Яг 7 жилийн өмнөх энэ өдөр Дорнод аймгийн харъяат Д.Баатаржав Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж байжээ-
Гурван сая Монголчууд дундаас гуравхан олимпийн аварга төрсөн гэхэд чамлалттай санагдавч тэр гуравхан эрхмийн нэг нь манай нутгийнх шүү дээ гэж бодохоор өөрийн эрхгүй бахархаж бардамнах сэтгэл төрнө.
Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, 2008 оны Бээжингийн Паралимпийн наадмын алтан медальт, Байт харвааны ОУХМ Дамбадондогийн Баатаржав гэж эгэл даруухан хэрнээ энгүй хөдөлмөрч нэгэн бий. Монгол улсын начин цолтой бөх эцгийнхээ тамирчин удмыг залгасан тэрбээр ахтайгаа хамт боксоор хичээллэж, спортын гараагаа эхлүүлсэн гэдэг. Түүний анхны багш Монголын боксчдын эцэг гэгддэг Ардын багш Д.Банди гуай аж. Гэвч хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлонгийн эрхээр хөлдөө бэртэл авч, бокс тоглох боломжгүй болсон ч сөгдөж хойш суусангүй. Спортдоо үнэнч байж байт сураар хичээллэх болсон нь түүнийг өнөөдрийн бахдам амжилтад хүргэжээ.
Байт сурын клубын анхлан суралцагчаас Бээжингийн олимпийн аварга болох замнал тийм ч шулуун дардан байгаагүй. Дуртай спортдоо сэтгэлээ соронздуулсан тэрээр бэлтгэл хийх үедээ хөлийнхөө өвчинг хүндрүүлж байсан ч боломж л гарвал бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, мэрийхээрээ мэрийсээр, Дэлхийн цомын хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий Алт, Мөнгөн медаль, Сидней, Афины олимпийн наадмын тав, зургадугаар байрт шалгарч амжилтын оргил өөд алхам алхмаар урагшилсан байна. 2002 оны Азийн наадмаар харвасан сум бүр нь 10 оноход тамирчин хүний хувьд жинхэнэ утгаараа "бяр орж” эхэлсэн гэдэг.
Пара спорт гэхээр хэн таарсан нь хялбархан дөнгөчих юм шиг санагдаж байна уу. Тэгвэл пара наадмын байт харвааныхан эрүүл хүмүүстэй ижил түвшинд өрсөлддөг. Тэдний хэр их зориг тэвчээр гаргаж, хатууждагийг үүнээс л харж болно. Д.Баатаржав гуайн хэлсэн үг бий. "Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л дэмжлэг туслалцаа авдаг тэжээврийн амьтан биш шүү дээ” гэж. Тэд хөлгүй, хэлгүй, нүдгүй л болохоос биш бусдаараа эрүүл саруул. Тийм ч учраас эдгээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан, дуу хоолойгоо төрд хүргэж, олон нийтийн ойлголт, хандлагыг эерэг зүгт чиглүүлэхээр чармайж явна. Эзэн хичээвэл заяа түшдэгийг өөрийн биеэр үлгэрлэдэг нь түүний тэмцлийн нэгэн хэлбэр.
Монгол хүний цус, генид байгалиас заяасан харвах авьяас бий учраас ирээдүйд эх орныхоо нэрийг дуусгах хамгийн боломжит спорт бол Байт харваа гэж тэр үздэг. Тиймдээ ч "Добу мэргэн” хэмээх клубтээ олон арван шавь бэлтгэж, тэд нар нь ч чамлахааргүй амжилт үзүүлээд эхэлжээ.
2016 оны олимпийн наадам болтол жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Хөдөлмөрийн баатар маань энгэртээ гялалзуулсан алтан одоо ихэрлүүлэхэд нэг алхам ойртсон тухай сайхан мэдээг бид саяхан хүлээж авсан. Тэрбээр ХБНГУ-д болсон Пара байт харвааны ДАШТ-д амжилттай оролцож "Рио-2016″-д хүч үзэх эрхээ өвөртлөөд байна.
Бээжингийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж чадсан юм. Риогийн олимпод дахиад нэг түрүүлэхэд ч болохгүй гэх газаргүй. Нутаг амьтай олимпийн аваргаа нутгийнх нь уул ус, зон олон уухайлан дэмжиж, дээлийнх нь захыг мушгиж суухад ялахгүй гээд ч яахав. Дэлхийд данстай, чансаа өндөр шилдэг тамирчин шүү дээ тэр.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих