-Энэ өдрийн мэнд хүргье ээ. Бэлтгэл сайхан уу, хаагуур бэлтгэлээ базааж байна вэ?
-Та бүхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргье. Бэлтгэл сайн. Дэвжээний бэлтгэлээ Алдар спорт хороон дээр, хүчний бэлтгэлээ хороололд Эгшиглэн гэдэг фитнест хийдэг. Хоёр өдөр нь дэвжээний, дөрвөн өдөр нь штанг хийнэ.
-Алдарын бөх билүү?
-Биш. Алдар дээр улсын начин Ш.Зоригт багшийн удирдлагад бэлтгэл хийдэг юм.
-Төрж өссөн нутаг ус, бага нас, бөх рүү орсон үеийнхээ тухай ярих уу?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Таван настайдаа Дорнод аймгийн Дашбалбар суманд шилжиж очоод тэнд 8-р ангиа төгстөл амьдарсан. Бөхрүү орсон үе гэвэл дунд сургуулийн 2-3-р ангид байх үе юм уу даа. Сумандаа бас аймгийн өсвөрийн аваргад орж барилддаг байлаа. 8-р ангиа төгсөөд хотод ирж Ц.Шийрэв багшийн шавь болон жүдогоор барилдаж эхэлсэн.
-Багын л бөх болох бөөн мөрөөдөл байв уу?
-Тэгсэн. Дашбалбар сумандаа үеийнхэнтэйгээ, ангийнхантайгаа их барилдана. Анги дотроо арай том биетэй нь би. Том нь ч гэж дээ, манай ангийнхан ерөнхийдөө намхан хүүхдүүд байсан юм байна /инээв/. Тэгээд дээр нь бөх болох мөрөөдөлтэй. Ийм л хүүхэд байсан даа.
-Шийрэв багштайгаа хэрхэн танилцаж, багш шавь болов?
-Хөдөөнөөс нэг их барилдах сонирхолтой хүүхэд л ирж байлаа. Тэгээд ээжтэйгээ хамт спортын төв ордон ороод хэнтэй уулзахаа ч мэдэхгүй явж байтал Шийрэв багштай тааралдсан. Тэгээд багш ээжтэй минь ярьж байгаад намайг шавиар авахаар болж, би бэлтгэл хийж эхэлсэн хэрэг. Бөх болоход Шийрэв багш маань хамгийн их нөлөө үзүүлсэн. Хамгийн хайртай багш минь. Хотод арав төгсөөд Япон явж сурсан. 2009-2011 он хүртэл гурван жил Японы ахлах сургуульд сурсан.
-Жүдогийн ахлах сургууль уу?
-Нисэхийн ахлах сургууль. Гэхдээ жүдо барилдах чиглэл тэр сургуульд бас байдаг. Сургуулийнхаа нэр дээр барилдана, барилдаагүй үедээ хичээл номдоо явна.
-Нисэхийн мэргэжил эзэмшсэн гэсэн үг үү?
-Ахлах сургуульд болохоор яг нисэхийн мэргэжил олгохгүй. Үргэлжлүүлээд дээд сургуульд нь сурвал нисэгчийн мэргэжилтэй болно. Надад үргэлжлүүлээд дээдэд нь сурах урилга байсан л даа. Гэхдээ би барилдах сонирхолдоо хөтлөгдөөд эндээ үлдсэн.
-Бөхийн удамтай юу?
-Манай ээжийн талд байсан гэдэг юм. Би яг нарийн сайн мэдэхгүй байна аа. Одоо намайг үргэлж тусалж дэмждэг Бүрэн дуулга компаний захирал Бүрэнбаатар ах маань л сайн мэдэх байх даа. Миний нагац ах байгаа юм.
-Аав тань Хөвсгөлийн гаралтай хүн гэсэн үү?
-Тийм. Гэхдээ Дорнодод олон жил амьдарсан юм билээ, аав минь. Намайг багад өөд болсон болохоор би аавыгаа сайн мэддэггүй юм аа. Уран дархан хүн байсан гэдэг юм. Би найман хүүхэдтэй айлын бага л даа. Ээж минь эмч мэргэжилтэй. Миний хүүхэд насны бүхий л дурсамж Дорнод аймгийн Дашбалбар сумтай салшгүй холбоотой. Анхнаасаа л энэ сумаараа зарлуулж барилдъя гэж шийдвэр гаргасан. Ингэж барилдсан нь ч зөв болсон байх.
-Жүдогийн суурьтай юм байна. Анх жүдогийн секц таарахаар л орчихсон уу, эсвэл ерөөсөө жүдод оръё гэж зорьж орсон уу?
-Ер нь жүдо бөхөд анхнаасаа сонирхолтой байсан. Барилдаан маань ч жүдорхуу стильтэй болохоор жүдочин л болъё гэж боддог байсан. Шийрэв багш маань ч чи жүдогоор барилд гээд...
-Тэгэхээр үндэсний бөх рүү арай сүүлд нь оржээ?
-2011 онд Японоос ирээд сумандаа очиж барилдаад анх сумын заан цол авсан. Гэхдээ тэр үед жүдогоороо голлож байсан. Хоёр жил хэртэй жүдогоор барилдаж байтал жин нэмэгдээд -100-д жингээ барьж дийлэхээ болиод ирэхээр нь үндэс рүү орсон доо.
-Японд байхдаа жүдогоор ямархуу амжилттай барилдсан бэ?
-Бүх Японы улсын аваргаас хүрэл медаль авч байсан. Энэ тэмцээнд мужаасаа шалгарсан нь орох эрх авдаг юм. Мөн таван мужийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан. Энэ бол шилдэг таван мужийн аваргууд хоорондоо өрсөлддөг тэмцээн л дээ.
-Монголдоо ирээд ямар амжилт үзүүлэв?
-Ирсэн жилээ улсын аваргад түрүүлсэн. Дараа жил нь бас түрүүлсэн. 2014 онд МБАТ-ний 13-р спартакиадад бас түрүүлсэн юм.
-Ингэхэд жүдо бөхийн юу нь хамгийн сайхан санагддаг вэ?
-Жүдо бол үнэхээр агуу спорт л доо. Хөгжлөөрөө ч дэлхийд тэргүүлж яваа спортын нэг. Ерөнхийдөө хамгийн цэвэрхэн барилдаан гэж боддог. Жүдод ямар ч маргаан гардаггүй. Үзээд сууж байхад ч тэр, барилдаж байхад ч тэр гоё спорт л доо. Миний хувьд хамгийн дуртай спорт гэвэл жүдо л байна.
-Үндэсний бөхийн цолуудаа хэрхэн авсан билээ?
-2009 онд сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан болоод 2012 онд аймагтаа шөвгөрч аймгийн начин болсон. 2013 онд аймгийн наадамд барилдаж чадаагүй. Оюутны Универсад их наадамд яваад... Тэр тэмцээнээс мөнгөн медальтай ирсэн. Ингэж наадам өнжөөд 2014 онд мөн нутагтаа түрүүлж аймгийн арслан болсон.
-Барилдааныг чинь харж байхад давхар ачих мэхийг их сайн хийх юм аа?
-Ер нь анх жүдогоор барилдаж эхлэхдээ л тохдог, хөмөрдөг байсан. Японд очоод бүр сайн хийж сурсан даа. Тэр мэхээрээ л голдуу учраагаа давж байгаа.
-Жүдогийн үндсэн мэхүүдийн нэг биз дээ?
-Тийм ээ. Жүдогийн үндсэн мэх. Миний хувьд жүдогоос л өөрийнхөө барилдаанд шингээж авсан зүйлийн нэг юм даа. Үндэсний бөхөд цөөн тооны бөх л энэ мэхийг хийдэг.
-Энэ мэхийн онцлог юундаа байна?
-Онцлог гэхээс илүү тухайн үеийн мэдрэмж, өрсөлдөгчийн гишгэдэлд тааруулж байгаад л хийх мэх л дээ. Тэрнээс биш өрсөлдөгчийн биеийн том жижигт тохируулж хийх гэсэн зүйл байхгүй.
-Нэг мэхийг ингэж гаршуулна, дархална гэдэг сайхан. Гэхдээ хүн болгон давхар ачина гэдгийг чинь мэддэг болчихоор хамгаалаад хийлгэхгүй үе бас байна уу?
-Байна, байна. Бөхчүүд нэг нэгнийхээ барилдааныг бүгд мэддэг. Тэр тийм мэх хийнэ, энэ ийм мэх хийнэ гээд... Хамгаалалт их сайн болсон. Намайг тохно, ачна гэж бүгд мэдэж байгаа болохоор тэр мэхний барьцыг өгөхөө бараг больсон /инээв/. Тийм болохоор өөр шинэ мэх сураад, барилдаанаа жаахан өөрчилье л гэж бодож байгаа. Багш нар ч гэсэн тийм шаардлага тавьж байгаа. Би ч тэрэнд анхаарлаа хандуулж бэлтгэлээ хийж байгаа.
-Энэ жил анх удаа улсын наадамд барилдсан уу?
-Тэгсэн.
-Улсын наадамд дөрөв давлаа. Тэртусмаа энэ цагийн идэр аваргыг хаяж...?
-Дөрвийн оноолт их чанга таарсан л даа. Гараад унасан ч яахав, шийдсэн л юм хийж барилдъя гэж бодсон. Манай аймгийнхан их урам зориг өгч байсан л даа. "Чи анх удаа улсад барилдаж байгаа юм чинь... Зоригтой барилд, хамаагүй ээ, мэх хийгээд л үз. Давбал тэр биз, давахгүй бол тэр биз” гэх зэргээр зөвлөсөн. Тэгээд л давсан, нөгөө дархан мэхээрээ /инээв/. Аваргыг давсандаа баяртай байгаа.
-Начны даваа гэж бодохоор ямар сэтгэгдэл төрж байв, барилдаан хэр гарсан?
-Маш их хариуцлага юм билээ. Манай Дорнодоос улсын цолтон төрөлгүй нэлээд удсан. Бүгд л намайг харж, залбирч байсан байх. Тав дээр Ганбаатар гарьдтай барилдсан.
-Тав давчих юмсан гэж их л бодсон биз дээ?
-Бодсон, бодсон. Аймгийн цолтой хүн бүрийн л мөрөөдөл тав давах байдаг шүү дээ. Ганбаатар гарьдтай бас шийдсэн юм хийгээд яваад барилдъя гэж бодсон ч болж өгөхгүй байсан. Гэхдээ яахав, унасандаа нэг их айхтар харамсаагүй ээ.
-Барилдааны тохироо бүрдэж өгөхгүй байв уу, эсвэл тавын даваа гэж бодоод биеэ барисан уу?
-Аль, аль нь байсан байх. Гэхдээ тохироо бүрдээгүй гэвэл илүү дөхөм байх. Хамгийн гол нь нутгийн маань ард түмэн тав давчих болов уу гэж харж байсан. Тиймээс одоо давахгүй л бол болохгүй гэж бодоод, өөртөө их хариуцлага үүрч биеэ барьсан тал байж магад. Тухайн үед уначихаад багагүй харамссан, одоо бол харамсах юмгүй ээ. Сайхан гарьдтай боломжоороо барилдаад л унасан юм чинь. Би өөрийгөө гарьдтай сайн барилдсан гэж бодож байгаа. Өмнө гарьдтай барилдаж үзээгүй байсан. Бас миний хамгийн их хүндэлж явдаг бөхчүүдийн нэг. Миний ээжийн нутгийн бөх л дөө. Мөн Эрхэмбаяр аваргыг их хүндэтгэж явдаг. Улсад анх барилдсан жилээ хүндэлж явдаг хоёр бөхтэйгээ дөрөв, тавын даваанд таарч барилдсандаа баяртай байгаа. Хоёулаа их дөлгөөхөн, нуруутай сайхан бөхчүүд санагддаг юм.
-Дахиад наадам олон байна даа?
-Тийм ээ. Бэлтгэлээ сайн хийгээд дараа жилийн наадамдаа л сайн барилдах юмсан гэж бодож байна даа.
-Аймаг, цэрэгт ямархуу амжилттай барилдаж байгаа вэ?
-Энэ намраас хойш их шөвөгт нэг үлдсэн. Хоёр, гурван удаа наймд үлдсэн. Улс, аймагт дунд шөвөгт нэг үлдсэн. Ноднин улс, аймгийн барилдаанд 16-д нэг, аймаг цэрэгт наймд нэг үлдсэн юм байна, ноднин.
-Сүүлийн үед тунаанд л голдуу барилддаг болжээ?
-Аймаг цэргийн барилдаанд ихэвчлэн тунадаг болсон. Ер нь энэ жил тогтмол шахуу тунаанд барилдаж байгаа юм байна. Давахыгаа даваад, унахдаа унаад л явж байна даа /инээв/.
-Өчигдөр хишиг барилдаанд хэнд унав?
-Аймгийн арслан Чимэдванданд унасан. Бид хоёр үе үе таараад байгаа. Би хоёр унаж, нэг даваад байгаа юм байна. Урд өдрийнх нь аймаг цэргийн барилдаан дээр дөрөвт таараад би давсан. Харин өчигдөр уналаа.
-Бөхөөс өөртөө юуг шингээж авч байна, юуг илүү суралцаж байна?
-Бөх хүн ямар байх ёстой гэдгийг байнга суралцсаар яваа. Хүнтэй яаж харьцах, олон нийтийн газар биеэ хэрхэн авч явах гээд олон зүйл сурсан.
-Ямар мэх таалагддаг вэ?
-Хутгах, тахимдах хоёр л их гоё санагддаг. Сурах гээд давтаж байгаа. Батмөнх зааны тахимдах мэх ч янзтай ш дээ. Бас Өсөх-Ирээдүй харцагын барилдааныг үзэх дуртай. Их гоё барилдаантай. Өсөхөө харцага шиг барилддаг болох юмсан гэж боддог. Барилдааныг нь байнга хардаг, сурах зүйл их байгаа. Ер нь бөхчүүийн барилдаанаас сурах зүйл их байна аа. Одоо хүчний бэлтгэл их хийдэг болсон цаг. Бяргүй бөх ч гэж байхгүй болсон.
-Ингэхэд өрсөлдөгч нартаа нэг их бярдуулаад байдаггүй биз дээ?
-Гайгүй. Гэхдээ хааяа бярдуулчихна аа. Бярдуулна гэдэг хамгийн гол нь бяраа яаж ашиглаж байгаагаас их шалтгаалдаг юм шиг байгаан. Дан ганц бяраар хүн давна гэж байхгүй ш дээ. Бяраа зөв хуваарилж, зөв ашигласан нь давдаг гэж боддог.
-Одоо өндөр, жин хэдтэй байна вэ?
-Жин 118 кг, өндөр 181 см-тэй байгаа.
-Жүдогийн улсын аваргад орох боломж бол нээлттэй биз дээ?
-Болно л доо. +100-д орж болно. Ойрмогхондоо бол үндэсний бөхийнхөө бэлтгэлийг сайн хийж, сайн барилдах зорилготой. Манай нутаг ойрын жилүүдэд улсын цолтон шинээр төрөөгүй байгаа гэж би түзрүүн ярьсан шүү дээ. Тиймээс бэлтгэлээ сайн хийж, нутаг орныхон, гэр бүлийнхэн, ах дүүсээ баярлуулах чин хүсэл байна даа.
-Дорнодынхон хамт бэлтгэл хийж байгаа юу?
-Манайхан спортын шинэ ордон дээр бэлтгэл хийцгээж байгаа л даа. Хол болохоор би гэртээ ойроор нь Алдар дээр л хийгээд байгаа.
-Хүчний бэлтгэлээ арай түлхүү хийдэг юм уу?
-Би өмнө хүчний бэлтгэл нэг их хийдэггүй байсан. Энэ намраас л хийж эхэлж байгаа. Үр дүнгээ өгч байгаа гэж боддог.
-Бөхөөс өөр сонирдог зүйл гэвэл...?
-Хобби юу? Сагс тоглох л юм даа. Хааяа амралтын өдрөөр биллярд тоглох дуртай.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Ер нь өдөрт хоёр бэлтгэл хийхээр зав чөлөө гэхээр зүйл бараг гарахгүй дээ. Гарлаа гэхэд спортын уур амьсгалтай л өнгөрөөнө. Болвол гэртээ амрах дуртай.
-Урлаг, уран сайхан, дуу хөгжим сонирхох уу?
-Дуу хөгжим сонирхоно оо. Өөрийнхөө хэмжээнд дуулчихна.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцвал?
-Бөхөөр барилдаж байгаа хүн бүрийн л мөрөөдөл улсын цол авах байдаг. Би ч мөн адил улсын цол авъя гэж боддог, хүсдэг. Нутгийн маань олон улсын шинэ цолтонтой болохыг хүсч, мөрөөдөж байгаа. Тэр мөрөөдлийг нь биелүүлэхийн төлөө явж байгаа. Чадна гэж өөртөө итгэлтэй байна.
-Дэвжээн дээр өөрийгөө хэрхэн ирлэдэг вэ?
-Би өөрийгөө нэг их ирлээд байдаггүй юм аа. Сэтгэл зүйн хувьд ер нь тайван. Нерв багатай. Зүгээр, гараад л барилдчихдаг. Харин барилдахын өмнө урам зориг авах дуртай даа. Чи чадна, чи сайн... гэх зэргээр хурцлаад, урам өгөөд гаргахад их сайхан байдаг.
-Дашбалбар сум хэр олон бөхтэй вэ?
-Улсын начин Дамбадондог гэж хүн бий. Хөдөлмөрийн баатар Баатаржав гуайн аав. Өөр улсын цолтонгүй. Аймаг, сумын цолтнууд бол бий, бий.
-За урилгыг минь хүлээн авч ирж ярилцсанд баярлалаа. Зорилгодоо хүрч улсын цол аваад уншигчидтай минь дахин уулзаарай гэж ерөөе.
-За баярлалаа. Намайг урьж ярилцлага авсан танай сонины хамт олонд бас баярлалаа. Би Дорнод аймгийн ОБХэлтэс, Аврагч спорт хороо, Бүрэн дуулга компаний бөх. Энэ дашрамд үргэлж тусалж дэмжиж явдаг Бүрэндуулга компаний захирал Ц.Бүрэнбаатар ах, Ц.Шийрэв багш хоёртоо болон Дорнод аймгийн ОБХ, нутгийнхаа ард түмэнд бүгдэд нь баярлаж, талархаж явдгаа уламжилъя. Монгол түмэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.
Ярилцсан: С.БАДАМГАРАВ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих