Дэлхийн талыг эзэлсэн Монголын эзэнт гүрэн гэсэн зураг байдаг даа.
Түүнтэй утга нэгэн адил сургууль, цэцэрлэг, эмнэлгийн удирдлагууд
"Манай байгууллага биеийн тамирын талбайгаас гадна сул чөлөөтэй
газартай байлаа” хэмээн санаа алдах. Сүүлийн арав гаруй жил барилгын
компаниуд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн сул чөлөөтэй газар болгоныг
дээрэмдэж орхив.
Тэгээд тэдний дараагийн ан хомрогод сүм дуган, музейн газар өртөж
эхэллээ. Уг нь 2001 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын
тогтоолоор Богд хааны, Чойжин ламын музей, Дашчойлин, Дамбадаржаа,
Гандантэгчэнлин хийдийн хамгаалалтын бүсийг баталжээ.
Тухайлбал Богд хааны музейн хамгаалалтын бүсийг 5.7 га, Чойжин ламын
музейн эргэн тойрны хоёр га-д барилга барих, газар олгохыг хориглосон
байна. Засгийн газрын ийм тогтоол байсаар байтал тухайн үеийн Нийслэлийн
Засаг дарга М.Энхболд "АПУ”-гийн охин компани болох "Ван трейд”-д Богд
хааны музейн газраас олгосон байдаг.
Гэхдээ шууд олгочихсонгүй. Соёлын өвийг хамгаалах, ойр тойрны газрыг
нь тохижуулах гэсэн нэрийн дор эзэмшүүлсэн юм билээ. Зүлэгжүүлэх, хашаа
хороог нь сэлбэх, харуул хамгаалалттай байлгах үүрэг гэрээгээр
хүлээсэн байдаг.
"АПУ” компани үүргээ чанд биелүүлэхийн зэрэгцээ Богд хааны музейн газар
дээр барилга бариад нэрийн бүтээгдэхүүний дэлгүүр, фитнесс клуб, шар
айрагны баар нээчихсэн байна. Угтаа музейн газраас эзэмшүүлэх,
түрээслүүлэх дээрээ тулах аваас Засгийн газартай зөвшилцөх хууль
дүрэмтэй.
Ингээд "АПУ” болон Богд хааны музейн хооронд арав гаруй жил
үргэлжилсэн маргаан үүссэн байдаг. Музейн удирдлага солигдох
болгондоо "АПУ”, "Интермед” компани, академич Д.Цэрэнсодном нарыг
хулгайч луйварчингаар нь дууддаг. Тэгээд шүүхэд өгдөг хэдий ч мөнгө
төгрөгтэй компаниудын өөдөөс яаж ч чадалгүй буулт хийдэг байх юм.
Хан-Уул дүүргийн газрын албанаас хүртэл "АПУ” компанийг шүүхэд өгсөн
байдаг.
Газрын албаныхан шүүхэд хандангуут "АПУ” компани сөргүүлээд
нэхэмжлэл гаргачихдаг байна. Нэхэмжлэлийн утга гэвээс Богд хааны
музейн захиргаатай тохиролцсоны үнсэн дээр 1.6 га газрыг тохижуулсан,
харуул хамгаалалт ажиллуулж 1.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Энэ
зардлыг маань буцаан олгоно уу гэсэн утгатай.
Ийм хэмжээний мөнгө төлөх бололцоо Богд хааны музейн захиргаанд
байхгүй. Тэгээд яах ч аргагүй байдалд орон буулт хийдэг аж. Уг нь "АПУ”
компанид асар их ашиг авч ирчихээд тус нэмэр болсон, газраа
эзэмшүүлсэн Богд хааны музейн хувь хишиг хүртэж баймаар. Яг ийм
байдал Чойжин ламын музейд ч тохиолдоод байгаа юм билээ.
Богд хааны музейн зүгээс газраа буцаан авах гэсэн оролдлогууд нь цаг
хугацаа явах тусам улам хэцүү болж ирсэн. Эргэн тойронд нь барилга
бариад эхэлсэн байна."Интермэд” компани гэхэд таван давхар эмнэлэг
барьчихсан байгаа аж. "АПУ” компанийн нэхэмжилсэн 1.3 тэрбум төгрөг
өсөөд байхаас буурахгүй.
Музейн газруудыг буцаан авах талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
Ц.Оюунгэрэлээс асуухад "Богд хааны музейн газрыг буцаан авах ажиллагаа
хийгдэнэ. Барилга байшин нураах, нүүлгэн шилжүүлэх дээрээ тулбал эзэдтэй
нь зөвшилцнө. Нөхөн олговрын тухай ч яригдана” гэсэн юм.
Засгийн газрын хүчин төгөлдөр тогтоол байсаар байтал музейн ойр
орчимд барилга байшин барьчихаад одоо нөхөн олговор авах нь. Харин
музейн газрыг дээрэмдсэн талаар эрдэмтэн мэргэд болохоор "АПУ
компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү архи зараад ард
түмнээ хордуулаад мөнгөтэй төгрөгтэй, эрх мэдэлтэй болсон байж болно.
Гэхдээ Богд хааныхаа музейн газраас хулгай хийснийхээ төлөө хойч үедээ
зэмлүүлэх болов уу. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдагсан” гэцгээж
байна. Богд хааны музейн газрыг булаан авсан компаниуд барилга барихад
доторх үзмэрүүд нь доргидог, цууралт өгдөг гэнэ.
Энэ замбараагүй барилгуудаас болоод модон углуургатай Богд хааны музей
нурахад ойрхон байгаа юм. Дээрх компаниудын Нийслэлийн Засаг даргатай
хийсэн гэрээнүүд нь 2014-2017 он гэхэд дуусна. Нөгөө сөрөг нэхэмжлэл,
хуучин дарга нарын тогтоол шийдвэрүүд байгаа болохоор барилгаа
нураагаад газраа чөлөөлнө гэдэг худлаа болов уу.
Эгэл түүхээ хүндэлдэг, эрдэмтэн мэргэд хий харуусахаас хэтрэхгүй.
Төрийн шагналт түүхч О.Батсайхан л гэхэд "Бид монголчууд гээд хойч
үедээ болон гадныханд үзүүлэх бахархал болсон музей. Хоёр их гүрний дунд
тусгаар тогтнолоо аваад үлдсэн түүхэн их гавьяа Богд Жавзандамба
хутагтад оногдоно.
1911-1924 он хүртэл Эзэн хаан байсан хүн шүү дээ. Энэ хүнд
хүндэтгэлтэй хандах ухамсар, сүсэг бишрэл бидэнд байх ёстой” гэсэн аж.
Газрын төлөөх тулаанд орсон бизнесменүүд сүм хийдийн газарт шунан дурлах
болсон нь нууц биш. Эдгээр компанийн түрүү эгнээнд одоогийн УИХ-ын
гишүүн Г.Батхүүгийн үүсгэн байгуулсан АПУ компани явж байгаа юм.
Эрхэм түшээг Богд хааны музейн газраас хумсалсан буруутай хэмээн үзэж
болох ч нөгөө талаас нь үзвэл бизнесмен хүний овсгоо, зоосны нүхээр
орчлонг харах учир шалтгаан гэлтэй. Өнөөдөр хотын төвд 1.6 га олдохгүй.
Олдлоо гэхэд хэдэн тэрбумаар л үнэлэгдэнэ.
Тийм байхад Богд хааны музейн газраас хэсгийг нь үнэгүй олоод авсан
Г.Батхүүгийн арга залийг магтахаас аргагүй. Улстөрч болоод бизнесмен
хүн ашиг, орлого харахаас алс хэтийн түүх, соёл хамаагүй юм биш үү.
Сүүлчийн хааны газраас булаачихаад эргүүлж авья гэсэн Засгийн газартай
тохиролцох, нөхөн олговор авах хэмжээнд асуудлыг эргүүлсэн түүнийг
аргыг магтахаас яах вэ.
Засгийн газрын тогтоол байсаар байтал газар эзэмшүүлэх зөвшөөрөл
олгосон тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга болон газрын алба, Соёл
боловсролын газар, музейн удирдлага "АПУ”-гийн "буян хишгээс” хүртээгүй
гэхэд итгэмгүй. Хууль тогтоомж хэрэгжүүлж чадалгүй газраа алдчихаад
байгаа нөхдөөс хариуцлага нэхмээр санагдана. "Арван ембүү харахаар алгаа
тосдог” албан тушаалтнууд байсаар байгаа цагт "АПУ” шиг компаниуд
бусдын газар руу дайрсаар байх биз.
Гадны төрийн тэргүүнүүд тухайн оронд айлчлах бүртээ хаад ноёдын музей,
ордноор зочилдог. Саяхан л гэхэд УИХ-ын дарга З.Энхболд Солонгос улсын
хааны музей үзсэн талаар яригдаж байна лээ. Харин манайд бол
түүхтэйгээ, өнгөрсөн үетэйгээ хэрхэн хэрцгий хандаж болдгийг гадныхан
Богд хааны музейгээс хараад буцаж болох юм. Дусаал гоожиж, энд
тэндгүй цуу үсэрч, тоос шороонд дарагдсан Богд хааны музей мөнгөтэй
төгрөгтэй компаниудын сүрд дарагдан зүүрмэглэж байна.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих