Тэрбээр 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу /одоогийн Чойбалсан сум/-нд төрсөн. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээн рүү оргож, ачаа бараа зөөх ажил хийж байв. Улмаар 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ. 1917 оны Оросын хувьсгалын улмаас Х.Чойбалсан эх нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан үндэсний ардчилсан үзэлтэн Д.Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав.
23 настай залуу Чойбалсан 1918 онд байгуулагдсан Консулын хувьсгалт бүлгийн гишүүн болж, Орос хэл мэддэг тул ЗХУ-аас тусламж гуйх анхны 7 хувьсгалчийн бүрэлдэхүүнд багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. Иймээс ч тухайн үед Монгол оронд үүрлэсэн Оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавъяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байв.
1935 оноос Сталины шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдов. Энэ үеэс түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүний зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ.
Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ , Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба "Японы тагнуул”, "Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтаг болов. Энэ нь хожим Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна.
Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзлээ. Ингээд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна. МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан учраас энэ Үндсэн хуулийг "Маршал Чойбалсангийн Үндсэн хууль" гэж нэрлэж байлаа.
1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор БНМАУ-ын гол холбоотон - Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхлэв. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 938 вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгч, танкийн бригадын бүх хангалтыг дайн дуустал хариуцаж байв.
Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын бага хурлаар дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох "Гадаад монголын статус квог хэвээр байлгах"-ыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болов. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авчээ.
"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Тэрбээр таалал төгсөхийнхөө өмнө "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” хэмээн хэлсэн байдаг.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих