Цаг хугацааг харавсан сумтай зүйрлэдэг. Үнэхээр саяхан л гуч хүрэх хаа ч байсан юм, гучтай, дөчтэй хүнийг их л хөгшин хүн гэж боддог байсансан. Гэтэл нэг л мэдэхнээ гучин насны гулсуур дээр суугаад өнөө ихээ хөгшин гэж боддог байсан нас уруугаа асар хурдтай гулгаад ороод ирэх. Гэтэл яг үнэндээ тэр бидний хөгшин гэж боддог байсан дөчин нас гэдэг ямар гайхалтай сайхан нас байдаг юм бэ. Ганцаараа л гэрэлтэж гийж байх ёстой гэж боддог байсан, бас гийж байна ч гэж төөрөлддөг байсан хорин хэдэн насны дэргэд, гунхаж галгиулж явсан гучин хэдэн насны дэргэд дөчин нас гэдэг ухаарч таньснаа шүүн тунгаах, өөрийгөө өөрчлөхийг оролдох үнэхээр сайхан нас ажээ. Бурхан минь арван аравнаар илгээж буй, энэ хорвоотой таниулж нөхөрлүүлж, бас орчлонг хайрлан уярч ухаажин буй насуудыг илгээж буйд тань гялайлаа.Энэхэн хорвоод өөрийгөө ядуу баян хэн ч байлгаж амьдруулсан бай нас насны хоолноос өөрийн чадал оюунаар хутган, амсаж хүртэн байгаа нас бүр юутай сайхан. Цаг цагтаа харваад өнгөрөх сумны араас харамсаад ч би яалтай билээ. Бурхан таны илгээх бүхий л насыг баярлан тосож авч хүндэтгэл дүүрэн хүртмүй би. Рашаан болтугай.
Хулганайн Тэргэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих