Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр улс төрийн намуудын дарга нартай уулзаж, Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлболон сонгогчдын санал тоолох автомат машины талаар санал солилцлоо. Уулзалтад АН, МАХН, МҮАН, ХҮН, Эх орон, БНН, МНН, ИЗНН, Монголын либерал нам, Монголын хөдөлмөрийн үндэсний нам, Консерватив нам, Хөдөлмөрийн нам, МСДН зэрэг намуудын төлөөлөл, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачид оролцлоо. Харин МАН-ын төлөөлөл оролцоогүй юм.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хоёр асуудлаар санал солилцъё гэж бодсон юм. Нэгдүгээрт, Улс төрийн намуудын тухай хууль. Энэ хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлдэж байгаа. Та бүхнийг оролцуулаад хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр зарим намын төлөөлөл төсөлтэй холбогдуулан тодорхой санал гаргаж ярилцсан байна лээ. Та бүхний тэр саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Улс төрийн нам бол иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд тусалдаг байгууллага.
Улс төрийн хүнд хүчир ажлыг таны өмнөөс би хийе гэдэг зарчмаар гарч ирж байгаа байгууллага. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бидний алдаа оноо юу байгааг анхаарч төсөл боловсруулсан. Намууд өөр өөрсдийнхөө хүсэл сонирхлоор төслөө боловсруулж хэрэлдээд байх хандлагатай байсан учраас Ерөнхийлөгч санаачлах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Зарим намын дарга ямар саналтай байгаагаа илэрхийлсэн албан бичиг илгээсэн байна. Тэнд дурдсан саналуудыг сайн харсан. Уг нь улс төрийн нам байгуулах ажлыг илүү чөлөөтэй болгоё гэж бодсон юм. Нам байгуулахыг нь чөлөөтэй болгоё. Харин нам байх хариуцлагыг нэмэгдүүлэхийг хүссэн. Сонгуульд орох гэж байгаа бол татвараа төлдөг, бүртгэлтэй 3001-ээс дээш гишүүнтэй байх ёстой. Гэтэл зарим улс төрийн намын удирдлагууд 31 хүн нийлээд нам байгуулах тухай саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Намуудын энэ саналыг хүлээн авч, 801 хүн гарын үсгээ зураад нам байгуулдаг тогтолцоог хэвээр үлдээхээр болж байгаа. Мөн СЕХ намуудыг бүртгэдэг, татан буулгадаг болох саналыг намууд эсэргүүцсэн.
Тиймээс энэ саналыг ч хүлээж авахаар болсон. Хяналтын талаасаа та бүхний санал зөв байх. Гэхдээ шүүх нь намуудыг бүртгэдэг, татан буулгадаг улс дэлхийн нийт улс орны долоон хувийг л эзэлдэг юм байна. Бусад байгууллага нь хариуцдаг улс орон 90 гаруй хувь гэсэн үг. Энэ улс орнуудын 50 гаруй хувийнх нь сонгуулийн байгууллага намуудаа бүртгэх, татан буул-гах асуудлыг хариуцдаг юм байна. Тиймээс нам байгуулахаар бэлтгэж байгаа хүмүүс бичиг баримтаа эхлээд СЕХ-нд өгдөг. СЕХ шаардлага хангасан эсэхийг хянаад шаардлага хангажээ гэж үзсэн тохиолдолд бүртгүүлэхээр шүүх рүү шилжүүлдэг болгох саналтай байна. Хариуцлагын асуудал мөн СЕХ-гоор дамждаг болно. СЕХ хяналт тавиад хариуцлага тооцох саналаа шүүхэд хүргүүлэх юм. Намд гишүүн элсүүлэхтэй холбоотой шүүмжлэл гарсан учраас 16 биш 18 хүрсэн Монгол Улсын иргэнийг намд элсүүлнэ гэж өөрчилсөн. Нам хөрөнгөтэй байхыг хориглоогүй. Хамгийн гол нь тэр хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг аж ахуйн нэгж байж болохгүй гэж үзэж байгаа. Тэр хөрөнгөнөөсөө гишүүдийнхээ хандив, татварын орлогын 10 хувьтай л тэнцэх хэмжээний орлого олдог байхыг л зөвшөөрч байгаа. Байраа түрээслээд их хэмжээний орлого олдог биш гишүүдээсээ санхүүгийн дэмжлэг авдаг байх ёстой. Хоёрдугаарт хэлэх гэсэн санаа бол сонгуулийн санал тоолох автомат машинтай холбоотой. 2008 оны сонгуулийн дараа гурван жилийн турш ярьж байж сонгогчдын саналыг автомат машинаар тоолохоор шийдсэн.
Тухайн үед ч одоогийнх шиг үл итгэх байдал гарч байсан. Тиймээс олон удаа шалтгалт хийж байж ашигласан шүү дээ. Олон улсын сонгуулийн байгууллагын төлөөлөл сонгуулийн дараа манай улсад ажиллаад 99 хувийн эерэг үзүүлэлт гарлаа гэж дүгнэсэн. Үнэхээр сонгогчдын саналыг зөв зүйтэй тусгаж чадаж байгаа юм байна. Саяхан Монголын туршлагыг ашиглаад Киргизэд сонгууль болсон. Киргизийн Ерөнхийлөгч надтай уулзаад "Бидний сонгуулийн дүн ойрхон гарлаа. Дахиад иргэний дайн гарсангүй. Өмнө нь 2-3 удаа бид иргэний дайнтай тулсан. Монголын сонгуулийн системийг бид авч хэрэгжүүллээ. Сонгогчдын зүгээс ямар ч асуудал гарсангүй. Мэдээж өрсөлдсөн нам, хүмүүсээс ганц нэг асуудал гарч, хэвлэлийн бага хурал хийсэн тохиолдол гарсан. Харин сонгогчдын зүгээс асуудал гарсангүй. Энэ бол үнэхээр бүс нутагтаа туршлага болж чадлаа” гэсэн. Гэтэл гараар санал тоолъё гээд байгаа. Энд та бүхэнд нэг зүйл харуулъя. Монголын хэрэглэж байгаа сонгуулийн систем бол 100 хувь гараар тоолох боломжтой. Би 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван хүний саналын хувийг сонгуулийн машинаас СЭ дээр хувилж авсан. Аль ч сонгуулийн дүнг ингэх боломжтой. Сонгуулийн дүнг гараар тоолъё гэдэг нь машинаар тоо бодчихоод, дараа нь гараараа бодоод, гараар гаргасан хариундаа л үнэмшье гэсэнтэй адилхан болох гээд байна. Хуудас хуудсаар саналын дүнг гаргаж өгөөд эргэлзээ гарвал СЕХ-нд ханд гэж байгаа шүү дээ. 2012 оны Сонгуулийн хуульд үүнийг хийж өгсөн, нэг ч асуудал СЕХ-нд ирээгүй. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль дээр зөрсөн дүн гараагүй” гэв. Ерөнхийлөгч ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа уулзалт хэвлэлийнхэнд хаалттайгаар үргэлжилсэн юм.
Дээрх уулзалтад ирээгүй МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг Ерөнхийлөгч өчигдөр үдээс хойш хүлээн авч уулзлаа. Тэд мөн дээрх хоёр сэдвийн хүрээнд санал бодлоо солилцжээ.
.ШИЙЛЭГТӨМӨР /АРДЫН ЭРХ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих