УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийг "улаан тойрог” хэмээн нэрлэдэг байв. Учир нь УИХ-ын гурван ч удаагийн сонгуульд Хэнтийнхэн МАН (тухайн үеийн МАХН)-ыг сонгож байлаа.
Их ялалтын эхлэл нь 2000 онд тавигдсан юм. Тухайн үед Хэнтий гэлтгүй Монгол орон даяар улаан тугаа хатгасан МАН УИХ-д нийт 72 суудалд ялалт байгуулж байв.
Харин Хэнтийд У.Хүрэлсүх, Н.Ганбямба, Д.Арвин нар сонгогдож, парламентын босгоор давж орсон юм. Тэдэнтэй Ардчилсан хүчнээс "Цагаан шонхор”- ын Ч.Энхтайван, Байгаль орчны сайд асан С.Мэндсайхан, Их хурлын гишүүн Да.Ганболд нар өрсөлдөн, өвдөг шороодож байлаа.
Ардчилсан намын хувьд орон нутагт ч олонхыг бүрдүүлж байгаа
Түүнээс хойш буюу 2012 оны сонгууль хүртэл хэнтийчүүд зөвхөн МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэдэг гэхээсээ илүү сунгалт хийдэг байв. У.Хүрэлсүхийг Б.Бат-Эрдэнээр сольсныг эс тооцвол төлөөллүүд нь ч өөрчлөгдсөнгүй. Харин У.Хүрэлсүх, Б.Бат- Эрдэнэ хоёрын байр солигдсон явдал нь Хэнтийнхний сонголт гэхээсээ намын шийдвэр байсан гэдгийг энд тодотгоё.
Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар тус тойрог хоёр мандаттай болж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар "хөхөрдөггүй” Хэнтийгээс сонгогдсон Ардчилсан намын анхны гишүүн болов. Аймгийн намын хорооны дарга, "Монроуд” компанийн Ерөнхийлөгч тэрбээр М.Хүдэрбаатар хэмээх залуутай хамт Ардчилсан намын өмнөөс сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан. Харин үлдсэн нэг мандатыг аварга Б.Бат-Эрдэнэ авсан юм. Бас нэгэн статистик дурдахад, Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба нар тус тойргоос гурван удаа сонгогдсон. Мөн У.Хүрэлсүх, Д.Ганболд нар тус бүр хоёр удаа УИХ-д сууж байсан юм.
Тэгвэл энэ удаагийн ээлжит сонгуулиар Хэнтий аймагт хэн хэн нэр дэвших вэ? Эхний хувилбар бол УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тус тойргоос гурвантаа сонгогдсон тэрбээр тойрогтоо чансаа өндөртэй улс төрчөөр тодроод буй. Гэхдээ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, үндэсний хэмжээний санал авсан гэдэг утгаараа намын жагсаалтад дээгүүр бичигдэх магадлалтай байгаа аж.
Харин УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба, НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун- Эрдэнэ нар МАН-аас горилогчдын эгнээг тэргүүлж байна. УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хувьд тус тойргоос гурвантаа сонгогдсон ч, 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн. Гэхдээ аймгийн намын хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд энэ удаагийн ээлжит сонгуульд тус тойрогт намаа удирдан хүч үзэх нь тодорхой.
Харин намынхаа хоёр дахь мандатын төлөө НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун- Эрдэнэ болон "Их засаг”-аар овоглодог Н.Учрал нар гал гаргах бололтой. МАН-ын дэргэдэх НАМЗХ-г удирдахын төлөө хонь, чоно болж, хоёр талд гарч суусан дээрх залуус улс төрчийн хувьд нэгийгээ даваад байх намтар зузаантай хүмүүс биш. Аль аль нь намын байгууллагаар дамжиж буй МАН-ын боловсон хүчнүүдийн нэг.
- 2012 оны сонгууль хүртэл хэнтийчүүд зөвхөн МАН-ын нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэдэг гэхээсээ илүү сунгалт хийдэг байв.
- Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин, Н.Ганбямба нар тус тойргоос гурван удаа сонгогдсон.
- Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 2004 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт нэр дэвшиж байсан нэгэн.
Харвард төгсч ирээд удаагүй байгаа Л.Оюун-Эрдэнэ аавынхаа төрсөн нутагт хүч үзэхээр хэдийнэ бэлтгэлдээ гарсан. Гэхдээ НАМЗХ-ны ерөнхийлөгчийн суудлын төлөө УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нартай өрсөлдөж олонхын санал авч ялалт байгуулж байснаас харвал нам дотроо рейтинг өндөртэй байх магадлалтай.
Харин "Их засаг”-аар овоглодог Н.Учралын хувьд саяхнаас Хэнтийг онилох болжээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын харцага Э.Оюунболд өнгөрсөн жилийн улсын наадамд түрүүлж, арслан цолны болзол хангангуут Н.Учрал орон сууц бэлэглэж, тус аймагт өөрийгөө хамаатуулж эхэлсэн. Түүний хувьд хамтарсан Засгийн газрын үед Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр богинохон хугацаанд ажилласан. Мөн 2012 оноос нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр улс төрд хөл тавьсан дээрх хоёр залуугийн хэнд нь итгэл хүлээлгэхийг МАН-ын Бага хурал эцэслэнэ.
Ардчилсан намын хувьд орон нутагт ч олонхыг бүрдүүлж байгаа. Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 2004 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт нэр дэвшиж байсан нэгэн. Тэгвэл энэ удаа аймгийнхаа намын хороог удирдан ээлжит сонгуульд даагаа нэхэх нь тодорхой болжээ.
Түүнтэй дөрөө харшуулах хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан, саяхнаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр томилогдсон М.Хүдэрбаатар. Мөн л хоёр дахь удаагаа нэр дэвшихээр бэлтгэлдээ гараад буй. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн удаатай. Хэдийгээр хэнтийчүүдийн итгэлийг хүлээгээгүй ч өнгөрсөн хугацаанд хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, сонгуулийн бэлтгэлээ сайн базаасан хэмээн намын нөхдүүд нь дүгнэж байна. М.Хүдэрбаатарын хувьд Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбоо болон Хан Хэнтий хөгжлийн сангийн тэргүүнээр ажилладаг. Энэ ч утгаараа харцага Э.Оюунболдыг түрүүлэхэд мөн л хоёр өрөө байр бэлэглэж байв.
2012 оны ээлжит сонгуулиар Хэнтийд "цэнхэр туяа” татуулсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар энэ удаад намын жагсаалтад багтана. Тиймээс эрх баригч намаас дээрх хоёр эрхэм Хэнтийн 18 дугаар тойрогт хүч үзэхээр тодроод байна.
Харин бусад нам, эвслээс тус тойргийг "онилсон” нэр дэвшигч одоогийн байдлаар алга байна.
Б.Даваатогтох
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих