ХОНКОНГ. /VOA/. БНХАУ-аас АНУ-ыг чиглэсэн асар их хэмжээний мөнгөн урсгал бий болж байгаатай холбоотойгоор Хятадын АНУ-д хийх хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жил нэмэгдэж, шинэ дээд амжилтад хүрэх төлөвтэй байна.
БНХАУ-ын компаниуд АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготой байгаа бөгөөд янз бүрийн салбарт нийт 20-30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Олон улсын эдийн засгийн Петерсон хүрээлэнд Хятадын чиглэлийг хариуцдаг Шон Майнэр ярихдаа "энэ нь АНУ-ын эдийн засагт сайн мэдээ бөгөөд үүнийг дагаад шууд болон шууд бусаар олон мянган ажлын байр бий болно" гэж дүгнэжээ.
"БНХАУ-ын АНУ-д хийж байгаа хөрөнгө оруулалтын бүтэц одоо албан ёсоор өөрчлөгдсөн, тодруулбал үзвэр үйлчилгээ, эрүүл мэнд, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг эзэлж байна" гэж тэрбээр ярилаа.
2014 онд гэхэд БНХАУ АНУ-д 11.9 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн бол энэ нь 2015 онд 15 тэрбум болж өссөн байна.
Гэхдээ энэ нь БНХАУ-аас бусад орныг чиглэсэн хөрөнгө оруулалтын багахан хэсэг юм. Хятадын хөрөнгө оруулалтын ихэнх хувь нь Европ болон Ази руу чиглэсэн байдаг. Өнгөрсөн жил гэхэд БНХАУ-ын бусад орнуудад хийсэн хөрөнгө оруулалтын наймны нэг нь АНУ-д шингэжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих