Дэлхийн эдийн засаг сорилттой нүүр тулах нь. Олон улсын томоохон хэвлэл болон шинжээчид "2008 оны дэлхийн санхүүгийн хямрал ахин давтагдах магадлалтай” хэмээн анхааруулах боллоо. 2016, 2017 он дэлхийн эдийн засагт ялангуяа банк, санхүү, барилгын салбарт сорилт дагуулсан өдрүүдийг авч ирэх магадлалтай байна.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн топ бизнесмэн Жорж Сорос "Дэлхийн санхүүгийн зах зээл болон түүнд оролцож буй хөрөнгө оруулагчдад санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэх аюул тулгараад байна” хэмээн мэдээлсэн юм. СNВС-гийн шинжээч, 2016 он гарсаар санхүүгийн зах зээлд хатуу ширүүн сорилтууд тулгарч, түгшүүр дэлдэж байна. Энэ оны эхний сард дэлхийн улсуудын хөрөнгийн зах зээлийн индекс (MSCI All-Country World Stock Index) 2015 оны эхэн үетэй харьцуулахад 20 хувиар буюу санхүүгийн салбарт өмнө нь гарч байгаагүй их хэмжээгээр унасан талаар онцлон бичжээ. Газрын тос, нүүрс, зэс гэх мэтээр голлох голлох түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт эрэлтээсээ даваад байгаа энэ үед уналт цаашид үргэлжлэх магадлалтай ажээ. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал тухайн үед дэлхийд хэрхэн сөргөөр нөлөөлж байсан болоод одоо үүнээс ямар шинж тэмдэг нь илрээд байгааг дор харьцуулан хүргэе.
2008-2009 оны санхүүгийн хямралын үед: АНУ-д 2007- 2008 онд орон сууцны, хувийн байншингийн зээлийн эргэн төлөлт муудаж, банкууд нь 100 орчим сая ам.долларын алдагдал үүрч эхэлсэн нь АНУ-д төдийгүй дэлхий нийтэд санхүүгийн хямралыг эхлүүлсэн гэж шинжээчид үздэг. 2008 оны есдүгээр сарын 12-нд АНУ- ын томоохон групп "Lehman brothers” дампуурлаа зарласнаас хэдхэн хоногийн дараа дэлхий нийтээрээ санхүүгийн гүнзгий хямралд автсан гэдгийг ойлгосон юм. 2008 оны дөрөвдүгээр улирал гэхэд анх санхүүгийн зах зээл дээр эхэлсэн тус хямрал дэлхийн эдийн бодит эдийн засаг, үйлдвэрлэл хэмжээнд шууд нөлөөлж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар, 2009 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 28 хувиар унаж байсан нь 1929 оны хямралаас хойш үзэгдээгүй хямрал байжээ.
Хямралын далайцын хувьд (Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, ННФ, 2010 оны судалгаанаас эшлэв) 2009 оны нийлбэр дүнгээр ДНБ-ий өсөлт өмнөх онтой харьцуулахад 2.2 хувиар, хөгжиж буй улсуудын шилжсэн хувийн капиталын цэвэр хэмжээ 70, голлох металл буюу түүхий эдийн үнэ 2008 оны зургаадугаар сарын төвшнөөс 20 гаруй, газрын тосны үнэ 55, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 24 хувиар тус тус буурч байжээ. Тухайн үед Япон, Европын холбооны улсууд, АНУ болон ОХУ-ын ДНБ-ий өсөлт хамгийн ихээр буурч, АНУ, Франц зэрэг өндөр хөгжилтэй улс үндэстнийхээ гол салбаруудад их хэмжээний мөнгөн тусламж үзүүлж дампуурлаас аварч байсан. Түүнчлэн хөгжиж буй улсуудад Дэлхийн банк 12.8 тэрбум, ОУВС 70 тэрбум ам.долларыг тус тус зээлүүлж төсвийн бодлогоор нь дэмжиж байжээ. Харин тухайн үед Зүүн Өмнөд Ази (Хятад, Энэтхэг, Индонези, зэрэг улс багтана)-д энэхүү хямрал бараг нөлөөлөөгүйн дээр Хятадын ДНБ 8.9, Энэтхэгийнх 5,3 хувиар өсч байжээ.
Ийнхүү 2008- 2009 оны хямрал тодорхой нэг шалтгаантайгаар хурдацтай өрнөж, дэлхий нийтээр хямралаас гарах гарцыг ч богино хугацаанд эрэлхийлж олж чадсан. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2008 онд 1.8,2009 онд -2.2 хувьтай гарч байсан бол 2010 онд 2.2 хувь болж өсч байсан. Тухайн үед хөгжиж буй орнуудын эдийн засаг 2008 онд 4.3, 2009 онд -2.2 хувьтай гарч байжээ.
2015 оны эцсээр дэлхийн санхүүгийн нөхцөл байдал: Тэгвэл одоо өрнөөд байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулж үзье. 2014 оны эцсээс дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн огцом буурч санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэж, ам.долларын ханш чангарсаар байгаа нь дэлхийн эдийн засагт хямрал дуудаж байна. Энэ бүх үйл явц 2008 оны санхүүгийн хямралтай харьцуулахад алгуур өрнөж байгаа, цаашид 2-3 жилийг хямрах эрсдэлтэй хэмээн зарим олон улсын шинжээч үзэж буй. Тухайлбал, голлох ашигт малтмалын ханш 2019 оноос сэргэж эхэлнэ хэмээн тэд таамаглаж байна. Газрын тосны нэг баррель 27 ам.долларт буюу доод төвшиндөө хүрч буурсан. 2015 оны эцсийн байдлаар баррель газрын тосны үнэ өмнөх оны мөн үеэс 19.2 ам.доллар буюу 32 хувиар, зэсийн үнэ 1795 ам.доллар буюу 27,9 хувь нүүрс нэг тонн дунджаар 20 орчим ам.доллар буюу 46 хувь, нэг унц алт 134 ам.доллар буюу 11.1 хувиар буурсан байгаа юм. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг 2.4 хувиар өссөн бол энэ жил 2.9 хувьд хүрэхээр байгааг Дэлхийн банкны "Эдийн засгийн төлөв”-т онцолсон. Дэлхийн хоёрдогч том эдийн засаг Хятадын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 25 жилийнхээ доод төвшин буюу 6.9 хувийн өсөлттэй гарсан. Түүхий эдийн хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн уцаашрал манай улсад төдийгүй дэлхий нийтэд хямралын аюулыг дагуулж байна.
Дэлхийн санхүүгийн зах зээл хязгаарлагдах болсон нь өсөлтөд саад болж байна. Түүнчлэн ам.долларын ханш чангарсаар байгаа нь өндөр орлоготой улсуудын эдийн засгийн өсөлтийг хүлээж байснаас удаашруулах нь. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд 4.8 хувиар тэлэх төлөвтэй байгаа бол Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарахаар байгаа 2% бол Бразил, ОХУ-д мөн эдийн засгийн идэвхжил суларсан байдал хэвээр хадгалагдахаар байгаа юм.
2008-2009 оны санхүүгийн хямрал нь АНУ-ын барилгын салбарын уналтаас үүдэлтэй буюу үүсэн, шалтгаан нь тодорхой байсан бол одоо үүсээд буй нөхцөл нь, дэлхийн санхүүгийн салбарын уналт, Хятадын эдийн засгийн удаашрал, түүхий эдийн ханшийн хямдрал болон ам.долларын ханш чангарч буй зэрэг нь дэлхий даяар илүү өргөн хүрээг хамарсан, урт хугацааны хямралыг дагуулахаар байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.
Б.УУГАНБАЯР
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих