Авъяасын бахархал, бардамнал гэж бий. Уран бүтээл нь амилах, тэр нь уншигч, үзэгч, сонсогчдын хүртээл болох гэдэг яахын аргагүй бардамнал бахархалыг зохиогчдод нь төрүүлдэг. Уран бүтээлчид бид "би” хэмээсэн бардам ихэмсэг, нэрэлхүү эрхэмсэг атлаа өрөвч гуниглант улс байдаг. Мөн нэгнээ үнэлэх нь бүү хэл үгүйсгэж үл тоосон хүмүүс. Яруу найрагчдаас сэтгэл л ханхалж байх байх ёстой. Тэд нар бол цул сэтгэлийн иргэн билээ. Амьд цэнхэр орчлон аялгуут шүлгээр хагсарч уйдахын цагт хүн төрөлхтний оюуны дотоод мэлмий харанхуйлан будангуйрч сохор худаг мэт болох учраас дэлхий ижийгээ, хүмүүн төрөлхтнөө, бие биенээ дээж аялгуугаар тэжээн тэтгэхгүй бол энэ амьдрал гэдэг чинь юу болохсон билээ. Тэр дээж аялгууны нэг нь дуун яруу найраг бүлгээ. Хөөмийн эгшгээр хөх тэнгэр гандвал, уртын дуугаа уудам тал үгүйлбэл, морин хуураар нүүдэлч амьдрал цангавал, молор шүлгээр хүний сэтгэл дутвал, монгол амьдрал, монгол сэтгэлгээ, монгол хайр, монгол ухаан... тамын ёроолд унаж байгаа нь тэр ээ.
"Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг” дууныхаа шүлэг хэрхэн тэрлэгдсэн тухай сонирхуулъя.
- 1995 он гээд ярихлаар одоо цагийн залууст их эртний юм шиг санагдах биз. Хэн хүний сэтгэлд хүрсэн, зүрхэнд нь шингэсэн уран бүтээл хэзээ ямагт мөнх залуугаараа л үлддэг жамтай. Энэ шүлгийг бичихдээ 29 настай залуухан явж дээ.”Монголын залуучууд” сонинд ажиллаж байлаа. Тэр жил Монгол Улсын засгийн газраас 1995 оныг "соёлын жил” гээд зарлачихсан олон, олон урлаг соёлын арга хэмжээнүүдийг хөдөө орон нутагт түлхүү явуулж байлаа. Соёлын яамны сайдаар манай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ажиллаж байсан үе. Монголын залуучуудын холбооноос Соёлын яамтай хамтран Сүхбаатар аймагт 14 хоног урлагийн бригад гаргаж бүх сумдаар явж үйлчлэх арга хэмжээг сурвалжлах завшаан тохиолоо. Манай багт урлагийнхнаас одоо энэ "Дунгаамаа”-г дуулдаг "Улаанбаатар” чуулгын дуучин Баасанжав, ардын дууны гайхалтай уран бүтээлч, дуучин Гэрэлмаа, хөгжмийн зохиолч Ганбаатар яагаав нөгөө МУГЖ Далантай, Эрдэнэцэцэг нарын хамтран дуулдаг "Сайхныг чинь харангуутаа дурласан юм...” гээд дуулдаг дууны үг аяыг зохиодог нөхөр, ДБЭТ-ийн гоцлол дуучин, аа нөгөө хэн билээ манай нутгийн нэг залуу бий, МСЭ-ийн Ерөнхийлөгч, СГЗ Б.Галааридийн дүү л дээ, нэрийг нь санадаггүй ээ.
Тэгэхэд мань нөхөр СУИС-ийг дөнгөж төгсөж байсан юм. Ромбоо Шилийн Богд дээр угаана гээд явж байсан юм. За тэгээд хүүхдийн "Соно” сэтгүүлийн эзэн, зураач А.Бат-Эрдэнэ,
Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол хөгжимчид, эрүүл мэндийн салбараас ч нарийн мэргэжлийн эмч нарын баг явсан. Тэднийг одоогийн энэ нэгдүгээр эмнэлэгийн дарга болсон нэг мэнгэтэй нөхөр байгаа биз, тэр нөхөр удирдаад, шавилхан шар залуу дуучин Гэрэлмаатай сүжрээд л хөгжилтэйхэн явж байсан даа.
Сүхбаатар аймгаас ч нэлээдгүй хүн хүч нэмэгдсэн.Бид Сүхбаатар аймгийн бүх сумдаар тойрсон. Нэг орой Эрдэнэцагаан суманд хүрч концерт тоглож, эмч нар үнэгүй үзлэг явуулж, концерт тоглож орой нь залуучуудын дунд үдэшлэг явагдаж байх хойгуур дуучин Баасанжав, манай сонины эрхлэгч яруу найрагч Н.Лутбаяр бид гурав Лутаагийн ахынхаас өдөр нь авчирсан гурван литр монгол архиа хүртэхээр байрлаж байсан байр руугаа явлаа. Манай Н.Лутбаяр эрхлэгч чинь төрсөн нутагтаа ирчихээд байгаа нь тэр байхгүй юу? Тэгээд шимийн юмаа хүртэж суутал Лутаа маань гэнэт "өдөр нэг ийм шүлэг бичлээ” гээд
Алдуул морь шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг адуу шиг сайхан
Найдах хүнгүй халамцуу явахад
Нутгийн ах нар аав шиг минь сайхан гэж ирээд л нөгөө аялгуу сайхан дуу болон эгшиглэсэн "Аавын нутаг” гэдэг шүлгээ анх уншдаг байгаа. Тэр өдөр нь тэрлэсэн юм билээ. Ингээд бид гурав баахан л онгод далласан шүлэг найрагт умбадаг юм байна. Ийм үед сэтгэл хөглөгдөнө гэж жигтэйхэн шүү дээ. Гэтэл Бааска хэлж байх юм.
-Бид эр хүн байтлаа яагаад хайрлаж дурласан хүүхэнтэйгээ амраглаж цэнгэж амьдарч чаддаггүй юм бэ? Яагаад ингэж "Оройтсон бороо”-г дуулж гансарч суух юм. Ер нь монгол эр хүн чинь эрт цагаас л элдэв аргаар хайрлаж дурласан хүүхнүүдээ аваад суучихдаг шүү дээ гэж ирээд баахан омгорхол ярьлаа. Тэр үед "оройтсон бороо хавар ирнэ үү, оройтсон хайр чамайг нэхнэ үү” ч бил үү тийм нэг дуу моодонд орчихсон байсан юм. Надад нэг тийм аатай, зайтай эр хүний бархам аялгуу цээжинд яваад байдаг юм, шүлэг хэрэгтэй байна гэж байна. Тэгээд би бодлоо, болмоор ч юм шиг санагдахаар нь би бичээд маргааш чамд уншиж өгье, болно гээд л сэтгэлийн халилаар аваад хаячихлаа.Тэр шөнө бид хэд оволздогоороо оволзож баахан бужигналдаж байгаад амрах болоход би амлалтаа санагалзан үзэг цаас ноцолдуулан шөнө хугаслаж билээ.Үзэг цаас нийлүүлэхэд л "Бурхан багшийн дутаасныг хүн гүйцээгээд хэрэггүй ээ” гэсэн мөрүүд л хамгийн түрүүнд буулаа. Тэгэхээр нь тэр чигт нь л сийрүүлчихлээ. Уг нь би нөгөө хүүхнээ хүчээр ч болох нээ аваачаад суучих гээд байдаг. Тэгтэл өвөг дээдсийн "суудал мэнгэ нь зөрчихсөн, төөрчихсөн хосууд ерөөсөө ханилахын заяагүй байдаг” гэсэн үг орж ирээд болдоггүй. Тааллаараа болог гэж бодоод онгодоороо л буулгачихлаа. Тэгээд уншаад үзсэн чинь
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь
Миний зүрхний гэгээн гуниг минь
Бурхан багшийн дутаасныг хүн гүйцээгээд хэрэггүй юм
Буян заяа гэдэг чинь тэнгэрийн л хишиг юмуу гээд л хөвөрч өгчээ.
Болгох талаас нь буцаагаад жаахан оролдлоо. Болдоггүй ээ. Тэгэхээр нь тэр чигээр нь цааш нь үргэлжлүүлсэн дээ. Өөр яахав. Ерөөсөө энэ шүлэг дахилтнаасаа эхэлж төрсөн юм шүү. За тэгээд маргааш нь бид Эрдэнэцагаан сумаас эрт хөдөлж Шилийн Богд дээр гарах ёстой байлаа. Нэг их манан хөллөсөн сайхан хур чийгтэй налгар өглөө.
Ер нь тэр жил Сүхбаатар аймаг жаахан гандуу байсан. Биднийг тэгж сумдаар явж байхад бороо орж ган тайлагдлаа гэж нутгийн хүмүүс их сайхан хүлээж авч байсан юм шүү. Манай багийнхан замдаа Талын агуйгаар орж цаашаа битүү цагаан манан сүвлэн давхисаар Богдын оройд гарлаа. Нөгөө хэн маань ромбоо угааж Бааскатай хамт "Эр бор харцага”-ыг хадаагаад л, Лутаа "Аавын нутаг”-аа уншаад л бужигнаад явчихаж байгаа юм чинь. Ингээд миний ээлж ирж шөнөжингөө нухсан "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг”-аа цахиртууллаа даа. Манай "Монголын Залуучууд” сонины 75 жилийн ой гэсэн дардастай хэдэн тэмдэглэлийн дэвтэр, Завханы Богд Очирваанийн арц хүж хэд хэдэн уутаар савлагаатайгаар манай Лутаагийн богцонд явсныг гаргаж задлаад тэнд уугиулж мандуулаад их л хөл хөөрцөг боллоо. Манай Лутаа Завханд олон жил сууж амьдрал, уран бүтээлээ туурвиж явсан болохоор тэр зүгийн бурхан жанлавт сүсэгтэй нэгэн л дээ. Би ч нэг дэвтэр аваад нөгөө шүлгээ Бааскаад бичиж өгөөд урьд шөнө ийм л "уран бүтээл” төрлөө дөө хө, гээд л өгчихсөн. Ингээд томилолт маань Сүхбаатарын Түвшинширээ сум хүрч эвхэрч редакцидаа ирсэн хойно "Жаахан шаргын нутгаар заяа байвал дахиад очно” гэсэн ланжгар аян замын тэмдэглэл тэрлэж сониныхоо хоёр дугаар дамжуулан нийтлүүллээ шүү. Түүндээ нөгөө шүлгээ ч хавчуулахаа мартсангүй. Нэг өдөр ажил дээрээ сууж байтал эрхлэгч дуудаж байна.
Сингапурт нэлээдгүй хугацаанд сууж байгаад ирсэн "Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхантай уулзаж сонирхолтой ярилцага авах үүрэг өгдөг юм. Хаягаар нь очоод уулзаж ярилцлаа. Тэгсэн манай сонин дээрх нөгөөх шүлгийг маань үзсэн тухай хэлээд ая хийх бололцоотой юм, энэ тэр гэж байна. Жагаад тэр мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь, миний зүрхний гэгээн гуниг минь гэсэн мөрүүд өөрөө аялгуу төрүүлсэн юм шиг билээ. Ер нь мань хүн аялгуу хийчихээд манай эрхлэгч рүү ярьж надтай уулзах гэсэн юм шиг байгаа юм сүүлд мэдэх нээ.
Гуниг харуусал, гомдлыг бид дандаа хар бараанаар дүрсэлж, хэлж дуулаад сурчихаж тэгтэл гэгээн гуниг гэж бас байдаг байна, хэлж бас болдог юм байна гээд л манай хүн сэтгэл өөдрөг ярьж намайг хөөрүүлж хөгжөөж билээ. Ингээд бид ярилцаж шүлгэндээ бага сага үзэг хүргэж, дөрөвдүгээр бадгийг бүр хасч энэ дууг бүтээсэн юм даа.
Жишээ нь би анх тэр дахилтынх нь "Бурхан багшийн дутаасныг хүн гүйцээгээд хэрэгггүй” гэж бичснийг аялгуундаа тааруулан "яалтай вэ” гэх мэтчилэн зассан бөгөөд хассан дөрөвдүгээр бадаг нь:
Сар жилийн уртыг салхиар аргадуулж туулахад
Сэтгэлийн амраг гэдэг сархад шиг заримдаа санагдах юм
Санасан биш дээ ямар гэж хааяа өөрийгөө аргадахаар
Мэнгэ төөрсөн амраг зүүд аргамжаад ирэх юм гэсэн үгтэй байсан санагдана.
Сарын дараа л хит болж "Ардын эрх” сониноос зарласан зохиолын дууны хит паратад түрүүлж олонд түгсэн шүү. Ийм л түүхтэй бүтсэн дуу даа.
МЭНГЭ ТӨӨРСӨН СЭТГЭЛИЙН АМРАГ
Гуниг хүлхсэн алаг нүдний чинь дор
Нулимс тоссон нэгэн мэнгэ байдаг
Үймэрсэн сэтгэлийн цангааг гарган эрхлэдэг
Үрчлээтэж амжаагүй зовхийг чинь үргэлж би зүүдлэх юм
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь
Миний зүрхний гэгээн гуниг минь
Бурхан багшийн дутаасныг яалтай вэ
Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг юм уу
Инээд нуусан ягаан уруул дээр чинь
Илбийн юм шиг нэгэн мэнгэ байдаг
Эвлүүлж хэлээгүй хайрын үгээ бодохоор
Эгшиг дутсан хорвоод ингэж явах уйтай юм
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь
Миний зүрхний гэгээн гуниг минь
Бурхан багшийн дутаасныг яалтай вэ
Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг юм уу
Гижиг бүжиглэсэн цагаан хүзүүн дээр чинь
Хайр шингээсэн нэгэн мэнгэ байдаг
Санахгүй гэсэн гэнэн үгээ бодохоор
Саргүй шөнийн уртыг уйлж бармаар болох юм
Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь
Миний зүрхний гэгээн гуниг минь
Бурхан багшийн дутаасныг яалтай вэ
Буян заяа гэдэг тэнгэрийн хишиг юм уу
Сар жилийн уртыг салхиар аргадуулж туулахад
Сэтгэлийн амраг гэдэг сархад шиг заримдаа санагддаг аа
Санасан биш дээ ямар гэж хааяа өөрийгөө аргадахаар
Мэнгэ төөрсөн амраг зүүд аргамжаад ирдэг ээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих