Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэ удаа "сугарч” үлдэх болов уу,
үгүй юу гэсэн эргэлзээ нийгэмд хүчтэйгээр тарж эхэллээ.
Учир нь түүнтэй холбоотой албан тушаал болон авлигын хэргүүд шил
шилээ даран хөвөрсөн юм. Ямар нэгэн аргаар цэвэрхэн сугардаг
түүнийг журмын андууд нь мянга хөөцөлдөөд ч авч үлдэж
чадахгүй байх гэсэн таамгууд хөвөрсөөр.
Учир нь Д.Сугарт одоо л хууль жинхэнэ утгаараа үйлчлэх нь.
Жинхэнэ утгаараа гэсэн үг нь түүний өнгөрсөн он жилүүдэд хийсэн ихэнх
хэрэг нь баримтаар тогтоогдсон тул ийнхүү нэрийдэх болсон юм.
Д.Сугарыг хааш нь ч хөдөлгөхөөргүй баримтууд хөвөрсөөр...
Ямартай ч тэрбээр энэ удаа ёстой л сугарч чадахгүй ацан шалаанд орсныг доорх баримтууд гэрчилж байна.
Тухайлбал Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэслэлээр шалгах хүсэлт АТГ-т иржээ.
Тус газрын хяналт шалгалтаар тэрбээр гадаад дахь данс, үл хөдлөх
хөрөнгөө мэдүүлээгүй нь батлагджээ. Тиймээс түүнд хариуцлага хүлээлгэх
талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан юм.
Мөн АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 7-нд албан бичиг хүргүүлжээ.
Уг бичигт Д.Сугарын хууль бус үйлдэл болон хэдэн арван тэрбум ам.доллараар яригдах хөрөнгө босгосон.
Солонгос, Япон зэрэг улсад өөрийн нэр дээр байр авч, Хонгконгийн "Эйч
Си Би Эс” банкинд данстай байсан нь нотлогдсон тухай дурдсан.
Өөрөөр хэлбэл Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд
535 сая төгрөгийн үнэтэй байр авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Энэ байраа 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй. Уг байраа
2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо
мэдүүлэлгүй нуужээ.
Тодруулбал дээрх орон сууцны үнэд зориулж Ч.Хоролсүрэн хувийнхаа
данснаас 48 сая иенийг уг барилгыг барьсан "Towa Real Estate
Development” компанийн дансанд шилжүүлсний дараа Д.Сугар эхнэрийн хамт
очиж шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ.
Тиймээс эл орон сууцыг худалдан авах мөнгийг "МИАТ”-ийн экс
удирдлагууд "угаасан” мөнгөнөөсөө шилжүүлж байсан байж болзошгүй
гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа юм.
Мөн Хонгконгийн "Эйч Си Би Эс” банкин дахь данс болон "МИАТ”-ийн
захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар
2007 оноос хойш огт мэдүүлээгүй.
Түүнчлэн 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая воноор худалдаж авсан
байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй зэрэг олон но-той
үйлдлүүд илэрсэн байх юм.
Ингээд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга
Ж.Батсайхан "ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн
гэх үндэслэлээр шалгах хүсэлт АТГ-т ирсэн. Шалгалтаар Д.Сугар гадаад
дахь данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогдсон. Үүний дагуу
түүнд хариуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон
УИХ-д албан ёсоор хандсан” гэв.
Хонконгийн банкнаас бэлнээр 50 мянган ам.доллар гаргаж авснаас болж хэрэг илэрчээ
Хамгийн гол нь Д.Сугарын толгой эргэм энэ их хөрөнгийн эх үүсвэр нь "МИАТ” компанийн эрсдлийн сангаас үүдэлтэй.
Тодруулбал 2006 оноос эхэлж "МИАТ”-ийн захирал асан Д.Эрдэнэбилэг
"Дайны эрсдлийн даатгал” гэх зүйлийг тус компанид бий болгосноор
Д.Сугарын мөнгө босгох үйл ажиллагаа эхэлжээ.
Тэгвэл эл хэргийн гогцоог хуулийнхан яаж мэдсэн бэ гэвэл Д.Сугарын
хамсаатнуудынх нь нэг нь Хонконгийн банкнаас бэлнээр 50 мянган
ам.доллар гаргаж авснаас болж энэ хэрэг илэрсэн байна.
Тухайлбал Д.Сугар Хонконгийн "HSBC” банкнаас хоёр удаагийн гүйлгээ
хийж, "МИАТ”-ийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан
О.Тамирын хувийн данс руу 3.654.067 ам.доллар шилжүүлсэн байдаг юм.
Тодруулбал 2007 оны долоодугаар сарын 16-нд 199.941 ам.доллар,
наймдугаар сарын 10-нд 116.956 ам.долларыг шилжүүлжээ. Ямартай ч
түүний хийсэн хэргүүд ар араасаа цуварсаар байна.
Ер нь бол Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа маш олон өмч
хувьчлалыг гувчуулж хувьдаа асар их хэмжээний ашиг олсон гэх хардлага
бий.
Үүнээс Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэр, Улсын цирк, «Говь» компанийн
хувьчлал, «Монголросцветмет»-ийн мэдэлд байсан Баян-Өлгий аймаг дахь
«Асгат»-ын мөнгөний орд.
Мөн "Аэрогеодези” төрийн өмчит компанийг, Буянт-Ухаа дахь хуучин
нисэх буудлын барилгыг МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн
компанид хувьчилсан гэх баримт хууль хяналтынхны гарт бий.
Юутай ч Д.Сугарын нэр холбогдоогүй төрийн өмчит газар алга.
Тэгвэл түүнийг авч үлдэх гарцаагүй баримтууд АТГ болон бусад мөрдөх
албаныханы гарт орсноор эл хэргүүдийг нь нэгтэн шалгахаар боллоо.
МАН-ынхан Д.Сугарыг сугалж авахаар шийдсэн
Энэ хэргээс мултрах зам мөрийг аль хэдийн засаад эхлэсэн гэдгийг баттай эх сурвалжууд хэлж байна.
Өөрөөр хэлбэл МАН-ыг ид хүчээ авч байх үед Д.Сугар ТӨХ-ны дарга болж
хууль бус маш олон үйлдлийг намын нөхөдтэйгээ цуг хийж байсан юм билээ.
Тиймээс МАН-ын нөлөө бүхий хүмүүс өөрсдийнх нь хийсэн хэрэг илчлэгдэнэ
гэж айсан учраас бас л сугалж авахаар нөлөө бүхий эрхмүүдтэй уулзаж
хэрхэх талаараа ярилцаж байгаа аж.
Ямартай ч Д.Сугарын хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж түүнийг дахин сугарч үлдэх үү гэдгийг л харах үлдэж байна.
Р.Саруул
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих