Ойрын өдрүүдэд Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн тухай ярьцгааж байна. Тэгвэл энэ хүний тухай яригдаад байгаа үнэн худал нь үл мэдэгдэх зүйлүүд хийгээд Л.Гансүх хэмээх нэгэн монгол эр хүнийг бид хэр сайн мэддэг юм бол. Тэгвэл төрийн өндөр албыг хэдэнтээ хашиж явсан энэ эрхмийн тухай цухас өгүүлэх нь зөв байх.
НАМТАР
Тэрбээр дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1963 оны хоёрдугаар сарын 3-нд төрсөн аж. 1980 онд Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн тэрбээр 1985 онд Политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр, 2000 онд МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэсэн, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж. Эхнэр, гурван охины хамт амьдардаг, орос, англи хэлтэй түүний ажил хөдөлмерийн гараа Цэргийн нэгдсэн дээд сургууль, Политехникийн дээд сургуульд багшилснаар эхэлж удалгүй "Өгөөж импэкс" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байснаар өрнөж байж.
Түүний улс терийн карьер 1998-2000 онд Монголын Социал-демократ намын Мэдээлэл, сурталчилгаа, судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байх үеэс эхэлсэн бөгөөд 2000-2003 онд "Залуу лидер" клубийн ерөнхийлөгч, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтангадас" фракцийн хүн гэгддэг тэрбээр 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 2008 онд хэсэгхэн хугацаанд УИХ дахь АН-ын зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2008-2012 онд Дархан-Уул аймгаас УИХ-д дахин сонгогдсон, 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2012 оноос Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
ХЭРЭГТ ХЭРХЭН "ХОЛБОГДОВ"
2012 оноос Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Шинэчлэлийн Засгийн газрын "Нүүрс" хөтөлбөрийг ахалж байхдаа Багануур хувьцаат компаниас тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн ч 80 мянган төгрөгөөр борлуулж 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан. Тендер зарлалгүйгээр "Эм Жи Эл Эс Би" компанийг охиныхоо нэр дээр байгуулж энэ хөтөлбөрт оруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Өдгөө түүний мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 166.2, 150.3-т зааснаар "Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлээд байна.
СААР МЭДЭЭ БУЮУ "ШОНХОР"-ЫН САЙД
Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа 2009 онд барих шонхорын тоон дээр 2010 онд барих тоог нэмж "Арабууд Монголоос 2009 онд авах шонхорынхоо тоог чамласан учир энэ жил тэдэнд бариулах шонхорын тоог 60-аар нэмэгдүүлж 300 болгоно" гэсэн тухай асууддыг Засгийн газарт дахин дахин оруулж 2009 оны долоодугаар сарын 22-ны өдрийн 221 дүтээр тогтоол гаргуулж байжээ. Гэтэл ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн шувуу судлаач эрдэмтэд шонхорын хэвийн өсөлт үржилт, тоо толгойд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр жилд бариулж болох тоо нь 50 хүртэл гэж тооцсон байдаг. Түүний гаргуулсан энэхүү шийдвэр нь тухайн үедээ олон улсын байгууллагын хоригийг зөрчиж түр хугцаагаар цуцлуулсан байдаг юм. Үүнээс үүдэн тэрбээр "Шонхор"-ын сайд буюу "Шонхор" Гансүх болсон түүхтэй.
САЙН МЭДЭЭ БА "САЙН ЗАЛУУ"
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтангадас" фракцийн хүн гэгддэг түүнийг нөхөд нь 2000 оноос улс төрд орж ирсэн гэдэг. Гэхдээ түүнийг мэдлэг боловсрол сайтай, эхэлсэн ажлаа дуусгадаг, эрхэлсэн ажилдаа эзэн болж чаддаг гэх үгс байнга дагаж явдаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүний тухай "Л.Гансүх бол хуулиа сайн мэддэг хүн" хэмээн хэлсэн удаатай. Энэ нь тухайн үедээ "Ардчиллын төлөө АН-ын туган дор мөр зэрэгцэн зүтгэж яваа журмын нөхдийн хувьд тэд бие биеэ сайн мэднэ. Улсын Ерөнхийлөгч том бага ямар ч асуудлаар сул, санамсаргүй үг унагах учиргүй..." гэсэн яриа гарч байсан. Аль ч фракцийнхан нь түүнийг "Сайн залуу" гэж үнэлдэг юм билээ.
Л.ГАНСҮХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ
Тэрбээр Цагдан хорих төвд 90 гаруй хоног саатуулагдахдаа 10 гаруй хоног өлсгөлөн зарласан. Ингэснээс үүдэн хоол тэжээлийн дутагдалд орж биеийн бүх эд эрхтэн нь муудаж эхэлсэн байна. Бөөрний архаг үрэвсэлтэй байсан тул хоригдох хугацаанд нь бөөрнийх нь бүх үзүүлэлт нь муудсан аж. Мөн элэг муудсан бөгөөд огт өвдөж байгаагүй, ямар ч вирусгүй байсан ч элэгний церрозтой болсон байна. Түүнчлэн зүрхэнд нь өөрчлөлт гарч, хэм алдагдаж, цөсний өрөвсөлтэй болсон тёдийгүй нүдний хараанд нь ч өөрчлөлттэй болсон байна.
С.ТУУЛ
СЭТГҮҮЛЧ /УЛСТӨРИЙН ТОЙМ/