УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулиуд, дагалдан өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлав.
Мөн 2016 оны мөнгөний бодлогыг баталснаар ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээж байгаа юм. Одоогийн эдийн засгийн байдал ирэх онд ч сайжрахгүй гэсэн урьдчилсан төлөв байгаа тул ирэх оны нэгдсэн төсвийг батлахдаа хэд хэдэн өөрчлөлт хийлээ. Тухайлбал, бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр бууруулав. Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ. Энэ өөрчлөлтүүдийг хийснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7.013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.4 хувь, нийт зардал 7.954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 28.8 хувьтай байх юм. Түүнчлэн нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байгаа юм. Мөн Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэх санал гаргасан. Энэ удаад УИХ-аас Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэхээр шийдвэрлэв.Үүнээс гадна Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Хууль зүйн сайдын харьяанд ажиллуулахаар болжээ.
Харин төсөв захиран зарцуулагчид ирэх онд төсвөө доорх байдлаар захиран зарцуулах болсныг хүргэж байна.
1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум
2.УИХ-ын дарга 18.637 тэрбум
3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая
4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум
5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум
6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая
7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум
8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум
9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум
10. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум
11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум
12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая
13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум
14.Ерөнхий сайд 99.630 тэрбум
15.Шадар сайд 110.1 тэрбум
16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум
17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум
18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум
19.Сангийн сайд гурван их наяд 122.8 тэрбум
20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум
21.Зам тээврийн сайд 242.6 тэрбум
22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум
23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нэг их наяд 218.3 тэрбум
24.Уул уурхайн сайд 17.945 тэрбум
25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум
26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум
27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум
28.Эрүүл мэнд, спортын сайд 691.1 тэрбум
29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум
30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум
31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.
Д.ГЭРЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин