Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн технологийн
үндсэн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, дээшлүүлэх ажлын
хүрээнд механикчдын өдөрлөгийг 10-р сарын 30-нд тэмдэглэн өнгөрүүлэх
тухай Ерөнхий захирлын А/455 тоот тушаал гарчээ. Өдөрлөгийн хүрээнд ямар
ажлууд зохиогдох талаар Ерөнхий механикийн хэлтсийн тэргүүлэх инженер
Э.Болатаас тодрууллаа.
- Механикчдын
өдөрлөгийг Ерөнхий механикийн хэлтэс санаачлан 2012 оноос жил бүр
зохион байгуулдаг уламжлалтай болсон. Өдөрлөгийн хүрээнд механикийн
албадын дунд цогц үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн хувьд анх удаа
"Механикжуулалт-2015” төслийн уралдааныг Ерөнхий механикийн болон
Хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулах юм. Төслийн уралдаанд
ирүүлэх материалын чанарыг сайжруулах зорилгоор Ерөнхий захирлын 6-р
сарын 9-ний А/332 тоот тушаалаар зарласан Механикжуулалт-2015 уралдааны
материал хүлээн авах хугацааг 10-р сарын 1 хүртэл хойшлуулсан юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлэх цаг хугацаа хангалттай байгаа болохоор манай
үйлдвэрийн механикийн албадын нийт ажилтан, ажиллагсад бүтээмж
дээшлүүлсэн, хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн бүтээлч
ажлуудыг хийж ирүүлнэ гэдэгт итгэж байна.
Мөн
энэ өдөрлөгийн хүрээнд засварчид, зүсэгчид, гагнуурчдын ажил мэргэжлийн
уралдаан явагдана. Энэ уралдааныг механикчдын өдөрлөгийн хүрээнд
уламжлал болгон зохиодог бөгөөд боловсон хүчнийг судлах, тэдний
мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сорих, бүтээлч сэтгэлгээг бий болгох,
хөгжүүлэх, ажлын арга барил туршлагаас харилцан суралцах, тухайн
мэргэжлийг сурталчлах зорилготой юм. Ажил мэргэжлийн уралдаанд оролцох
баг нь зүсэгч, гагнуурчин, засварчин мэргэжлийн 3 хүний бүрэлдэхүүнтэй
байна. Тэмцээнд үндсэн цехүүд болон Засвар угсралтын цехээс тус бүр 2
баг, бусад цехүүдээс нэг баг оролцож болно. Мөн жижиг цехүүд нэгдэж,
баг бүрдүүлэн оролцох боломжтой.
Шүүгчдийн
бүрэлдэхүүнд Ерөнхий механикийн хэлтсийн орлогч дарга, мэргэжилтнүүд,
ЗМЗ-ын механик цехийн дарга, мэргэжилтнүүд, БФ-ын ерөнхий механик,
Засвар угсралтын цехийн орлогч дарга, Чанар хяналтын хэлтсийн эд
шалгагчид байх юм. Уралдааныг шүүгчид дүгнэж багуудаас эхний 3 байрт
шалгаруулна. Түрүүлсэн багийг өргөмжлөл 500 мянган төгрөгөөр, хоёр,
гуравдугаар байр эзэлсэн багууд өргөмжлөл 400 мянга, 300 мянган
төгрөгөөр тус тус шагнагдна. Мөн шилдэг засварчин, шилдэг гагнуурчин,
шилдэг зүсэгч шалгаруулан тус бүрийг 150 мянган төгрөгөөр урамшуулна.
Мөн
өдөрлөгийн хүрээнд цехүүдийн механикчдын дунд АХА, Хөгжилтэй буухиа
тэмцээнүүд явагдана. АХА тэмцээнээр танин мэдэхүйн болон ажил
мэргэжлийн холбогдолтой асуулт, мөн "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой
асуултуудаар оролцогчдын мэдлэгийг сорино.
Энэ өдөрлөгийн үеэр "Оны шилдэг механикч”-ийг шалгаруулан шагнана.
Үйлдвэрийн
нийт цехийн механикийн албадын ажилтан ажиллагчдад өдөрлөгийн хүрээнд
зохиогдох "Механикжуулалт-2015” төслийн уралдаан болон ажил мэргэжлийн
уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Я.ЭНХТУЯА
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10947
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих