Дурлалын архив-аасаа...
Нөхөр бид хоёр үерхдэг болоод хэдэн сар өнгөрсний дараа миний
санаачлагаар бид бие биедээ захиа бичиж өгөх боллоо. Яруу тансаг үгтэй,
гал халуун хайр төөнөсөн захидал бичих гэж би хэрэндээ л хэдэн өдөр
"гашлав". Тэгж тэгж толгойдоо төлөвлөн боловсруулж хэд хэдэн цаасан дээр
ноороглон байж захиагаа бичээд дуусгачихлаа. За тэгээд л маргаашийг
тэсэн ядан хүлээж билээ. Харин өгөхийнхөө өмнө захиагаа эгдүүтэйхэн
дугтуйд лацадчих санаатай хэд хэдэн дэлгүүрээр ороод захидлын дугтуй олж
чадсангүй. Гэтэл нэг ах худалдагч бүр юу гэсэн гээч?!
" Техник
технологи хөгжчихсөн энэ үед мессеж, мэйл гээд зөндөө л сайхан юм
байхад захианы дугтуйгаар яадаг байна аа" гэж авдаг байгаа. Энэ үгэнд би
ямар их эгдүүцсэн гээч?! Харин ч ийм болчихсон болохоор гараар урладаг
бүхэн үгүй болж тэр хэрээр хүмүүсийн сэтгэл хүртэл техникжчихээд байна
шүү дээ. Утасны сайхан мессежүүд ганцхан товч санаандгүй дарснаас болоод
бүгд устахад би бүр уйлсан гээч! Хичнээн сайхан дурсамж, түүний минь
дахин дахин уншмаар халуухан үгсйг би дахиад хэзээ ч яг тэр үеийн мессеж
шиг, цаг хугацаатай нь хаанаас ч олж авч чадахгүй шүү дээ.
Харин захидал бол тэс өөр...Тэр дэлгүүрийн хаалгыг ууртайхан түлхэж
гарахад цүнхэндээ нандигнасан "нүцгэн" захианы минь үнэ цэнэ улам л
тэнгэрт хадах шиг санагдаж билээ. "Энийг нь мэдсэн бол өөрөө л дугтуйгаа
хийчихдэг байж" хэмээн үглэн үглэн явсаар мөнгөний дугтуйд хайрын үгтэй
захиагаа урамгүйхэн шургуулж билээ. Гэхдээ нөхөрт минь дугтуйнаас илүү
доторх нь илүү сонин байсан байх л даа Цөөнгүй жилийн өмнө бие биедээ
бичиж байсан тэр захидлууд одоо ч бидний нандин дурсамжаа хадгалж бичдэг
бяцхан номонд минь яг тэр чигээрээ үдээтэй байгаа. Захиануудаа харах,
унших болгонд тэр ахын өөдгүй үгс сонсдох шиг болж "Хэзээ ч үнэ цэнээ
алдаж хуучирдаггүй зүйл гэж байдаг юм аа" гэж дотроо бахдалтайяа хэлдэг
юм. Та нар ч бас хайртдаа түүнийгээ энхрийлж элбэдэг зөөлөн гараараа
булиглах зүрхнийхээ хайрын үгийг тэрлэж өгөөрэй!
ТА ГЭР БҮЛДЭЭ ХАЙРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ!
Хайрын Төсөл нэвтрүүлэг групээс... Жагаагийн Соко
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих