Манай эриний өмнөх 209 онд тал талаасаа хавчигдан шахагдсан Хүннү улсын шаньюйн суудалд Модун /Маодунь хятад сурвалжид ийн бичигдэж/ гарч иржээ. Тэрбээр эцэг Түмэн шаньюйг хөнөөн уг сууринд заларчээ. Хүннү хүчирхэг байсан цаг дурсамж болсон шахуу үед Модуныг шаньюйн суудалд суусаныг сонсоод дорнод Ху нар улс төрийн дарамт үзүүлж эхэлжээ.
Тэр тухайд тухайн үеийн эртний Хятадын Хан улсын түүхч Сыма Цяний "Ши жи” /Түүхийн тэмдэглэл/-дээ ийн өгүүлсэн байдаг. "Маодунь ширээнд суух үед дорнод Ху нар хүчирхэг болон мандаж байв.
Эцгийгээ алаад Маодунь ширээнд суусныг дуулаад тэд Маодуньд элчин ирүүлэн Түмэн шаньюйд байсан мянган газрын гүйдэлтэй хүлэг морийг нь авъя гэж гуйхад түшмэдтэйгээ эелдэхэд: "Мянган газрын гүйдэлтэй хүлэг бол Хүннүгийн эрдэнэ, өгч болохгүй" гэж тэд цөм хэлжээ. "Хөрш орноосоо нэг морь харамлаад, айлсан тогтнож болох гэж үү?" гээд Маодунь өдөрт мянган газрын гүйдэлтэй морио дорнод Ху нарт өгчээ.
Жаахан азнаж байгаад дорнод Ху нар Маодунь айж байна гэж бодоод элчин ирүүлэн шаньюйн нэг яньчжиг авъя гэж хэлүүлэхэд мөн л шадар хүмүүстэйгээ эелдэхэд: "Дорнод Ху нар найрсаг ёс мэдэхгүй болохоор яньчжийг авах гэж байна. Тэднийг довтлогтун" гэж хилэгнэн хэлэхэд Маодунь : "Хөрш орноосоо нэг эм хүн харамлаад айлсан тогтнож болох гэж үү?" гээд хайртай яньчжигаа дорнод Ху нарт өгчээ.
Дорнод Ху нарын эзэн улам бардамнан, өрнөд талдаа байгаа нутгийг эзлэн эхэлжээ. Тэдний хооронд хүн нутагладаггүй 1000 гаруй газар эзэнгүй нутаг байсан, тэд түүний хоёр хажуугаар оуто (хилийн хэрмийг нэрлэх үг) болон нутаглана. Дорнод Ху нараас элчин ирж: "Танай, манай хоёрын хил болох оутогийн цаад талд эзэнгүй нутаг байна. Та нар түүнд хүршгүй, бид авъя" гэж хэлэхэд Маодунь түшмэдээсээ хэрхэхийг асуухад, зарим нь: "Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно" гэхэд Маодунь маш хилэгнэн: "Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно" гээд, өг гэсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, татлагад хожимдогсдын толгойг авна гэж тушаагаад, дорно зүг хөдлөн, дорнод Ху нарыг гэнэт довтолжээ. Дорнод Ху нар Маодунийг басамжлан, бэлтгэлгүй байв. Маодунь цэрэг толгойлон довтлон очиж, ихээр цохин, дорнод Ху нарын ванг алаад, тэдний хүмүүс, мал хөрөнгийг олзлон авчээ" хэмээжээ.
Цагаан хэрэмнээс урагш дээл малгайтны... хойш нум баригчдын нутаг бүлгээ
Модун дорнод Ху нарыг бут цохиж, эрхшээлдээ оруулах үед Юэчжи нар Хүннүгийн баруун талд орших Үсүнь улс руу довтолж, бут цохиход тус улсын ван Хүннүгийн нутагт зугатан оржээ. Юэчжи нар түүнийг хөөсөөр Хүннүгийн нутагт цөмрөн орж, Үсүньчүүдтэй тулалдаж эхэлжээ. Модун үүнийг сонсоод шууд баруун зүгт аян дайн хийж, Юэчжи нарыг бут цохин Хүннүгийн нутгаас гаргасан бөгөөд цааш довтолж, Юэчжи нарт алдсан Хүннүгийн Алтайн нуруу хүртэл нутгийг эргүүлэн авч, Юэчжийн зарим нутгийг ч эзлэн авчээ.
Модун ийнхүү хүчирхэгжиж урьд нь Цинь улсад алдсан Хүннүгийн харъяаны Ордос нутгийг эргүүлэн авав. МЭӨ 200 онд Хүннүг дайлаар мордсон Хань улсын Гаоди хааныг 320 мянган цэрэгтэй нь Байдэн цайзад, Модун шаньюй 40 мянган морин цэргээр, долоон хоног бүслэн хаасанд, Хань улсын хаан арга буюу ялагдсанаа хүлээж, Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулж.
Энэ гэрээгээр Хань улс, Хүннүг өөртэйгээ эн чацуу улс гэдгийг хүлээн зөвшөөрч, улсын хилийг Цагаан хэрмээр тогтоожээ. Энэ тухай мөнөөх Сыма Цянь, "Модунаас эхлэн Хүннү хамгийн хүчирхэг том болж, умар зүгийн харь угсаатныг цөмийг захирч, өмнө зүг Хань улстай мөр зэрэгцэх улс болсон” хэмээн бичжээ.
"Ши цзи”-д бичихдээ: "Лю бан хуандий зарлигтаа, Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюйн зарлиг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин над захирагдана... Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцэх, хүчирхэг хөрш улсууд юм” хэмээгээд, хааны угсааны гүнжийг шаньюйд хатан болгон өгч, жил бүр тухайлсан хэмжээний торго, торгон бараа, дарс, тутарга, хүнсний зүйл бэлэглэх болсноо илтгэж байжээ. Энэ гэрээг түүхэнд "Энх ургийн гэрээ" гэдэг.
Үүнээс Хүннү, Хань улсуудын хил Цагаан хэрмээр тогтсон нь тодорхой байдаг ба Хүннүг их улс хэмээн Хань улс хүлээн зөвшөөрсөн билээ. Гэхдээ энэхүү "Энх ургийн гэрээ” нь нэг талдаа Их улс болсоныг хүлээн зөвшөөрсөн ч нөгөө талдаа Хүннүгийн дээд овогт өмнөдийнхөн орж ирсэн үйл явдлын эхлэл болсон нь ойлгомжтой. Тэрхүү урагласан хатны үр удам хожим Хүннү нарыг бууран доройтох үед гарал угсаа нэгт хятадын талд орсон бүлгээ. Ийнхүү Хүннү улс гүрний хэмжээнд хүрч билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих