Бичин жилийн сар шинийн өдрүүдэд ХҮН хэмээх нам дотор бөөн асуудал үүсээд байна. Хөдөлмөрийн үндэсний нам хэмээх тус намыг байгуулагдах үеэс нь л С.Ганбаатарынх гэлцдэг байсан. Түүнийг батлах мэт өнгөрсөн сард С.Ганбаатар ХҮН-д элсмэгцээ, намынх нь дарга болж билээ. Түүнийг уг намд элсэх үед болон түүнээс өмнөхөн хэд хэдэн томоохон бизнес эрхлэгчид тус намд элссэн. Дөнгөж ийнхүү хөлөө олж эхэлсэн нам энэ хүрээд хагаралд хүрч байгаа нь гайхалтай хэрэг. Сар шинийн өмнөхөн ХҮН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыгаа чөлөөлж, оронд нь Н.Одонгуа хэмээх эмэгтэйг томилжээ.
Гэтэл Удирдах зөвлөлийнхөө олонхиос удирдах арга барилд нь дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэн Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Доржханд нь сар шинийн өдрүүдэд ХҮН-ын генсек хэвээр байгаа мэт өөрийгөө сурталчилж явсан гэнэ. Удирдах арга барилд нь дүгнэлт хийнэ гэдэг намын ажлыг авч явж чадахгүй байна гэсэн үг. Харин Н.Одонгуа нь тус намын анхны үүсгэн байгуулагчдын нэг Сувилахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан өндөр боловсролтой нэгэн гэнэ. Т.Доржханд өөрийг нь генсекээс чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй, генсек хэмээх нэрээрээ зарим ахмадууддаа хүндэтгэл үзүүлжээ. Т.Доржханд болон түүнийг дэмжигчид С.Ганбаатарыг хуучин хүмүүсээ зайлуулж, өөрийн багийг бүрдүүлж, хуучин гишүүдийг нь тоглоомын тойргоос гаргах гэж буй хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Үнэхээр ч ХҮН-д томоохон асуудал үүссэнийг тус намын нийслэлийн намын хорооны дэд дарга Ц.Түвшинтөр өөрийн албан тушаалаасаа татгалзаж байгаагаараа мөн мэдэгджээ. Тэрбээр намын даргадаа хандаж, "ХҮН дээд үзлийг өмнөө тавин улс орныг хямралаас гаргах, зөв хөгжилд хөтлөх зөв бодолтой залуус ХҮН-д нэгдлээ гэж бодож байсан. Би эндүүрч. Та намын даргаар ирлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга буулаа. Энэ бүхнийг би харлаа. Зөв бурууг би дэнслэхгүй ээ. Шударга үнэн миний хувьд агаар юм. Түүнгүйгээр би үхэх гээд байдаг юм. Хөдөлмөрийн үндэсний намын гишүүнчлэлээс миний бие өнөөдрөөс эхэлж татгалзаж байна. Гишүүнчлэлээс хасч өгнө үү” гэжээ.
Тэгвэл мөн тус намын гишүүн Ө.Мөнхбат хэмээх залуу ч намын дарга С.Ганбаатартаа хандаж захидал илгээжээ. Эдгээр захидлаас харвал Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлсөн болон С.Ганбаатар намын дарга болсон нь Ц.Түвшинтөр, Ө.Мөнхбат нарт төдийгүй бусад цөөнгүй нөхдөд таалагдсангүй бололтой. ХҮН-ын дарга С.Ганбаатар, ер нь тус намынхан улс орны ирээдүйн эзэд нь бид гэдэг ч үнэндээ намын төлөвшлийн эхнийхээ давааг ч даваагүй байгааг уг явдал харуулж байна.
Бүхэл бүтэн 26 жил АН хөл толгойгоо гүйцэд олж чадаагүй байхад ХҮН ч аргагүй хэмээх хүн цөөнгүй байна. Ядуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд популистуудыг дэмжих шалтгаан болж байгаа ч улс төрийн намууд төлөвших яагаа ч үгүй эндээс харж болох юм.
МАШ НУУЦ сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих