэлтээ Улсын Ерөнхий Прокурор
Д.Дорлигжавт хандан гаргасан. Бид энэ асуудлаар ганцхан Авлигатай тэмцэх
газарт хандаагүй, УИХ-д ч хандсан.
-УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ямар нэгэн хариу өгсөн үү?
-Яагаад УИХ-д хандсан гэхээр улсын төсвийн зарцуулалтанд хууль
тогтоох байгууллага хяналт тавих чиг үүрэгтэй. Төсвийн зарлагын хяналтын
дэд хороо гээд тусгайлсан дэд хороотой. Энэ хороонд өргөдлөө өгөөд
хариугаа аваагүй байна. Ажиллагаа хийж буй гэж ойлгож байгаа. Үндэсний
аудитын газар гэж Засгийн газрын төсвийн зарцуулалтанд хяналт тавьдаг
байгууллага бий. Тэр нь албан ёсоор шалгаж хариугаа өгөөгүй байна. 2013
оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар сонсдог. Улмаар баталдаг. Өөрөөр
хэлбэл, 2013 оны төсөв, бидний тавьсан баримттай холбоотой асуудал
үнэхээр хууль ёсны байсан уу, үгүй юу гэдэг дээр албан ёсны хяналт
шалгалт тавьдаг газрууд иж бүрэн хариугаа өгч дуусаагүй байгаа. Тэгсэн
атал яагаад энэ баримтыг дэлгэсэн хоёр хүн гүтгэсэн болж хувирваа?
Бидний хийсэн хэвлэлийн бага хурлын бүтэн бичлэг олон нийтийн цахим
сүлжээнд нээлттэй байгаа. Юу хэлж, ярьж байсан нь бүгд нээлттэй байгаа.
Ард иргэд төрөө, тэр дундаа татвараар төлсөн мөнгөө юунд зарж буйг
мэдэх, бас хардах, үнэхээр ноцтой сэжиг таамаг байвал сэжиглэх ч эрхтэй.
Бид гарцаагүй үнэн баримтуудыг судалж үзээд үүнд хууль зөрчсөн, гэмт
хэргийн шинжийг агуулсан, үгсэн хуйвалдсан байж болзошгүй баримт байгаа
учир шалгаж өгөх шаардлагатай гэсэн. Энэ сэжиг таамаг одоо ч надад
арилаагүй хэвээр байгаа. Уг нь бид Н.Алтанхуяг гэдэг хувь хүн нь үл
бүтэх нөхөр болох тухай хөндөж яриагүй, Ерөнхий сайдын багцын төсвөөс
тухайн медиа хөтөлбөр болон цуврал номыг санхүүжүүлэх ёсгүй гэдэг зүйл ч
яриагүй юм шдээ. Харин тухайн хоёр ажлыг санхүүжүүлэхдээ төсвийн тухай
хууль, тендерийн тухай хууль, бараа үйлчилгээ худалдан авах зэрэг
хуулиудыг ноцтой зөрчсөн байж магадгүй сэжиг, баримт байгаа тул шалгаж
өгөхийг, иргэдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй мэдээлэхийг л
хүссэн юмсан. Энэ бол гүтгэлгээс өөр асуудал. Гүтгэлэг гэдэг бол хүний
нэр төр, алдар хүндэд санаатайгаар тодорхой сэдлээр, хуурамчаар баримт
бүрдүүлж, эсвэл бодит баримтыг мушгин гуйвуулж, үнэн зүйлийг худал
хэлэхийг хэлдэг. Бид хоёрын тухайд энэ 40 гаруй хуудас баримтад байгаа
нэг ч зүйлийг худлаа болгож яриагүй, яг энд байгаа зүйлийг байгаагаар нь
ярьсан. Эрүүгийн хэрэг надад үүсгэсний дараа би Монгол Улсын энэ зүйл
ангиар шийтгэсэн шүүхийн бүх шийдвэрүүдийг судалж үзлээ. Гэтэл Монголын
түүхэнд хэвлэлийн бага хурал хийснийхээ төлөө шийтгүүлж байсан тохиолдол
байхгүй байна. Төрийн байгууллагад ямар нэг байдлаар өргөдөл гомдол
гаргаад, гаргасных нь төлөө шийтгэж байсан түүх алга. Гүтгэх гэмт
хэргээр ямар тохиолдолд буруутгаж байсан бэ гэвэл худлаа ташаа
мэдээллийг зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, эсвэл өөрөө бичиж
хүний нэр хүндэд халдаж байгаа хэргээр ял хүлээж байсан хүмүүс байна.
Ялангуяа сэтгүүлчид. Түүнээс биш жирийн иргэн хүн хэвлэлийн бага хурал
хийгээд тийм өргөдөл төрийн байгууллагад гомдол гаргаж байна, ийм
асуудал байна, түүнийг шалгаж өгөөч гэснийхээ төлөө яллагдаж байсан
тохиолдол алга. Хэрвээ би энэ хэргээр яллагдвал өөрийгөө улс төрийн
хэрэгтэн гэж үзэх болно. Яагаад гэвэл энэ нь төсвийн хөрөнгийн
зарцуулалтыг шалгуулж, ийм бодитой баримт дэлгэснийхээ төлөө төрийн эрх
мэдэлд байгаа давуу талаа ашиглаж хилс хэрэг үүсгэж байгаа улс төрийн
шинжтэй хэрэг.
-Та Н.Алтанхуяг сайдыг Ерөнхий сайд болсноос нь хойш Үндсэн хуулийн
цэцэд гурван удаа өглөө. Мөн МАН-ын гишүүн, сөрөг хүчний хүн. Энэ
утгаараа Ерөнхий сайдыг өдөөд байгаа юм биш үү?
-Нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Миний хувьд ямар нэгэн
байдлаар Н.Алтанхуяг гэдэг хувь хүнтэй нь холбогдуулж ийм тийм гэж байр
сууриа илэрхийлээгүй. Зөвхөн тэр хүний гаргаж байгаа шийдвэр хууль ёсонд
нийцэж байна уу, үгүй юу, тэр нь Үндсэн хуулийг зөрчсөн байна уу гэдэг
дээр Үндсэн хуульд заагдсан иргэнийхээ эрхийг эдлээд Үндсэн хуулийн цэц
холбогдох шүүх гэсэн байгууллагуудад хандаж, тодорхой шийдвэрүүдийг
гаргуулж байсан. Хууль ёсыг Засаг төр нь мөрдөж ажиллаасай гэсэндээ
Ерөнхий сайдыг болон Засгийн газрын гаргасан цөөнгүй шийдвэрийг Үндсэн
хуулийн цэцэд өгч байсан. Цэцэд 2005 онд ч хандаж маргаанаа өөрийнхөө
талд авч байсан зүйл нэлээн бий. Ерөнхий сайд Н.Алтанхуягын тухайд
"Үндсэн хууль зөрчсөн” гэж миний өргөдлийн дагуу Цэцээс маргаан үүсгэсэн
асуудал өнгөрсөн жил гаруйн хугацаанд гурван удаа болсон явдал бий.
Ерөнхий сайд Цэцийн шийдвэр гарахаас өмнө хууль бус шийдвэрээ хүчингүй
болгосон шүү дээ. Ийм асуудалд Үндсэн хуулиа сахиж ажиллах ёстой төрийн
хүн, тэр тусмаа Засгийн газар тэргүүлж байгаа хүн эмзэглэх биш харин ч
баярлах ёстой байх. "Шийдвэр чинь хууль бус байна” гэж сануулсан,
иргэнийхээ эрхийг эдэлсэн жирийн хэн нэгэн иргэнд албан тушаалын сүр хүч
үзүүлж байгаа нь харамсалтай. Энэ бол тэр хүнийг Үндсэн хууль зөрчихгүй
байхыг нь сануулсан цэвэр хууль зүйн маргаан шүү дээ. Би Н.Алтанхуяг
гэдэг хүнтэй хувь хүнийхээ хувьд муудалцаагүй. Учир нь би тэр хүнийг
биечилж танихгүй, уулзаж хоёр үг ч сольж байгаагүй. Би Н.Алтанхуягтай
биш, түүний шийдвэртэй л маргалдаад байгаа байхгүй юу. Шийдвэртэй нь
маргалдаж байхад нөгөө хүн өөртэй нь маргалдаж байна гэж буруу ойлгоод
байдгиймуу хаашаа юм. Ер нь бол би Н.Алтанхуягт тусалж байгаа хүн шүү
дээ. Ямар нэг байдлаар хууль зөрчсөн асуудалд орохоос нь, хууль зөрчөөд
том асуудалд унахаас нь урьдчилан сэргийлж байна л гэж ойлгох хэрэгтэй.
Германы философич И.Кантын нэг үг байдаг даа. "Өөрийгөө зөгийний
авгалдай болгочихоод дараа нь хүн гишгэчихлээ гэж гомдол гаргасны
хэрэггүй” гэж. Тэрийг л Ерөнхий сайддаа хандаж хэлье дээ.
-Нэг ёсондоо та өөрийгөө хуулийн зөвлөх байдлаар ажилласан гэж хэлэх гээд байна уу?
-Тэр нь ч юу юм бэ. Харин хуулийн манаачийн үүрэг жаахан гүйцэтгэсэн
гэвэл илүү онож болох юм. Энэ чинь болохгүй, Үндсэн хууль зөрчсөн байна
гэхээр нөгөө хүн хүчингүй болгож байна. Тэгэхээр би мань хүнд тусалсан
байгаа биз дээ. Тэр утгаараа би тэр хүнээс "баярлалаа” гэдэг үг л сонсох
эрхтэй болохоос "донгодоод байгаарай” гэсэн тэнэглэсэн үгийн цуглуулга
хүртэх ёсгүй гэж боддог. Эрх баригчид нь ард иргэддээ өөрсдийнхөө албат
мэт хандаж авирлах нь дүүрч гэж бодоход иргэд нь өөрийгөө албат мэтээр
хүлцэн ноомой байх нь ардчилалын хамгийн том аюул. Төр бол нийгмийн
тусын тулд үйлчилж буй шударга ёс гэж үг байдаг. Тийм юм бол тэрхүү
шударга ёс нээлттэй, тунгалаг, хиргүй үлгэр дууриаллаас эхлэх учиртай.
Хэрэв хууль засагласан шударга нийгмийг хүлцэж чадахгүй, мэдэн будилдаг
эрх баригчидтай байх юм бол эрх тэгш, шударга нийгмийн байгууллын тухай
яриа зүгээр л мөрөөдөл төдий зүйл болж хувирна. Тун сайн хуулиуд л
гаргачихвал төр төвхнөчихнө гэж ахархан бодож болохгүй. Тэр хуулийг
хэлбэрэлтгүй биелүүлэхийн төлөө санаа тавьдаг, иргэдийнхээ амьдрал ахуйд
эцэг хүний ёсоор анхаардаг төрийн хүнгүйгээр энэ санаа бүүр ч худал
зүйл болж хувирдаг. Тэр утгаараа 1990 оноос хойш явсан гол үзэл санаа
бол иргэдийнхээ мэдэх эрхийг нь хангадаг байя, татвар төлөгчдийн мөнгө
юунд зарцуулагддагыг мэдүүлдэг байя гэдгийн төлөө л төр нь явж байна.
Ухаалаг төр, шилэн тендэр гэж яриад байна. Энэ бүхэн эцсийн үр дүндээ
таны татварын мөнгийг эргээд ийм юманд зарлаа шүү гэдгийг тайлагнадаг
нээлттэй, харгүй, авлигагүй засагын тухай л үзэл санаа. Н.Алтанхуяг
Ерөнхий сайдын өөрийнх нь яриад байгаа авлигажсан төсөвгүй болгох зүйл
ганцхан Н.Алтанхуягийн чардайх ажил биш. Энэ ажил иргэдийн оролцоог
өргөн хангаснаар, тэдний мэдэх эрхийг элдэв хууль бус шалтаг заан
хязгаарлахгүй байснаар хийх ажил. Манай улсын нэгдэн орсон олон улсын
гэрээ гэж байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт дээр
байгаа: "Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй. Хүн
бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэд төрөл бүрийн
мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар,
бичгээр, эсвэл хэвлэлийн болон уран сайхны аргаар, эсвэл өөрийн болон
бусад аргаар эрж хайх хүлээн авах түгээх эрх чөлөө багтана” гэж заасан
байдаг. Энэ бол манай улсын нэгдэн орсон манай улсын хууль тогтоомжтой
адил үйлчилдэг олон улсын гэрээ байгаа юм. Тиймээс Ерөнхий сайдад юу
хэлэх гэж байна вэ гэвэл угаасаа энэ тендертэй холбоотой асуудлыг муу
нуухаар сайн илчлэх хэрэгтэй. Нуугаад байх тусам хардлага улам бугшаад
байна. Ер нь хардалт, хов жив хаана байдаг вэ гэвэл нууж дарсан,
мэдээллийн хаалттай орон зайд л байдаг. Тэр 50 тэрбумын зарцуулалтаа
иргэддээ дэлгэх хэрэгтэй. Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нарын дэлгэсэн баримт
үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг ард түмэндээ нээлттэй хэлэх
хэрэгтэй. Өөрийн тань захирамж мөн үү, мөнгө шилжүүлсэн баримт чинь
худлаа юм уу, үнэн юм уу гэдгийг ард олондоо хэлчихвэл яасан юм бэ. Муур
хулгана болж тоглоод яах юм бэ.
-Ерөнхий сайдын багцаас "Бумбардай”, "Эх хэлний медиа” хөтөлбөрөөс гадна зөрчилтэй баримт байна уу?
-Бид "Бумбардай”, "Эх хэлний медиа” хөтөлбөр гэсэн хоёр асуудлыг л дэлгэж тавьсан. Ер нь энэ асуудалтай холбогдуулаад 50 тэрбум төгрөгийн багцийн асуудлыг бүхэлд нь шалгах ёстой. Өөрсдөө ард түмэндээ мэдээлэх ёстой. Бид хоёрын хувьд зарим баримтуудыг дэлгэсний үр дүнд Түц машиныг жишээ нь нэгийг нь арван зургаан сая төгрөгөөр авсан гэдгийг, мөн замын цагдаагийн тоног төхөөрөмжийг ямар үнээр авсаныг ард түмэн мэдлээ шүү дээ. Хэрвээ эдгээр баримтыг дэлгээгүй бол мэдэхгүй л байх байсан. Энэ бол улсын нууцад хамаарч байгаа мэдээлэл биш. Төсвийн зарцуулалт юунд зарцуулав гэдгийг л мэдээлж байгаа асуудал. Ер нь энэ дотор судлаад аваад үзвэл хууль хяналтын байгууллагаар лавшруулан шалгах шаардлагатай асуудлууд бас байна. Бид 500 гаруй сая төгрөгийн асуудлыг орхихгүй, дахиж хуулийн байгууллагад хандана. Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандан дахин гомдол сая гаргалаа. Мөн АТГ, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд нөгөө 500 саяас гадна дахин шинээр 9.7 тэрбум төгрөгийг нээлттэй тендергүйгээр зарцуулсан асуудлыг нэмж шалгуулахаар хандана. Тухайлбал 50 тэрбум төгрөгийн багцад байгаа Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн худалдааны битүү төвийн барилгын ажилтай холбоотой асуудлыг шалгуулахаар хандана. Яагаад шалгуулахаар хандаж байгаа вэ гэвэл бас л ээдрээтэй баримтууд байгаа юм. 2013 оны долоодугаар сарын 10-ны өдөр ХААГА 2013/5, 31,102 гэсэн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн худалдааны битүү төвийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан байгаа юм. Энэ гэрээгээр есөн тэрбум 768 сая төгрөгийн ажил гүйцэтгэх тендэрт "Ус орчин” гэдэг компани шалгарсан. Тус компанийн захирал Ж.Батбаяр гэдэг хүн гарын үсэг зурсан, нөгөө талд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг баталсан, доор нь гэрээг төлөөлж ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сайнбилэг, "Ус орчин” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Баярбямба гэдэг хүний гарын үсэг зурсан гэрээ байна. Энэ гэрээний дагуу урьдчилгаа мөнгө болох 1,5 тэрбум төгрөгийг 2013 оны долоодугаар сарын 31-ний өдөр Голомт банкны 1701001479 гэсэн данс руу шилжүүлсэн байгаа юм. Энэ ажлууд нь дуусаад зарим аймгууд битүү захаа хүлээж авч байна. Уг барилга баригдсан нь зөв, буруу гэдэг асуудал энд ярихгүй. Өмнө нь ч бид "Бумбардай” гэсэн ном гаргасан нь буруу гэж ярьж байгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 24.3-т зааснаар нээлттэй тендэр хүлээн авах хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл 80 сая төгрөгнөөс дээш ажил дээр хамгийн багадаа 30 хоногийн хугацаатай тендэр зарлана гэсэн үг. Яагаад 30 хоногийн хугацаа гэж заасан бэ гэвэл нээлттэй, шударга өрсөлдөөний зарчимыг хангаж, тендерт оролцогчдод материалаа бэлдэх, эрх тэгш өрсөлдөх боломж олгох, бэлдэх хугацаа олгож байна гэсэн үг. Энэ хугацаанаас дотогш тендерийг зарлах эрх Монгол улсын ямар ч албан тушаалтанд байхгүй. Гэтэл уг тендэрийг 2013 оны 5 дугаар сарын 31-д зарлаад тендерийн материалыг 6 дугаар сарын 17-д хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн хугацаатай зарласан байна. Тэгэхээр би Ерөнхий сайдаас асуух гээд байна л даа. 9,7 тэрбум төгрөгний өртөгтэй ийм том ажлыг хязгаарлагдмал тендэр гэж зарлаж 15 хоногийн хугацаатай зарлаж болох уу. Ингэж зарлаж, ганцхан компани оролцуулан бараг 10 тэрбумын ажлыг гүйцэтгүүлсэн чинь үнэн үү гэж? 15 хоногийн хугацаанд ямар ч барилгын компани баруун 3 аймагруу газар дээр нь очиж, барилга барих газар, нөхцөл байдлыг судалж, тэгээд тендерт оролцож амжих уу ер нь? Ингэж бодохоор энэ нь анхнаасаа урьдчилан тохирсон ганц компанидаа давуу байдал хууль бусаар олгосон хэрэг бус уу? Намайг баримт дэлгэхээр гүтгэлээ гэдгийн. Тэгвэл одоо би асууж байна. Энэ үнэн үү, худлаа юу гэдэгт тайлбар өгөөч. 500 гаруй сая төгрөгийг тендергүй шийдсэн нь за дүүрч гээд бодоход түүнээс 19 дахин их өртөгтэй мөнгөн дүнтэй энэ ажил дээр 30 хоногийн хугацаатай нээлттэй тендэр зарласан уу гэж асууж байна. Харьцуулалтын аргаар зарладаг тендэрд оруулсан байж болзошгүй гэж хардаж байгаа. Тендэрийн хуулийн 32 дугаар зүйлийн 5-д хязгаарлагдмал тендэр шалгаруулалт гэж байдаг. Энэ нь мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник технологи шаардсан нарийн түвэгтэй бараа ажил үйлчилгээг гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал бол зарладаг тендэр. Гэтэл битүү захын барилгын ажил барьчих олон л компани байгаа байх. Энэ нь өндөр техник, технологи шаардсан нарийн түвэгтэй ажил мөн үү? Тэр байтугай л барилгыг манай барилгачид барьчихдаг болсон цагт шүү дээ. Энэ баримт мэдээллийг нягтлан шалгуулахаар удахгүй мөн хууль хяналтын байгууллагуудад хандана гэж бодож байгаа. Өмнө нь шалгахаас татгалзсан шиг одоо Оюуны өмчтэй энэ тэр гэж шалгахгүй гэсэн хариулт ирүүлэхгүй байх гэж найдаж байна. Шалгуулах асуудал үүгээр ч зогсохгүй гэж бодож байгаа шүү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих