Аймгуудын засаг "ноёд” дундаас сүйхээтэйгээр нэг эрхэм эрхгүй ялгарна. Базаахгүй зүйлээс баараггүйхэн мултарчихдаг "шидтэй″. Энэ хүн бол Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа. Түүнийг 2012 онд билүү дээ, дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байлаа.
Б.Бадрааг Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай "Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа гулгуулсан гээд шалгаж баримт материалыг АТГ-аас бүрдүүлээд Б.Бадраад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хяналтад шилжүүлсэн ч уснаас хуурай гарч дөнгөсөн эр. 2008-2012 засаг дарга хийхдээ энэ эрхэм сав л хийвэл бие муудлаа, Солонгос явлаа, эмчлүүлээ гээд тоотойхон үзэгддэг гэж нутгийн иргэд нь хуучилдаг байв. Гэвч 2012 оны орон нутгийн сонгуулиар дахиад сонгогдоод аймгийн засаг даргаар улиран ажиллаж байна.
Саяхан АТГ-ын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс энэ эрхмийн нэг "но”-г илрүүлжээ. Б.Бадраа нь аймгийнхаа Худалдан авах ажиллагааны албаны даргаар бизнесмэн Б.Батдоржийг томилуулахаар удаа дараа санал болгож, АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг нь хянаж үзжээ .Гэтэл Б.Батдорж нь ашиг сонирхолын зөрчилтэй байсан аж. Энэ талаар аймгийн засаг даргад нь мэдэгдсэн боловч үл ойшоон, дээрх албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Тиймээс Өмнөговь аймгийн засаг даргад хариуцлага тооцуулахаар АТГ-аас ЗГХЭГ-т сэнал хүргүүлсэн байна. Гэвч түүнд хариуцлага тооцолгүй таг чиг болсон гэх. Үүнээс том зүйлээс уснаас хуурай гарч дөнгөсөн засаг ноён ийм зүйлд ч бүдрэхгүй хэмээн даналзаж буй биз ээ.
Үнэндээ Б.Бадраа гэгч хэн бэ? Аймгийнхаа нутгийн зөвлөлийн дарга
нарыг Улаанбаатарт үнэтэй зочид буудалд хүлээн авч дайлдаг гэх хэтэвч
зузаантай дарга.
Б.Бадраагийн "ХААН” банкны хувийн харилцах 5885061266 тоот дансанд 2009
оны тавдугаар сард 831 сая төгрөгөөс "Таван толгой транс” компанитай
байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу хүлээн авсан орлогыг хүн ам, хувь
хүний албан татвар ноогдуулалттай холбогдуулан шалгахад 500 шахам сая
төгрөгийн нуун далдлалт илэрсэн нь хууль хяналтын байгууллагаар
шалгагдах явцдаа өршөөгдөн замхарсан байна.
Сүүлийн хоёр жилд нийт 10 удаагийн захирамжаар орон нутгийн төсвийн 500
сая гаруй төгрөгөөр хувьдаа автомашин авч,Хүрмэн сумын сургуулийн дээвэр
засахын тулд байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзсэн, бүтээн байгуулалтын
гүйцэтгэл огт хийж байгаагүй "Сэврэй хайрхан” групптэй ямар ч тендерийн
шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж 120 сая төгрөгийн санхүүжилт
хийсэн гэх. Энэ мэтчилэн базаахгүй зүйлд нэр хавчуулагдсан байдаг ч
тэрээр сугараад үлддэг. Энэ удаад ч гэсэн Засгийн газар Өмнөговь аймгийн
засаг "ноён”-ыг албан тушаалаас нь буулгах эсэх нь эргэлзээтэй байна.
Тэрээр өдгөөгийн Батлан хамгаалахын сайд, Ажнай гэгддэг Д.Бат-Эрдэнийн
баруун гар нь. Ямар сайндаа л хэдэн жилийн өмнө Засаг даргын орон
тооны бус зөвлөх гэх "сэтэр” зүүлгээд Д.Бат-Эрдэнийг Таван толгой
компанийн ТУЗ-ийн дарга болоход дэмжлэг үзүүлж байсан гэж байгаа.
"Сантранс” компанид мөн л тусгай хамгаалалттай газраас дур мэдэн олгосон
гэх. Энэ эрхэмийн хууль зөрчсөн үйлдлийг илрүүлсэн ч бас л дахиад
бүдэгрээд, хариуцлага тооцолгүй өнгөрүүлэх үү, Ерөнхий сайдаа.
Үргэлжлэл бий.
Х.Тэргэл www.times.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих