УИХ дахь Бие даагчдын зөвлөл даваа гараг бүр мэдээлэл хийдэг уламжлалын дагуу УИХ-ын гишүүн Болорчулуун, Даваасүрэн нар энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлын талаар сэтгүүлчдэд танилцуулж, байр сууриа илэрхийллээ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Улстөрийн намуудын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ хуулийг анх 1990 онд баталж, 2005 онд шинэчлэн найруулжээ. 2005 оны өөрчлөлтөөр дэвшилттэй заалтууд багагүй тусгагдсан боловч намын бүтэц, зохион байгуулалт, гишүүдийн эрх, үүрэг, дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй гэж хууль санаачлагчид үзсэн байна. Иймээс хуулинд багагүй өөрчлөлт оруулж, өнөөдрийн бүх намуудыг шинэчлэн бүртгэхээр тусгажээ. Нам бүртгэх асуудлыг Улсын дээд шүүх дангаараа хариуцдаг байсныг өөрчилж, Сонгуулийн ерөнхий хороогоор дамжуулах юм байна. Гэтэл сонгууль ойртсон энэ үед СЕХ намуудын бүртгэл дээр хугацаа алдах, цаашлаад улстөрийн зорилготой нугалаа, завхрал ч үүсгэж болзошгүй гэдгийг бие даагчид хэлж байна. Өөрөөр хэлбэл СЕХ зарим намуудыг улстөрийн захиалгаар шууд бүртгэх, заримыг нь санаатай болон санамсаргүй шалтгаанаар бүртгэлгүй хугацаа алдах нь сонгуулийн саналын хуудаст нам, хүчний дэс дараалал өөрчлөгдөж будлиан дагуулж болзошгүй гэсэн юм.
Түүнчлэн улстөрийн намуудыг хөрөнгөгүй болгох заалтууд оржээ. Гэтэл тухайн намын гишүүдийн олон жилийн татвар, хандив, хураамжаар бий болсон хөрөнгийг нэгдэлжих, хамтралжих хөдөлгөөн гэдэг шиг нийгэмчлэн хураана гэдэг нь ардчилсан оронд байж болшгүй зүйл. Ингэснээр намууд хэн нэгэн хандивлагч этгээд, хөрөнгө мөнгөтөй хүмүүсийн хараат болж, хандивлагчдынхаа эрх ашгийн төлөө үйлчилж эхэлнэ гэж бие даагчид үзэж байна. Харин 3001-ээс доош хүн амтай суманд намын анхан шатны нэгж, үүр байгуулахыг хориглож өгчээ.
Дорнод аймгийн хувьд Баян-уул, Дашбалбар, Хэрлэн, Цагаан-Овоо гэсэн 4 сум л 3000-аас дээш хүн амтай. Шинэ хууль батлагдсанаар эдгээр сумдаас бусад 10 суманд нь улстөрийн намын үүр байгуулахыг хориглохоор болжээ. Энэ нь иргэдийг намчирхаж талцуулахгүй байх сайн талтай. Цаашид заавал 3001-ээс дээш хүн амтай сумд бус зөвхөн аймгийн төвдөө л намын анхан шатны нэгж байгуулдаг жишиг рүү явах нь зөв гэдгийг бие даагчид онцолсон юм.
Мөн шинэ хуулийн төсөлд улстөрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэхээр гишүүдээсээ хандив авах, дэргэдээ янз бүрийн төрийн бус байгууллага байгуулж ажиллуулах, одон тэмдэг медальтай байх зэргийг хориглох юм байна.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих