Найман мянганы тэртээгээс улбаалсан түүхтэй буриадуудын гүйцэтгэсэн
үүрэг Монголын болоод дэлхийн түүхтэй нэн салшгүй холбоотой. Эзэн
Чингисийн нагац нар нь буриад гэдэг нь нотолшгүй үнэн агаад зээ нь болох
дэлхийн их хаадууд Ази, Европын соёл, түүхтэй холбоотой болохоор
буриадуудын нүүдэл суудал, үүх түүх энэ орон зайд өрнөдөг ажгуу. Мэдээж
энэ түүхийг судалсан түүхчид, эрдэмтэн мэргэдийн хөдөлмөр, цаг, оюун
ухааныг үнэлж барашгүй. Тэгээд ч миний хувьд энэ өгүүллээр бүгдийг нь
хамруулж бичих зорилт тавьсангүй. Харин сүүлийн 20-иод жилийн хугацаанд
дэлхийн буриадуудын амьдралд тохиолдсон үйл явдал болон Алтаргана
наадмын эргэн тойронд санал бодлоо илэрхийлье.
XXI зууны эхээр дэлхий дээрх нийт буриадын тоо 500 000-аас дээш гарсан
бөгөөд дэлхийн янз бүрийн улс орнууд /Хятад, Казах, Киргиз, Монгол,
Узбек, Украин, баруун европын орнууд болон бусад/ Өвөр Байгалийн
хязгаар, Сибирийн уужим тал нутаг, Эрхүү муж, Буриад Улс зэрэг ОХУ-ын
бүх нутаг /487184/, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэхээн, бүх Хятадын
хэмжээгээр /10 000 гаруй/, Монгол Улсын хойд хилийн дагуух болон бусад
газарт /40620/ … таран суурьшиж байна.
Энэ хугацаанд Агын буриадын үндэсний тойрог, Усть-Ордын буриадын
үндэсний тойрог Оросын холбооны улсын автономит эрхтэй 84 субъектийн нэг
болж саяхан Эрхүү муж, Өвөр Байгалийн Хязгаарт эргэн нэгдэв.
БНХАУ-д амьдардаг буриадууд маань ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн хоёр суманд
амьдарч байснаа нэгдлээ. 90-ээд оны эхээр ОХУ-д ВАРК буюу Бүх буриадын
соёлын эвлэл байгуулагдав. Анхны дарга нь Дугаров Д., Баяртуев,
Султимов, Манжуев Г.Н., эдүгээ Булдаев В.Р. толгойлж байна.
Монголд 90-ээд онд ардын зураач Г.Одон нарын санаачлагаар Буриадын өв
соёлын нийгэмлэг байгуулагдаж ажиллаж байснаа 1993 онд Буриад ардын
соёл, өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх санд буухиагаа хүлээлгэн өгсөн юм.
Энэ санг байгуулах бодол 1993 онд анх надад төрж Г.Одон, Д.Пүрэвдорж,
Д.Жаргалсайхан, Г.Амар, Ч.Гомбо, Г.Батжаргал, Лувсанцэрэн нарын
хүмүүсийг урин залж хуралдсан билээ. Тэгээд Монголд буриадын нэг
байгууллага байя гэж тогтоод Буриадын нийгэмлэгийг татан буулгаж Санд
үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх эрхийг шилжүүлсэн.
Санг санаачлан байгуулсан тул намайг ерөнхийлөгчөөр нь сонгох санал гаргасныг:
-Би өөрөө урлаг соёлд огт холбоогүй, энэ чиглэлээр судалж гавьсан
зүйлгүй, тэгээд ч би инженер тул энэ талын мэдлэг хомс. Харин сангийн
дүрэм боловсруулах, данс нээлгэх, тамга гэрчилгээ авах ажлыг хийе хэмээн
учирлан татгалзсан бөгөөд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин
Д.Пүрэвдорж гуайн нэрийг ерөнхийлөгчид дэвшүүлж, дэд ерөнхийлөгчид Ардын
жүжигчин Д.Жаргалсайхан, гүйцэтгэх захирлаар Г.Батцэрэн, нарийн бичгийн
даргаар Чулуунцэцэг нарыг сонгон томилох санал оруулсаныг хуралд
оролцогсод бүгд дэмжсэн юм.
"Алтаргана-2002” наадамд бэлтгэх үед Буриадын сангийн тэргүүлэгчид болон
40-өөд баавай нар цугларч хуралдсан. Сангийн дэд ерөнхийлөгч
Д.Жаргалсайхан хурлыг нээж үг хэлэхдээ:
- Монголын буриадууд анх удаа гадаад гүрэнд зохион байгуулалттайгаар
"Алтаргана” наадамд оролцох гэж байна. С.Билэгсайхан бид хоёр
"Алтаргана” наадмын олон улсын зохион байгуулах хороо, наадмын бэлтгэх
ажлын комисст монголыг төлөөлж оролцож байгаа. БНХАУ-аас Шинэхэний
буриадууд оролцоно. Шинээр тусгаар тогтносон орнууд, Эрхүү, Улаан-Үүд
зэрэг олон хотоос буриадууд ирэх гэж байна. Эдгээр зочин төлөөлөгчдийн
өмнө монголын буриадууд нэр төртэй, омог бардам оролцох хэрэгтэй байна.
Төрөөс нэг ч мөнгө бидэнд өгөхгүй. Энэ бүхнийг зохион байгуулж чадах хүн
нь Билэгсайхан гэж үзэж байна. Санхүүгийн хувьд чадвартай, АИХ-ын
депутат, УИХ-ын гишүүн байсан хүн бидний сайн төлөөлөл болно гэдэгт
итгэлтэй байна. Иймд түүнийг Сангийн ерөнхийлөгчөөр сонгох санал
дэвшүүлж байна гэсний дараа нилээн удаан хэлэлцээд Д.Пүрэвдорж баавайг
сангийн хүндэт дарга болгон намайг ерөнхийлөгчөөр санал нэгтэй батлав.
Хурлаар баавай нарын зөвлөл байгуулж, тэргүүнээр нь Д.Бямбасүрэн /Монгол
Улсын Ерөнхий сайд асан/ баавайг сонголоо. Авжаа нарын зөвлөлийг томилж
тэргүүнээр нь Н.Хандам авжааг, нарийн бичгийн даргаар УДБАТ-ын гоцлол
дуучин Д.Долгормааг сонгов.
2002 оноос манай Сан идэвхитэй ажиллаж гадаад харилцаагаа өргөжүүлж
дэлхийн буриадуудын дунд нэр хүндтэй болж зохих байр сууриа эзэлж
чадлаа. Энэ хугацаанд манай Сангийн дэмжлэгээр ОХУ-ын Буриад Улсын ардын
жүжигчин цолоор 2 хүн, төрөл бүрийн салбарын гавъяат цолоор 40-өөд хүн,
Буриад Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, бусад районы өргөмжлөл, баярын
бичгээр 30-аад хүн, Усть-Ордын буриадын автономит тойргийн гавъяат
цолоор 28 хүн, Эрхүү муж, Усть-Ордын тойргийн баярын бичгээр 30-аад хүн,
Агын буриадын автономит тойргийн гавъяатаар 10 гаруй хүн, өргөмжлөл,
баярын бичгээр 10 гаруй хүн тус тус шагнагдлаа. Жил бүр зохион
байгуулагддаг Монгол үндэсний хувцасны тэмцээнд идэвхитэй оролцож 14
мөнгөн аяга, өргөмжлөл, тусгай шагналаар шагнагдав. Алтаргана наадамд
амжилттай оролцсон алт, мөнгө, хүрэл медаль, тусгай шагнал хүртсэн хүний
тоо олноор тоологдоно.
Манай Сангийн өргөмжлөл, Энх тайван, найрамдлын нийгэмлэгүүдийн монголын
холбоо, Монголын урлагийн ажилтны холбоо гэх зэрэг урлаг соёлын
холбоод, Хүүхдийн байгууллагын шагналаар өөрийн орны болон дэлхийн олон
орны 400-аад хүнийг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Ардын
боловсролын тэргүүний ажилтан, Ардын авъяастан, БСШУЯ болон бусад яам,
Засгийн газрын шагналаар гадна дотны олон арван хүнийг тодорхойлон
шагнууллаа. Манай Сантай идэвхитэй хамтран ажилладаг, Алтаргана наадмыг
дэмждэг, Монгол-Оросын харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавъяаг нь үнэлж
Монгол Улсын төр олон арван хүнийг Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт
медаль, Найрамдал медаль, 800 жилийн ойн медаль, Засгийн газрын жуухаар
шагнасан байна. Манай сангийн гишүүдээс Монгол Улсын баатар, Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар 2 төрж олон арван хүн Монгол Улсын гавъяат
цолоор энэ хугацаанд шагнагджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
"Монголчууд бие биенээ дэмжих хэрэгтэй” гэж байнга ярьдаг. Үнэхээр
буриадууд бид санаа нэгдэн бие биенээ дэмжин ямар их амжилтанд хүрч
болохыг "Алтаргана” наадмын хөдөлгөөн харуулав бус уу.
Бие биенээ дэмжих аргаа олохгүй, уулзаж учирч чадахгүй байсан бид нэгдэж
өв соёлоо хөгжүүлж, бие биенээсээ сурч судлах боломжийг Алтаргана
хөдөлгөөн авчирсан бус уу.
Алтаргана хөдөлгөөн бол буриад соёл урлаг, өв уламжлалыг жил ирэх тутам
баяжуулж Монголын далай их соёлыг хөгжүүлэх үйлсэд оруулж буй буриад
түмний том хувь нэмэр юм.
"Алтаргана” наадам ардын дипломатыг хөгжүүлж, улс хоорондын итгэлцлийг
үлгэрлэн бий болгож, хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг
шинэ шатанд гаргасан үйл явдал болжээ.
Алтаргана хөдөлгөөн анхнаасаа ард түмний дундаас "захиалгаар” үүсэн
гарч, жирийн иргэд хоорондын харилцааг тогтоож, орон орны хүмүүсийн
харилцан ойлголцол, түншлэл, найз нөхөрлөлийг бий болгож байна.
Алтаргана хөдөлгөөнийг ОХУ дэмждэг, учир нь хил хоорондын харилцаа, хоёр
орны сайн хөршийн түншлэлийг шинэ түвшинд гаргасан билээ.
Дэлхийн олон оронд амьдарч буй буриад түмний "Алтаргана” наадам нь
буриад түмний төдийгүй монгол туургатны хүсэн хүлээдэг олон улсын
хэмжээний хил хязгааргүй, Монголоо гэсэн хөдөлгөөн болж чадлаа. Энэ нь
монголын ард түмэн дэлхийн глобалчлалд өөрийн гэсэн өв уламжлал, хэл
соёлоо нэр төртэйгээр авч ороход тодорхой хувь нэмэр оруулах нь
дамжиггүй.
Хөрөнгө хүч бололцоо хомс үед ч "Алтаргана” наадмыг зохион байгуулж
ирлээ. Иргэд сум сумаас гэрээ ачаад хүнсээ бэлдээд ирнэ, эсвэл майхны
хотхонд /Ага, Улаан-Үүд, Чойбалсан, Эрхүүд/ байрлана. Тэдэнд төрөөс дэд
бүтцийг нь бэлтгэж өгнө, хоол унд, ойр зуурын үйлчилгээ, эрчим хүчээр
хангана. Мөнгөтэй нэг нь зочид буудалд, дунд зэрэг нь оюутны байранд,
бололцоо муутай нь майхны хотхонд байрлах агаад тэдний хувьд гол нь
оролцоо юм.
Төрийн бус байгууллагын тухай хууль гарснаар манай Сан шинэчлэгдэн
Буриад соёл, өв уламжлалыг хөгжүүлэх сан нэртэй боллоо. Мэдээж буриад
соёл, өв уламжлал сэргээгдсэн учир цаашид хөгжүүлэх зорилт тавигдаж
байна. Мөн буриад судлалын академи байгуулсан нь буриадуудын угсаа
гарвал, үүсэл, түүх судлалд онцгой үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Буриадуудынхаа ирээдүйд санаа зовсон бүхэн 1993 онд Төв аймаг,
Багануурын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан буриад дуу,
бүжгийн "Улаалзай” наадмыг дэмжиж манай сангийн анхны гүйцэтгэх захирал
Г.Батцэрэн идэвхтэй оролцон зохион байгуулалцаж байжээ. 1994 оны 6
дугаар сарын 12-13-нд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Балдандорж, Тамгын
газрын соёлын газрын ажилтан Б.Мөнхжаргал, Дадал сумын Засаг дарга
Г.Доржсүрэн нарын санаачлагаар анхны "Алтаргана” наадам Их Чингис хааны
унасан газар, угаасан ус Дадал суманд болж өнгөрсөн. Үүнийгээ ч дээрх
эрхэмүүд Оюуны өмчийн газрын 8597 тоот гэрчилгээгээр баталгаажуулжээ.
1994 онд Монгол Улсын Соёлын яам удирдамж гарган дэмжжээ.
1996 онд Биндэр суманд зохион байгуулсан "Алтаргана” наадамд Агын
буриадын Автономит тойргийн соёлын газрын дарга Цыдендоржиев Р.Ц.
/цаашид зохиогдсон бүх "Алтаргана” наадамд биечлэн оролцсон/тэргүүтэй
анхны гадаадын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Харин 1998 онд Батширээт
суманд зохион байгуулагдсан наадамд Ардын жүжигчин, Буриад ардын өв
уламжлалыг сэргээн хөгжүүлэх сангийн дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
хүндэт зочноор оролцож түүний санаачлагаар түүний төрсөн нутаг Дорнод
аймгийн Дашбалбар суманд "Алтаргана- 2000” наадмыг зохион байгуулахаар
тогтжээ.
Батширээт суманд зохион байгуулсан наадмыг Хэнтий аймгийн Засаг даргын
орлогч Жаргалсайхан хариуцан ажиллаж, Дашбалбар суманд зохион
байгуулагдсан Алтаргана наадмыг Дорнод аймгийн Засаг даргын орлогч
Д.Баатархуяг, сумын Засаг дарга Алтанцэцэг, Дашбалбар сумын Улаанбаатар
дахь нутгийн зөвлөлийн дарга Л.Дамдинжав нар идэвхитэй оролцож байсныг
тодхон санаж байна. Учир нь би Засгийн газрын тогтоол гаргуулахад УИХ-ын
гишүүний хувьд дэмжиж ажилласан. Зохион байгуулах хороонд Их засаг Их
сургуулийн захирал Н.Ням-Осор, Ардын багш Б.Цэрэндорж нар орж байжээ.
Мөн Дашбалбарт анхны гадаадын албан ёсны төлөөлөгч ирсэн бөгөөд тэд нь
Агын Буриадын Автономит тойргийн Думын дарга Д.Дугаров, ВАРК-ийн дарга
Д.Дугаров Буриадыг төлөөлж ирсэн. ЗХУ-ын Ардын жүжигчин Ким Базарсадаев
мөн зохиолч Ц.Жимбиев, Буриад Улсын Засгийн газрын төлөөлөгчийн газрын
тэргүүн Г.Н.Манжуев нар оролцжээ. 128 бөх барилдаж, зөвхөн дуулаачийн
уралдаанд 200-аад хүн өрсөлджээ.
Ийнхүү түүхэн шалтгаанаар салан тусгаарлагдаж хэдэн гүрэн дамжин
тархсан, хэлмэгдэж, өнчрөл хагацал, үгүйрэл хоосрол, доромжлол цөхрөл,
гуниг гутрал, баяр жаргал, омгорхол бахархал бүхнийг үзэж түүхийн
нугачааг даван туулсан оюунлаг, авъяаслаг, ажилсаг буриад зон өөрийн
үндэс угсааны чухам ийм л баяр цэнгэлийг урт хугацаанд хүсэн хүлээж
байсан мэт нүдэндээ баярын нулимастай, цээжэндээ баяртай уухайлан
дэмжиж, уянгалуулан түрж авлаа.
Агад болсон 5 дахь "Алтаргана-2002” наадамд БНХАУ-аас зочид төлөөлөгчид
оролцсоноор гурван гүрний хэмжээнд зохион байгуулагддаг болсон. Тав дахь
Алтаргана наадамд ОХУ-ын гурван субъект болох Буриад Улс, Усть-Орда,
Ага, Эрхүү, Чита муж, Москва болон бусад хотоос ирж оролцжээ. Агын
Буриадын автономит тойргийн гулбаа Б.Б.Жамсуев наадмыг нээж хэлэхдээ
"Алтаргана наадам бол ахмад үеэ хүндэтгэсэн, өвөг дээдсээ дурссан, уг
гарвал руугаа хандсан үйл явц юм. Ариун Алхана, домогт Ононы эрүүлжүүлэх
анхилуун агаар, хамгийн гол нь Агийнханы маань халуун дотно, зочломтгой
зан чанар Та бүхэнд амжилт авчрах болтугай” гэж ерөөжээ. Наадмын нээлт
дээр Барга баатар Өөлүдэй, Буриадай, Хоридэй мэргэн гэсэн 3 хүү төрүүлж
буйг, тэдгээрээс буриадын бүх омог овог үүссэнийг үзүүлэн жавхлан
төгөлдөр, омог бардам сайхан нээлтийн арга хэмжээ болсон.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Н.Цанжидын мэндчилгээг уншин, эцэг өвгөдийн маань ариун дагшин, сүр
сүлд, сүнс оршин байдаг энэ сайхан газар ирж, тэд маань баярлаж байгаа
гэдэгт үнэхээр итгэлтэй тул Та бүхэндээ Улаанбаатарчууд болон
БАӨУСХСангийн нэрийн өмнөөс баярын мэнд хүргэж амжилт хүсч, эрүүл энх,
сайн сайхан бүхнийг миний бие ерөөсөн билээ. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын
намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ян Цза Мин, Буриадын соёлын
сайд Е. Раднаева, Усть-Ордын автономит тойргийн орлогч дарга В.Павлов,
Чита мужийн губернатор Р.Генейтуллин нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлсэн.
Алтарганыхаа тугийг мандуулж ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн думын
гишүүн Иосиф Кобзон, МУ-ын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, ЗХУ-ын Ардын
жүжигчин Ким Базарсадаев, ДБАТ-ын гоцлол дуучин Д.Долгормаа нар дуулж,
ёохор хатиран наадам үргэлжилсэн.
Манай төлөөлөгчдийг Агынхан шөнө дөл хүртэл хүлээн угтаж авсан ба
хамгийн түрүүнд "Улсын цолтой бөх авчирсан уу?” гэж надаас асуухад
"авчраагүй” гэсэнд тайвшраад бусад сонин хуучилж билээ. Харин миний авч
очсон бөх Цогзолдорж наадмын түрүүг авсан юм.
"Алтаргана” наадмыг бэлтгэх ажил анх Агад цэгцэрсэн гэж хэлж болно. Олон
ч төрлийн тэмцээнтэй, төрөл болгон өөрийн журамтай болсон. Бүгд нийлээд
нэгдсэн дүрэмтэй болсон. Монголоос ардын жүжигчин Д.Жаргалсайхан бид
хоёр зохион байгуулах комиссын хуралд орж санаагаа нэмэрлэж явлаа. Энд
боловсруулсан дүрэм, журмыг үндэслэн Чойбалсан, Улаан-Үд, Эрхүү хотод
болсон "Алтаргана” наадмуудын хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөг гаргаж байсан /Улаанбаатар хотод болох Алтаргана наадмын
хөтөлбөрийг хавсаргав/. Агын "Алтаргана” наадмаас эхлэн манай Сан
наадмын тэмцээний төрлүүдэд зохион байгуулалттайгаар оролцож ирсэн.
Зургаа дахь "Алтаргана” наадам 2004 оны 6 дугаар сарын 23-25-ны хооронд
Чойбалсан хотод болов. ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга
А.Лубсанов, Соёлын сайд Прокофьев, Улаан-Үд хотын орлогч дарга Ян, Чита
мужийн Думын дарга А.Эпов, Агын Буриадын Автономит тойргийн гулбаа
Б.Б.Жамсуев, Думын дарга Д.Дугаров, Усть-Ордын Боханы районы дарга
Н.Суборов нар наадамд хүрэлцэн ирсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр
аймгийн Эвенк, Алтанэмээл, Мөнгөн сумдаас зочид ирэв. Шинэхээний
төлөөлөгчдийг Дашжамц тэргүүлж, Монголын 8 аймгаас төлөөлөгчид ирсэнээс
Улаанбаатар хотын төлөөлөгчдийг манай сан төлөөлж, Агаас 256 хүн,
Буриадаас 130 хүн ирсэн. Алтаргана наадамд бэлтгэх комиссыг Засаг дарга
Д.Одбаяр ахалсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын ивээл дор
болж БСШУЯ санхүүжүүлсэн.
Долоо дахь "Алтаргана” наадам 2006 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон. Энэ наадам нь газар газраас ирсэн 6000
буриадуудын амьдралд мартагдашгүй сонин содон үйл явдал дүүрэн дурсамж
үлдээсэн. Монголоос гэхэд 600-аад хүн, Агаас 550 хүн оролцсон. Москва,
Санкт-Петербург, Новосибирск, Томск, Омск, Красноярск, Чита, Тува, Якут,
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Монгол, Казахстан, Ага, Усть-Ордоос олон
зочин төлөөлөгчид ирсэн. Монголоос Архангай, Өвөрхангай, Булган, Дархан
Уул, Дорнод, Хэнтий, Төв, Орхон, Хөвсгөл, Сэлэнгээс зочин төлөөлөгчид
ирсэн бөгөөд тэдгээрийг УИХ-ын орлогч дарга Д.Лүндээжанцан ахалж наадмын
нээлт дээр үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ж.Батхуяг, М.Зоригт, Д.Арвин нар
оролцов. Наадмыг нээж Буриадын Ерөнхийлөгч Л.Потапов, ОХУ-ын
Ерөнхийлөгчийн Сибирийн Холбооны тойргийн биет төлөөлөгчийн орлогч
В.Халанов, ӨМӨЗО-ны Засгийн ордны орлогч дарга Улаан нар үг хэлсний
дараа Монгол Улс, БНХАУ, Чита, Эрхүү муж, Агын Буриадын тойргоос ирсэн
төлөөлөгчдөөс нэг нэг хүн наадмын тугийг өргөн мандуулсаны дотор надад
Монголыг төлөөлөх завшаан тохиолдсон. ЗХУ-ын Ардын жүжигчин
Г.Шойдогбаева "Алтаргана” гэдэг сүлд дуу дуулж Буриад түмний үүсэл
гарвалын тухай театрчилсан тоглолт болсон. "Алтаргана-2006” наадмын
хүрээнд "Өнөөгийн нөхцөлд буриад соёл, үндэсний спортыг хадгалах,
хөгжүүлэх сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж ОХУ,
Монгол, АНУ, Хятад, Австриас эрдэмтэд ирж оролцсон. Улаан-Үдэд зохион
байгуулсан "Алтаргана” наадмыг зохион байгуулах бэлтгэл ажилд монголын
талаас БАӨУХС-ийн тэргүүний хувьд би, мөн Монгол улс дахь Буриад улсын
ЗГ-ын төлөөлөгчийн газрын дарга Атанов Н.И. голчлон оролцсон.
Найм дахь "Алтаргана” наадам Эрхүү хотод болж Монгол, Хятад, Япон,
Солонгос, Канад, Франц, АНУ, Австрали, Москва, Санкт-Петербург,
Новосибирск, Томск, Омск, Красноярск, Чита, Тува, Якут, Казахстан, Ага,
Усть-Орда зэрэг тусгаар тогтносон улсуудын нийслэлээс зочин төлөөлөгчид
оролцсон. Монголын 1200 төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын
гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг ахалсан билээ. Наадмын урд
өдөр буюу 7 дугаар сарын 2-ны өдөр Ольхон арал дээр Чингисийн 29 үеийн
угийг тахих тайлган болж өдөр нь цагаан талын бөө, удган нар, шөнө нь
харын талын бөө нар тахилга үйлдсэн. Олон арван жил гомдож голхорсон
сэтгэлээ тайтгаруулж, хэлмэгдсэн дээдэстээ хүндлэл үзүүлж, монголчуудын
ариун онгон, гал голомт болох Ольхон арлаа тахиж газар газартаа
монголчууд, буриадууд сайн ажиллаж сайхан амьдарч, хүсэн хүлээсэн
мөрөөдөл биелж байхыг тэнгэр бурхандаа залбиран мөргөж үеийн үед үр
хойчиг маань харж явахыг хүссэн. Бидний хүсэлтийг хүлээн авсан тэнгэр
хураа хайрлаж Алтаргана наадмаа өнгөтэй өөдтэй эхэлсэн. Эрхүү хотод
болсон "Алтаргана” наадмын бэлтгэл ажилд монголын талаас сангийн тэргүүн
миний бие, сангийн тэргүүлэгч гишүүн Р.Будханд нар голлон оролцсон.
"Алтаргана-2008” наадмын онцлог нь Эрхүү муж, Эрхүү хотынхонд буриадын
соёлыг танилцуулах зорилго тавьсан. Ийм ч учраас Ангарск, Шелохов,
Усть-Орда, Ольхон район, Черемушки тосгонд наадмын тэмцээний төрлүүдийг
тараан зохион байгуулсан. ОХУ-ын төрийн хэл нь орос хэл учраас арга
хэмжээнүүд орос хэлээр, заримдаа буриад орчуулгатай явагдсан. Бид үүнийг
зөвөөр ойлгож хүлээж авсан.
Нөгөө талаас зөвхөн монголын буриад сумдуудад зохион байгуулна гэвэл бас
л учир дутагдалтай. Жалаг довондоо жаргаж, Д.Нацагдоржийн "Хуучин хүү”
лугаа үлдэх вий. Эрхүүгийн "Алтаргана” наадамд олон газраас ирсэн хүмүүс
голдуу тэнд амьдардаг буриадууд байсан. "Алтаргана” наадмын зорилго нь
буриадын соёлыг түгээн дэлгэрүүлэх юм. Иймд яагаад орос хүн буриадаар
дуулж болохгүй гэж, яагаад казах бүсгүй ёохор хатирч буриадаар шүлэг
уншиж болохгүй гэж, америк бусгүй яагаад буриадаар туйл хайлж, бөөлж
болохгүй гэж … Аливаа соёл түгэн дэлгэрснээрээ оршин тогтнодог билээ.
Гэтэл солонгосын олон ангит киног өдөр болгон бүх сувгаар үзэж болдог
хирнээ буриадын соёлыг дэмжигчдийн хүрээг тэлэхэд дургүйцдаг хүмүүсийг
ойлгоход нэн бэрх. "Алтаргана” наадмын дүрэм буриад соёл, өв уламжлалыг
хөгжүүлэхэд чиглэгдсэн. Энэ дүрэм, салбар журмыг зөвшөөрч оролцож буй
хэнбугайг ч бид дэмжин хамруулах ёстой.
Дэлхийн буриадууд ирж байж харилцан ойлголцол үүснэ, хагацсан садан
төрлүүд уулзаж нөхөрлөл үүсдэгийг Алтарганы түүх бидэнд бодитой
харууллаа. Алтаргана наадмын бэлтгэл ажил маш их хүч хөдөлмөр
зарцуулдаг, идэвхи санаачлага шаарддаг нарийн төвөгтэй үйл явц билээ.
Үүнийг Эрхүү болон Улаанбаатар хотын наадмын бэлтгэл ажлаас харж болно. …
Ер нь Алтаргана болгон өөрийн идэвхитэй зохион байгуулагчтай,
санаачлагчтай гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Иймд тэр хүмүүсийн
бүтээлч санаачлагаар юу хийгдсэн тухай бичүүлж, яриулж авбал "Алтаргана”
наадмын үнэн түүх гарах ёстой. Наадмын Олон улсын зохион байгуулах
хороо бодит туслалцаа үзүүлсэний дагуу Эрхүү мужийн удирдлага
"Алтаргана” наадмыг зохион байгуулах зорилгоор "Центр сохранения
бурятского этноса” төрийн байгууллага байгуулж даргаар нь Амагзаевыг
томилсон.
"Алтаргана” наадам олон улсын хөдөлгөөн аль хэдийнээ болжээ. Олон гүрний
буриадууд "Алтаргана” наадмаа ямархан болох нь вэ хэмээн сэтгэлээсээ
санаа зовж битүүхэндээ 2 жилийн турш бэлтгэн олон орны анд нөхдүүд,
төрөл садантайгаа уулзан учрах мөч, наадмынхаа нээлтийг тэсч ядан
хүлээдэг болж дээ.
Алтаргана-2008 оны буухиаг буюу тугийг Эрхүү мужийн дэд дарга
Параничеваас хүлээн авахдаа цэнгэлдэх хүрээлэн дүүрэн байгаа зочид
төлөөлөгч, оролцогч, үзэгчид нийлээд 20 000 гаруй хүмүүст хандан 2
жилийн дараа "Улаанбаатарт тухтай уулзацгаая” хэмээн орос, монгол,
буриад хэл дээр үг хэлсэн минь тодхон байна. Энэ үед индэр дээр цугтаа
байсан Буриадын Засгийн газрын орлогч дарга Б.Г. Бальжиров орос,
монголоор ярихад шууд орчуулга хийсэн. Ийнхүү ОХУ-ын Буриад Улсын
төлөөлөгчид манай УИХ, ЗГ-ын түвшинд хэд хэдэн уулзалт зохион байгуулж
Алтаргана-2010 наадмын тухай хэлэлцэн тохиролцсоныг уулзалтын
тэмдэглэлүүдээс харж болно. Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын
Парламентын бүлэг Буриад Улсад айлчлахдаа тэдгээрийг бататгав. Буриад
Улсын Ерөнхийлөгч В.В.Наговицын, БУ-ын АХ-ын дарга Гершевич, орлогч
дарга Батуев, Байнгын хороон дарга Булдаев, Эрилдеев, Буриадын ЗГ-ын
нэгдүгээр орлогч И.М.Егоров, ЗГ-ын орлогч дарга Б.Г.Бальжиров, Соёлын
сайд Цыбиков нар манайд удаа дараа айлчлан ирж Алтарганы асуудлыг
хэлэлцэн "Алтаргана-2010” наадам бодит болоход тусаллаа. 2009 оны 5
дугаар сард олон улсын "Алтаргана” наадмыг зохион байгуулах олон улсын
хороо хуралдаж тэргүүнээр нь МУ-ын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг,
орлогч даргаар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ганболд, нарийн бичгийн
даргаар намайг сонгосон /Гишүүдийн нэрсийг хавсаргав/. Олон улсын зохион
байгуулах хорооны хуралд Буриадын Ардын Хурлын орлогч дарга Батуев,
Байнгын хорооны дарга Булдаев, Агын үндэсний тойргоос Цыдендоржиев, Баир
Цыренович, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгаас Дашдорж, түүнчлэн ОХУ-ын
ЭСЯ-ны зөвлөх Р.Ракшаев, соёлын атташе О.Ракшаева, мөн БНХАУ-ын ЭСЯ-ны
зөвлөх оролцжээ. Зохион байгуулах хурлаар "Алтаргана-2010” наадмыг
зохион байгуулах олон улсын хороог байгуулж, наадмын товыг зарлан, лого
болон дүрэм, хөтөлбөрийг урьдчилсан байдлаар хэлэлцэж баталсан билээ.
Олон улсын зохион байгуулах хорооны өгсөн чиглэлийн дагуу манай сан энэ
хугацаанд нилээн олон ажил амжууллаа. 2009 оны 5, 8 дугаар сард 2 удаа
БСШУЯ-нд хандсан хэдий ч 2010 оны 10 дугаар сард Сангийн яамнаас УИХ-д
өргөн мэдүүлсэн багцлагдсан улсын төсөвт Алтарганы талаар үг үсэг
байсангүй.
Яаравчлан Ерөнхийлөгч, УИХ, УИХ-ын бүх гишүүд, Засгийн газар, ЗГ-ын бүх гишүүд
болон Улаанбаатар хотын ИТХ, Нийслэлийн захирагчийн нэр дээр дэмжлэг
хүссэн албан тоот, "Алтаргана” наадмын дүрэм, төсөв, төсөл, тооцоо,
судалгаа, хөтөлбөр зэрэг тус бүр 30 хуудас материалыг ойролцоогоор 130
гаруй хүнд явуулж, 200–гаад хүнтэй уулзсан байна. ЗГ-ын тэргүүн шадар
сайд Н.Алтанхуягтай 10 дугаар сард уулзан наадмын тухай танилцуулахад
тэрээр дэмжин 200-аас дээш сая төгрөг олгохгүй, БСШУЯ-ны сайдтай уулзаж
энэ гаргаж болох мөнгөний хүрээнд төсөв боловсруулж оруулж ир гэсэн
үүрэг өгөв. УИХ-д 221 сая төгрөгний төсөв хийж хоёр бүлэгт танилцуулан
дэмжлэг авсаны эцэст Монгол Улсын Их Хурал "Алтаргана” наадмын төсвийг
баталсан. Ийнхүү УИХ-ны гишүүд, МАХН, АН-ын бүлэг "Алтаргана” наадмыг
дэмжсэнд бид бүхэн гүнээ талархаж явдаг.
Буриад соёл, өв уламжлалыг
хөгжүүлэх сангийн ерөнхийлөгч
С.Билигсайхан