Сүүлийн үед манай зарим улс төрч, эдийн засагчид мега төсөл гэж их ярих, бичих боллоо. Жишээлбэл, Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих болон Нийслэлд барих V дулааны цахилгаан станцуудыг мега төсөл гэж нэрлэж байна. Эдгээр төсөл нь манай орны хувьд гарцаагүй том төслүүд, гэхдээ зөвхөн Монголын мега төслүүд гэж хэлж болох байх. Харин олон улсад тогтсон практикаар бол тухайн улс, бүс нутгийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг ийнхүү нэрлэдэг юм билээ.
Манай орны хувьд бол хоёр хөрш гүрэнтэй буюу ОХУ, БНХАУ-тай холбоотой дэд бүтцийн төслүүд жинхэнэ мега төслүүд юм. Дэд бүтцийн төслүүд нь өртөг өндөртэй, тэдгээрийг бүрэн босгоход урт хугацаа шаардлагатайгаас гадна олон арван жил, тэр ч бүү хэл хэдэн зуун жил ч ашиглагдаж улс орон, бүс нутгийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг, бүр тодруулбал геостратегийн шинжтэй байдгаараа онцлогтой. Петербург-Москваг холбосон төмөр замыг 8 жил барьж 1851 онд, 9300 километр урттай Транссибирийн төмөр замыг 1891-1903 онд буюу 12 жил барьж ашиглалтад оруулснаас хойш одоо хүртэл ашиглагдаж байгаа бөгөөд цаашид ч удаан хугацаанд ашиглагдаж таарна. Эдгээр төмөр замгүйгээр Орос орныг төсөөлөх аргагүй. Мега төслүүдийн орчин цагийн тод жишээ гэх юм бол Орос, Хятадыг холбох хийн болон нефтийн хоолойн төслүүд байна. Мөн сүүлийн үед "Шинэ торгоны зам”, "Эдийн засгийн коридор”, "Талын зам” г.м. нэртэй цогц төслүүдийн талаар ярих болсныг онцлох хэрэгтэй юм.
За ингээд манай оронтой холбоотой ямар мега төслүүд байж болох вэ гэдгийг авч үзье.
Төмөр зам
Хоёр хөршийг холбосон шинэ төмөр зам барих, одоо байгаа "Улаанбаатар” төмөр замыг шинэчлэх (хос замтай болгох, цахилгаанжуулах) төслүүдийг юуны өмнө дурьдах хэрэгтэй байх (тодорхой ордуудыг ашиглахтай холбоотой учраас Таван толгой, Нарийн сухайтаас улсын хил хүртэлх төмөр замуудыг энд орохгүй гэж бодож байна. )
Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээвэрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тодорхойлох явдал юм. Зөөх ачаа нь жилд 30-40 сая тоннд хүрсэн тохиолдолд төмөр замыг хос болгох, 100 сая тонн хүрсэн тохиолдолд цахилгаанжуулсан хос зам болгох жишээтэй. Иймээс "Улаанбаатар” төмөр замыг хэзээ хос замтай, хэзээнээс цахилгаанжуулсан хос замтай болгох нь ачааны урсгалаас хамаарна. Уг төмөр замын хувьд хамгийн ашигтай нь Орос-Хятадын хоорон дахь транзит тээвэр учраас түүнийг нэмэгдүүлэхийн тулд манай нутгаар тээвэрлэх болон хилийн боомтууд дээр зогсох хугацааг багасгах, дээр нь өрсөлдөж чадахуйц уян хатан тарифтай байх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Ингэснээр ачаа илгээгч, хүлээн авагчийн сонирхол бий болж улмаар өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ.
ОХУ болон БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байгаа. ОХУ-аас мэдээж байгалийн хий, нефть голлон нийлүүлж таарна, гэхдээ цаана нь байгалийн баялгаас гадна мод, бордоо зэрэг овор ихтэй ачаа нийлүүлдэг тул тэдгээрийг гарцаагүй төмөр замаар тээвэрлэх болно. Харин БНХАУ-аас ОХУ болон Европын орнууд руу гол төлөв аж үйлдвэрийн болоод хүнсний бараа бүхий чингэлгүүд тээвэрлэдэг. Чухам эдгээр бараа ачаанаас л манай нутгаар тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэх нь чухал. Оросууд Хятадаас Европ руу чиглэсэн ачааг Монголын нутгаар тээвэрлэх сонирхолтой гэж бодож байна. Учир нь, манай нутгаар тээвэрлэж Транссибирийн төмөр замд хүргэснээр түүний ачаалал нэмэгдэхээс гадна "Улаанбаатар” төмөр зам нь хоёр орны хамтарсан аж ахуйн нэгж.
"Улаанбаатар” төмөр замыг шинэчлэх төслөөс гадна Монгол орны баруун, зүүн хэсгээр хоёр хөрш орныг холбосон төмөр зам барих төслүүд яригддаг. Манай орны баруун хойд хэсгээр хиллэдэг ОХУ-ын БНТуваУ-д сайн чанарын чулуун нүүрсний томоохон орд бий. Оросууд уг ордоос нүүрсийг БНХАУ руу гаргах талаар нилээд идэвхтэй ярьж, судалж байна. ОХУ-ын Кызыл хотоос манай Улаангом, Ховд, Булганыг дайруулаад Хятадын Өрөмч хот хүртэл 1800 километр төмөр зам барих урьдчилсан ТЭЗҮ хийсэн байна лээ. Үүнээс Монголын нутгаар өнгөрөх урт нь 800 километр. Мөн Кызылээс Эрдэнэт хүртэл төмөр зам тавих тухай бас яригдаж байна. Өнөөдрийн байдлаар "Northern Railways” компани Эрдэнэтээс Овоот хүртэл 547 километр зам барих зөвшөөрөл аваад 2016 онд ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад байна. Хэрэв Овоот хүртэл төмөр зам тавигдах юм бол Монгол-Оросын хилийн Арцсуурь боомт хүртэл 230 километр, цаашаагаа Кызыл хүртэл 300 гаруй километр юм. Кызыл-Эрдэнэтийн төмөр зам тавигдвал манай "Улаанбаатар” төмөр замын ачаалал үлэмж нэмэгдэх сайн талтай. Харин зүүн чиглэлийн замаар ямар хэмжээний ямар ачаа тээвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Автозам.
Монголын "Chinggis international Group” нэртэй компани Алтанбулагаас Замын-Үүд хүртэл, өөрөөр хэлбэл манай нутгаар дайруулан Орос-Хятадыг холбосон хурдны авто зам барих төсөл боловсруулаад байна. Мянга гаруй километр урттай уг замын нийт өртөг нь 10-12 тэрбум ам доллар байх юм гэсэн. Хэрэв энэ төсөл хэрэгжиж эхэлбэл яах аргагүй мега төсөл болно. Энд харин хурдны авто зам уул уурхайн гаралтай биш, гол төлөв зорчигч, аж үйлдвэрийн болон хүнсний бараа тээвэрлэхэд зориулагддаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Хийн ба нефть дамжуулах хоолой
ОХУ байгалийн хий болоод нефтийн асар их баялагтай орон. Тус улс төсвийн орлогынхоо дийлэнх хувийг чухамхүү байгалийн хий, нефтийн борлуулалтаас бүрдүүлдэг. ОХУ хийн болон нефтийн хоолойн өргөн сүлжээгээр Европын олон оронд хий, нефть нийлүүлдэг бөгөөд сүүлийн үед Азийн орнуудад нийлүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна.
Байгалийн хийн хувьд гэвэл 2014 онд ОХУ-ын "Газпром” БНХАУ-ын CNPC-тай хий нийлүүлэх талаар хэлэлцээр байгуулсан. Хийг баруун болон зүүн чиглэлээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зүүн чиглэлээр тавих хийн хоолойгоо ("Сила Сибири” гэж нэрлээд байгаа) барьж эхлээд байна. Харин баруун чиглэлээр хоолой тавих маршрутаа өнөөдрийн байдлаар эцэслэн тохироогүй байна. Хэрэв хоолойг Монголын нутгаар явуулбал илүү дөт учраас тэр хэмжээгээр хямд болж, барих хугацаа нь богиносно гэдгийг манай тал ойлгуулах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн оны сүүлээр Бээжин хотноо БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүмүүстэй уулзахад тэд хэрэв оросын тал зөвшөөрвөл хийн хоолойг Монголын нутгаар дайруулахад татгалзах зүйлгүй гэж ярьж байсан.
Нефтийн хоолойн хувьд гэвэл ОХУ-ын Сковородиногоос БНХАУ-ын Дачин хүртэлх хоолойг 2011 онд ашиглалтад оруулсан. Иймээс манайхаар дамжуулж нефтийн шинэ хоолой тавих асуудлыг ойрын үед бараг л ярихгүй болов уу. Харин төмөр замаар нефть нийлүүлэх сонирхолтой байгаа. "Роснефть ” компани 2016 онд "Улаанбаатар” төмөр замаар 3 сая тонн түүхий нефть БНХАУ руу тээвэрлэхээр захиалга өгөөд байна.
Эрчим хүчний шугам
Оросын Зүүн Сибирь эрчим хүчний илүүдэлтэй байдаг. Эрхүүгийн, Братскийн, Усть-Илимийн, Богучаны гэсэн 4 аварга усан цахилгаан станц, манай ТЭЦ-IV –өөс илүү том арваад дулааны цахилгаан станцтай "Иркутскэнерго” компани илүүдэл эрчим хүчээ Монголоор дамжуулан БНХАУ-д нийлүүлэх талаар олон жил ярьж байна. Гэтэл манайх өөрсдийн нүүрсний ордуудаа түшиглэн дулааны цахилгаан станцууд барьж бас БНХАУ-д эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байдаг. Өнгөц харвал Орос, манай хоёрын сонирхол давхцаж байгаа мэт боловч хэрэв гурван орныг холбосон эрчим хүчний шугам тавигдах юм бол Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн системийн бүрэлдэхүүн хэсэг нь болж аль алиндаа ашигтай байх болно гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Ер нь энэ талаар илүү тодорхой судалгаа хэрэгтэй байгаа юм.
Бусад төслийн тухайд
Монголоор дайруулан холбооны шинэ шугам тавих, агаарын шинэ зам нээх зэрэг төслүүдийн талаар ярьдаг. Эдгээр нь ач холбогдол, хөрөнгө оруулалтаараа мега төслийн хэмжээнд хүрэхгүй гэж бодож байна. Гэхдээ энэ бол хувь хүний л бодол.
Монгол, Орос, Хятадыг хамарсан дэд бүтцийн эдгээр төсөл нь заавал гурван талын оролцоо шаардах тул төслүүдийг судлах, эхлүүлэх дараалал, хугацааг тодорхойлох, санхүүжүүлэх эх үүсвэрийг нь тохирох, гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч байгууллагуудыг сонгох зэрэг үүрэг бүхий гурван орны хамтарсан Олон улсын төсөл, хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулах хэрэгтэй юм.
Судалгааны ийм төв байгуулах тухай санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд ОХУ-ын Уфа хотноо болсон хөрш гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр дэвшүүлсэн. Нэгэнт манай Ерөнхийлөгч анх санааг нь гаргасан учраас уг төвийг байгуулах баримт бичгийн төслийг боловсруулан бэлтгэж гурван тэргүүний дараагийн уулзалтын үеэр гарын үсэг зурах ажлыг Гадаад хэргийн яам бэлтгэж байгаа гэж найдаж байна. Мөн манай Гадаад хэргийн сайд ОХУ болон БНХАУ-тай эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын комиссуудыг ахалдаг гэдгийг дурьдах хэрэгтэй.
Төслүүд янз бүрийн салбарт хамаарагдах учраас тодорхой яам, агентлаг биш (төрийн байгууллага нь бас нэг шат дамжлага болж хувирдаг аюултайг анхаарах хэрэгтэй), харин банк-санхүүгийн байгууллага эсхүл олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн оролцоотой корпораци байвал илүү зохимжтой гэж үзэж байна. Жишээ нь, манай улсаас Хөгжлийн банк эсхүл "Эрдэнэс МГЛ” корпораци, Оросын болоод Хятадын талаас эдгээртэй ижил төрлийн байгууллага байж болох юм. Хэрэвзээ нарийн тооцоо бүхий судалгаатай төсөл боловсруулж, хэрэгжүүлэх сонирхогчийг нь олох юм бол Азийн хөгжлийн банк (дүрмийн сан нь 55 тэрбум ам.доллар), шинээр байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (дүрмийн сан нь 100 тэрбум ам.доллар), "Торгоны зам” сан (40 тэрбум ам.доллартай) зэрэг банк-санхүүгийн байгууллагуудад санхүүжилтийн талаар хандах боломжтой гэж бодож байна.
Монголыг дайран өнгөрөх дэд бүтцийн төслүүдэд хоёр хөршийн буюу Орос, Хятадын оролцоо, хөрөнгө оруулалт заавал байх ёстой гэж бодогддог. Ингэснээр эдгээр төсөл үр ашигтай байх баталгаа бий болно. Өөрөөр хэлбэл ачаа илгээгч болон ачаа хүлээн авагч буюу худалдагч болон худалдан авагчийн оролцоо байх юм бол тэд төслийг аль болох ашигтай байлгахыг зайлшгүй эрмэлзэж таарна.
Дэд бүтцийн эдгээр мега төслийг хэрэгжүүлэх нь манай орны нийгэм-эдийн засгийн амьдралд онцгой ач холбогдолтой учраас сонгуульд орох гэж байгаа улс төрийн намууд, сонгуулийн ур дүнд байгуулагдах Засгийн газар хөтөлбөртөө энэ талаар авах арга хэмжээний талаар тодорхой үе шатчилсан заалт оруулах нь зүйтэй юм.
Эцэст нь дурьдахад Орос, Хятадтай харилцах харилцаа нь манай орны хөгжил, аюулгүй байдалтай амин холбоотой учраас энэ хоёр оронтой харилцах харилцааны асуудлыг өргөн цар хүрээтэйгээр алс хэтийн (арав, хорь, магадгүй тавин жилийн дараах) төлөвийг тодорхойлон судалж байх хэрэгтэй юм. Ийнхүү томоор харж судалдаг хүн, байгууллага байдаг эсэхийг мэдэхгүй учраас ингэж бичиж байгаа юм. Хэрэв ийм судалгаа хийгддэггүй бол ҮАБЗ, ГХЯ, ШУА-ийн зохих бүтцүүд үүнийг системтэй ажил болгох ёстой гэж бодогдож байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих