Би яг одоо агуй дотор зогсч байна. Эмээ маань нутгийнхаа энэ агуйн тухай их ярьдагсан. Ярих болгондоо "Миний охин залуу хүн. Том болоод өвөө, эмээгийнхээ "нутагт очвол заавал үзээрэй" гэдэг байлаа. Эмээгийнхээ яриад байдаг энэ агуйг үзсэндээ би баяртай байв. Бүр агуйн хананы гялтгар чулуунаас дурсгал болгон ховхлон аваад цунхэндээ хийлээ. Агуйд би ганцаараа ирэв.
Хамт явсан хүмүүст агуй биш хархираа илүү сонирхолтой байжээ. Гэрэл муутай бүүдгэр нүх рүү хад асга дамжин байж орохдоо жаахан эвгүйцэж байсан ч төдөлгүй тайвширав. Эмээгийн маань "Заавал очиж үзээрэй" гэж байнга хэлдэг байсан үг нь намайг зоригжуулж бас "Дахин энд ирээ ч үү, үгүй ч үү" гэсэн бодол айх сэтгэлийг давсан билээ. Удалгүй нүд харанхуйд дасч орчин тойрноо ялгахтай болж агуйн доторх юмс өөрөө тодорч ирэв. Би мэл гайхав. Эмээгийн маань яриад байдаг өнөөх гайхамшиг алга. Харин ч хүйтэн, зэвэргэн, айдас төрмөөр бүүдгэр аж. Хана нь үл ялиг гялтганах нь л бага ч бол чимэг болно. Хөлийн дор чулуу шаржигнах нь цуурайтан ер бусын чимээ агуйгаар дүүрнэ.
Өвөө, эмээгээ энд өдөр болгон ирж тоглодог байсныг бодоход сэтгэлд нэг л дулаан оргиж, жихүүцэл минь арилан тэр нандин сайхан дурсамжийг хайх мэт нэгжин харлаа. Агуйн ёроолд хүүхэд шургаад орчихмоор нүх байдаг тухай эмээ ярьдаг байсныг санав. Тэр жижигхэн нүх рүү харин өвөө шургаад орчихдог байжээ. Эмээ орохыг хүсэвч нүхнээс айдаг хачин зангаасаа болоод нэг ч орж үзээгүй гэдэг. Өвөө энэ нүх рүү ороод л таг болчихдог байсан гэдэг юм. Харин эмээд тэнд юу хийдэг байснаа нэг ч удаа ярьж өгөөгүй гэдэг. Эмээ янз бүрээр асууж шалгаагаад, бүр айлгаж, туниж үзээд ч хэлүүлж чадаагүй юм билээ. Өвөө энэ нүхэнд шурган ороод чулуу шаржигнуулан зүтгэлж байгаад чимээгүй болдог байсан болохоор эмээ агуй дотор ганцаараа тоглон хүлээдэг байсан гэдэг.
Агуйн дотор мод ургасан байдаг бөгөөд жижигхэн булаг ч байсан гэж эмээ ярьдаг байсан билээ. Харин одоо бол булаг ч, мод ч алга. Бодвол энэ олон жилд үгүй болсон бололтой. Агуйн дотор өвөл нь дулаахан. зун нь жигтэйхэн сайхан сэрүүхэн байдаг байсан юм гэсэн. Хожим эмээ, өвөө хоёр минь гэр бүл болон нутгаасаа гарч орон суурин бараадаж яваад нутагтаа нэг ирэхдээ агуйд очиж үзэхээр хайгаад олоогүйгээ гунигтайхан ярьдагсан.
Би харин төвөггүй олсондоо баяртай байв. Өвөөгийн ордог байсан жижигхэн нүх эдгэх янзтай болсон ч харагдаж байв. Үнэхээр хүүхэд бол шургаад орчихмоор ам байх аж. Би ч эвийг нь олвол шургаад орж болохоор байв. Энэ дотор юу байдаг хийгээд өвөө тэнд юу үзэж харах гэж ордог байсныг хэн ч мэдсэнгүй. Ямартай ч өвөө, эмээ хоёр минь энэ агуй дотор хүүхэд насныхаа дурсамжтай мөчүүдийг өнгөрөөж, тоглож нааддаг байсан гэдэг билээ. Харин нэг удаа өвөө "Хоёулаа дахин энэ агуйд ирж тоглохгүй" гэж хэлжээ. Эмээ мэдээж "Яагаад?" гэж асуухад нь өвөө "Эзэн нь ирсэн" гэж хэлсэн юм билээ. Тэд дахин агуйдаа ер очоогүй гэдэг.
Тэр хавийн хүмүүс агуйг бараг мэддэггүй байсныг эмээ хожим том болсон хойноо мэдсэн юм билээ. Агуйг эмээ, өвөө хоёр л нээсэн юм болов уу... Эмээ, өвөөд агуйд тоглодог байсан тухайгаа хэд хэдэн удаа ярих гэхэд ер сонсоогүй царайлан суудаг эсвэл гараад явчихдаг байж. Эмээ харин тэр агуйд тоглож өссөн хүүхэд насны дурсамжаа мартсангүй. Хэн нэгэнтэй хуваалцмаар санагдахдаа надад ярьдаг байж. Эмээ агуйд хэрхэн тоглодог байснаа, тэр агуй эмээ, өвөө хоёрын хувьд ямархан дурсамжтай газар болохыг, агуй яг л үлгэрийн ордон шиг байсныг ярихдаа нүд нь аз жаргалаар гийдэгсэн. Эмээ заримдаа надад тэр бүхэн нь нэгэн сайхан зүүд байсан юм шиг санагддаг болсноо ярьж билээ.
Харин би зорин ирсэн хэргээ бүтээж дурсамжийн агуйн нууц болон үлдсэн өвөөгийн ордог байсан жижигхэн нүхэнд шурган байж орсонсон. Агуйгаас гарахдаа би 'Тиймээ, эзэн нь ирсэн" гэж өөрийн эрхгүй хэлж байлаа.
С.Оюунтөгс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих