Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулах гэсэн оролдого үргэлжилсний эцэст АН, МАХН-МҮАН-ын хамтарсан Шударга ёс эвсэл, ИЗНН-ынхан засгийн тэргүүнээ амжилттай хамгаалж үлдсэн. Огцруулах саналыг дагасан улс төр дээр дооргүй өрнөж, МАН болон МАХН тэргүүтэй улс төрийн хүчнүүд өөр өөрийн "тоглолтыг" толилууллаа.
Эцэст нь МАХН-ын дарга Н.Энхбаяр сүүлийн хэдэн сарын турш яригдаад буй Шадар сайдын асуудлаар Ерөнхий сайдтай тохироонд хүрч байж Ерөнхий сайдыг огцруулалгүй авч үлдсэн гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэдний мэдээлж буйгаар Ерөнхий сайд өөрийгөө огцруулахгүй байхын тулд Н.Энхбаярт Шадар сайдын суудалд томилж, Ц.Оюунбаатар Шадар сайдыг Эрүүл мэнд, Спортын сайдад томилох тохироо юм. Эвслийн бүлгийн гурван гишүүн болох Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээнд Дубайд очиж гарын үсэг зурсан нь огцруулах шалтгаан хэмээн үзээд анхлан санаачилсан юм.
Харин Ерөнхий сайд тэдэнд бичгээр албан ёсоор баталгаа гаргаж өгөөгүй ч найдвартай гэх аман тохироог хийсэн гэх. Магадгүй Ерөнхий сайд нэг талаасаа болгоомжлох нь зүйтэй л дээ. Өмнөх Ерөнхий сайд Н.Энхбаяртай бичгээр гэрээ байгуулснаас болж огцрох үйл явц нь шулуудаж байсан удаатай.
Тэгвэл АН-ын шийдвэр гаргагчдын нэг болох Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл уг асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ "Энхбаяр Шадар сайд болвол нийгэмд маш аюултай байдал үүснэ! Хоригдолууд дарга болох гэж зүтгэнэ" гэв. Энэ бол Н.Энхбаярын Шадар сайдад дэмжихгүй гэсэн үг. Хотын дарга Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад ихээхэн нөлөөлсөн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяртай 2020 он хүртэл хамтрах гэрээ байгуулснаар буруудсан түүхтэй.
Харин нөгөө талд МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт телевизийн нэвтрүүлэгт орохдоо Шадар сайдад зүтгэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр "Та өөрөө ажил битгий гол гэдэг. Одоо та Шадар сайдын ажлыг голох хэрэггүй гэж намынхан шахсан. Тэгье ээ гэсэн" гэв. Энэ нь түүнийг тохироо хийсэн. Бүр цаашилбал Шадар сайдад томилогдох хүсэлтэй байгаа гэдгээ нуулгүй мэдэгдсэн хэрэг боллоо. Харин түүний хүслийг Ерөнхий сайд биелүүлж өгөх эсэх нь тун эргэлзээтэй. Нэгдүгээрт уг асуудал хэтэрхий олны анхаарлын төвд орчихлоо. Хоёрдугарт Ерөнхий сайд намын нөхдийнхөө эсэргүүцлийг төрүүлэх үйлдэл хийхгүй нь тодорхгүй. Магадгүй дахин огцруулах үйл явц өрнөхгүй ч гэх газаргүй. Гуравдугаарт МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилуулах хүсэлтийг өргөн барьсан даруйд Ерөнхийлөгч өөрийн байр сууриа хуулийн зөвлөхөөрөө төлөөлүүлэн илэрхийлсэн. Тэрбээр "Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа дуусаагүй байгаа. Гэхдээ энэхүү асуудалд Засгийн газраас албан ёсоор бичиг ирсэний дараа хариулт өгнө" гэсэн юм. Мэдээж үүнийг хамгийн их эсэргүүцэх хүн нь Ерөнхийлөгч гэгдэх ч яриа гараад байгаа юм.
Ямартаа ч МАХН-ынхны даргаа Шадар сайдад томилох үйл явц аль ч өнцөгөөс харсан өдрийн бодол, шөнийн зүүд хэвээр үлдэж талаар болох бололтой.
Г.Лхагваа /ZALUU.COM/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих