Улс төрийн намуудын нэгдэх эсэх асуудал олон нийтийн гэлтгүй нам бүрийн сонирхож буй асуудал болж хувираад байна. Тодруулбал, МАН болон МАХН, АН болон ИЗНН, АН болон МҮАН, МАХН болон Ногоон нам гэсэн намууд нэгдэх асуудал яриа нэлээдгүй хугацааг ардаа үдлээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үеэр намууд өнгөрсөн 2012 оных шиг тус тусдаа биш нэгдэж, хамтарч оролцож байж амжилт гаргана гэж тооцоол байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байгаа. Энэ асуудлыг хамгийн түрүүнд эхлүүлсэн нам нь МАН болон МАХН-ынхан. Тэд өнгөрсөн намар анх ахмадуудаа уулзуулж ирэх сонгуульд хамтарч оролцуулах саналыг тавиулж эхлүүлсэн. Уг ажил яваа яваандаа ажил хэрэг болох гэж буй мэтээр гишүүд нь "Хамтарч сонгуульд оролцох нь зөв, Тасарсан мах, үсэрсэн цус" гэх зэргээр хэвлэлэээр мэдэгдэл хийж эхэлсэн. Тэгвэл хамгийн сүүлд МАХН-аас МАН-д "Эх орончдын баяр"-аа хамтарч тэмдэглэх хүсэлт гаргаж түүнийг нь МАН-ыхан зөвшөөрсөн. Ингээд нэгэн цагт "хонь, чоно" болон салж байсан эрхмүүд хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм. Тэгвэл саяхныг хүртэл уг хоёр намыг буцаж нийлэх нь гэсэн хардлага улс төрийн хүрээнийхэн дунд үүссэн. Харин эх сурвалжийн хамгийн сүүлд өгсөн мэдээллээр хоёр намын удирдлагууд энэ талаар дахин тохиролцоонд хүрч чадаагүй байна. Мөн улс төрийн хүрээний учир мэдэх зарим хүмүүсийн тайлбарлаж буйгаар хоёр нам эвтэй байх тусмаа иргэдээс авах дэмжлэг нь нэмэгддэг аж. Тиймээс олон нийтэд таалагдахын тулд нэгдэх асуудал дээр эерэг байр суурь барьж буй мэтээр цаг хугацаа хожиж буй гэнэ. Магадгүй тэд тун удахгүй Н.Энхбаяртаа "хүчтэй хариу" өгч болзошгүй юм. Тиймээс эхний хүлээлт болох МАН, МАХН нэгдэх асуудал ийнхүү замхарч буй бололтой.
Дараагийнх нь МҮАН болон АН-ын нэгдэл. Хамгийн их бодлогын чанартай явагдаж буй улс төр бол энэ хоёр намын нэгдэх асуудал. З.Энхболд дарга нам дотроо савалгаатай байгаа болохоор Алтангадасаас хамгаалах дархлаа болгож М.Энхсайханы намыг сонгосон ч байх талтай. Гэвч энэ нь түүний нам доторх байр суурийг хамгаалах биш улам хурцатгаж орхисон сурагтай. Мэдээж асуудлыг дэвэргэж, өдөөн хатгаж байгаа фракци нь Алтангадас. Тэдний хувьд одоо намын даргын суудлыг авах л хамгийн чухал болж хувирсан. Яг үнэндээ Ерөнхий сайдын хувь заяаг дэнчин тавиад ч хамаагүй намын даргаа буцааж авахаар зэхэж байгаа. Учир нь ирэх сонгуульд аль ч нам олонх болж чадахгүй бөгөөд арай олон суудлыг нь МАН авна гэж олон улстөрчид болон PR-чид таамаглаад байгаа. Тэд хэдийгээр намаа аваад ирэх сонгуульд ялагдлаа ч гэсэн МАН-тай эвсэж засаг байгуулах өндөр магадлалтай. Ийм тохиолдолд Алтангадасын хүмүүсийг албан тушаалуудад томилох юм. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл тэд албан тушаалтай явна гэсэн үг. 2016 онд албан тушаалд томилогдсон хүмүүс 2020 оны сонгуульд нэр дэвшинэ. 2020 онд АН-ынхан өөрсдийгөө ялна гэж бодож байгаа аж. Ингээд Н.Алтанхуягаар толгойлуулсан Алтангадас фракци 2024 оны холын нүүдлээ харж нам дотроо тоглолт хийж эхэлжээ. Тийм ч учраас одоогийн намаа даргаа шахаж, түүнийг муухай харагдуулах бүх зүйлийг хийж яваа. Эхлээд ҮЗХ-г хуралдуулсангүй. Дараа нь ээлжит бус чуулганд хүнийрхэж хандсан. Одоо харин "мэргэжлийн хагалан бутаргагч" гэж нэрлээд буй М.Энхсайханыг намдаа авахгүй хэмээж З.Энхболдод шахалт үзүүлж явна. Тиймээс З.Энхболд намын даргаа алдахгүйн тулд М.Энхсайхантай нэгдэхээр яарахгүй нь тодорхой. Магадгүй эсрэг намдаа өгч буй сануулга маягаар бүх асуудлыг дуусгаж болох юм.
Эдгээрээс дутахгүй нэгэн сонирхолтой үйл явдал өчигдөр болсон. Тодруулбал, өчигдрөөс эхэлж ИЗНН-ынхан дотроосоо С.Оюун даргаа эсэргүүцэж "Хүчээр АН-тай нэгдэх шийдвэр гаргуулсан. Хэлэлцэх дараалалд багтаагүй зүйлийг хэлэлцүүлсэн" гэх зэргээр маргаан дэгдээж эхлэв. Хоёр нам яг одоо албан ёсоор нэгдээгүй. Нэгдэх тухай санамж бичигт л гарын үсэг зурсан байгаа. Тиймээс тохирооноосоо буцахгүй гэх газаргүй. АН-ынхан ИЗНН-тай нэгдсэн тохиолдолд нэрээ Ардчилсан нам хэмээн өгнө гэж зүтгэнэ. Мөн ИЗНН-ыг аль болох намдаа уусгах бодлогыг барих нь тодорхой. Харамсалтай нь энэ нь тэдэнд таалагдахгүй бололтой. Бүр өөр байдлаа тохироонд хүрч чадвал энэ хавар АН болон ИЗНН гэсэн хоёр нам л нэгдэх нигууртай.
МАХН хүртэл хоёр том намтайгаа барьцаж Монголын Ногоон намтай хамтрах бичигт гарын үсэг зурж сар шинээр "бэлэг" барьсан. Гэтэл саяханаас бас л хоёр намын дунд асуудал үүсч эхэлсэн гэнэ. Ингээд Монголын улс төрд өрнөж буй намуудын нэгдэх, нийлэх асуудал нэг эцэслэн шийдэгдэж байх шиг. Товчоор хэлбэл энэ хавар буюу сонгуулиас өмнө улс төрийн хүчнүүд хоорондоо нэгдэхгүй бололтой.
Г.Лхагваа
ZALUU.COM
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих