Иран Европын их зургаан орны төлөөлөгчидтэй цөмийн хөтөлбөрийг халах асуудлаар удаан хугацаанд дуншсан хэлэлцээрт өнгөрсөн жилийн сүүлээр цэг тавьж, тохиролцоонд хүрсэн билээ. Улмаар хэлэлцээрийн заалтыг мөрдөх болсон Ираны эсрэг тавьсан хоригоо Европын орнуудын зүгээс зөөлрүүлж эхэлсэн. АНУ ч гэсэн Ираны эсрэг хоригоо цуцалж буйгаа сүр дуулиантайгаар мэдэгдсэн. Гэвч үүнээс хойш 24 цаг ч өнгөрөөгүй байхад дахин шинээр хориг арга хэмжээ авч буйгаа зарласан байдаг. Шалтгааных нь тухайд гэвэл баллистик пуужин харвасан хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл дахин Ираны Засгийн газар их зургаан орны төлөөлөгчдөд өгсөн амлалт болоод АНУ-ын шинэ хоригийг зөрчсөн тухай барууны эх сурвалжууд мэдээллээ. Энэ талаар Ираны төрийн мэдлийн агентлаг ч дамжуулсан юм. Ираны талаас мэдэгдсэнээр гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор хэд хэдэн удаа баллистик пуужин харвасан гэх. Харин АНУ-ын талаас Ираны баллистик пуужингийн хөгжүүлэлтийг зогсоох зорилгоор энэ жилийн нэгдүгээр сард хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг Иран үл тоомсорлосон гэж дамжуулж байна.
Ираны төрийн мэдлийн агентлагийн мэдээлснээр улсынхаа нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ямар нэг аюул занал тулгарахад бэлэн байдлаа хангах зорилгоор богино, дунд, урт зайн баллистик пуужинг хэд хэдэн газраас харвасан гэсэн юм. Харин Ираны Засгийн газрын албан ёсны мэдээлэл гарсны дараа АНУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Жон Кирби баллистик пуужин харвасан бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэсэн үг хэмээсэн бөгөөд Аюулгүйн зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлэв. Нөгөөтэйгүүр, Ираны тал баллистик пуужин харвасан нь цөмийн хөтөлбөрийн талаархи хэлэлцээрийг зөрчөөгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Б.Даваахүү
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15452
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих