Эрх мэдэл, эд хөрөнгөний улайрсан донтон бус, эгэл жирийн Монгол иргэний хувьд энэ төрийн толгойд МАН нь байна уу, АН нь байна уу, бас бусад нь байна уу, ер нь бол падлийгүй юм л даа. Гагцхүү энэ Монгол Улсад чинь үнэхээр л хүн шиг амьдрах, хөгжиж дэвжих боломж, бололцоо байна уу, эрүүл амьдарч, саруул сэтгэх учиртай үр хойч ирээдүйн амьдралын баталгаа болсон тийм л нийгмийг цогцлоох нэгэн үзүүр сэтгэл, зүтгэл эрх баригчдаас гарах уу гэдэг нь л гол цөм асуудал билээ. Тиймээс сайхан амьдрах хөрс суурийг саатан хүлээгээд тусыг эс олсон эгэл ардын амнаас итгэл алдарсан, гундуухан үгс унасаар өдийг хүрч байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд сошиалын трэнд сэдвүүдийн нэг болсон жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ ?!” бичлэгийн ард хэн нэгэн этгээд, аль нэг улстөрийн нам хүчний турхиралт байна уу гэж харахаасаа илүүтэй, эсрэгээрээ хэн нэгний гэхээсээ нийтлэг олны эрх ашгийн захиалгатай гэж харахад бодит нөхцөл байдалд илүү наалдацтай ойлгогдох уг асуудлаар хэсэг бүлэг нөхдүүд харин дөрөөлөн тоглолт хийж байхыг үгүйсгэх аргагүй юм. Статистик тоон үзүүлэлтээрээ бол Монголчуудын амьдрал цаашдаа жигдрээд жигтэйхэн гайгүй болж мэдэхээр юмыг төв банкны Ерөнхийлөгч Золжаргал гуай хэлж байна лээ. Үг хэлэх эрх чөлөө хэнбугайд ч Үндсэн хуулиар олгогдсон тул, тэр үг хэлээ л биз. Гэхдээ эрхээ эдэлж байна гээд худлаа ярихгүй байх хэрэгтэй л дээ.
Дөрвөн уулын дундах Улаанбаатарынхаа захын гэр хорооллуудаар яваад олонх иргэдийнхээ амьдралыг жигнэж харьцуулж үзэж хараагүй удирдлагуудын өөдрөг гэгээн төсөөллүүд яахав. Харин үнэнийг байгаагаар нь хачиргүйгээр гарган тавьж, шийдэл хайж байгаа үгс бол хатуу байсан ч, түрүүн хэлсэнчлэн эцэг хуульд цагаан дээр хараар бичээд өгчихсөн байдаг суурь эрхийн дагуух зүйлс юм л даа. Ерөөс асуудал Б.Амарсайхандаа байгаа юм биш, түүнийг жүжигчин болохоор ингээд байгаа ч юм биш. Тэр жүжигчин мэргэжилтэй ч, Монгол Улсын иргэн. Яг үнэндээ бол түүний үгс улстөрчдийнхөөс илүү амьдралд ойр байгаад асуудлын гол байгаа юм.
Тэр би юу хийчих вэ гэж хэлэхдээ жүжиглээгүй, бодит нөхцөл байдлыг өгүүлсэн гэдгээ өөрөө хэлээд байгаа. Гэтэл түүний үгс улстөрийн хүчнүүд дэх нөхдүүдийг дор бүр нь ямар нэг байдлаар реакци үзүүлэхэд хүргэж байх юм. Зангидсан гар шиг нэгэн цул байж түмний төлөө зүтгэж чадахгүй гэдгээ удаа дараа батлаад харуулчихсан АН-ынхан, хэзээ ч жинхнээсээ шинэчлэгдэж үл чадах МАН-ынхан гээд, акулууд бүгдээрээ л хилэнтэй байгаа. МАН-ынхан намын нэр хүндэд нь халдсан гээд цагдаад өгөнгүүт, хаа л бол хаана шоу хийж явдаг өмгөөлөгч Б.Батбаяр гэх нөхөр "жүжигчин Амараагийн энэхүү үйлдэл нь "сонгуулийг будилаантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйдэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох” гэмт хэргийн шинж агуулсан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн 82-д заасанчлан Сонгуулийн хуулийг будилаантуулж, сонгогчдын эрхэнд халдах нь 16-20 жилийн ялтай онц хүнд гэмт хэрэг хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэн тоглолт хийв.
Үгүй яахав тэгээд сонгуулийн өмнөх сар юм хойно, ямар л бол ямар шоунууд болж болзошгүй гэдэгт нийт олны сэтгэлзүй хэдийнэ бэлтгэгдсэн байж болох ч, 26 жилийн өмнө ардчиллын замыг гэгээтэй гэдэгт итгээд анх хөлөө тавьсан Монголчуудын хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө харин ингэж боомилуулах дээрээ тулж байгаадаа итгэж ядацгааж байгаа нь илтэд харагдаж байгаа юм.
Ардчилсан нийгэмд хүн бүр өөрсдийнхөө төлөө зүтгэж, амьдрах хэрэгтэй. Тэгвэл Ардчилал гэсэн нэрэн дор "Ардчилсан Дэглэм” аажмаар тогтоож байгаа энэ бусармаг үйл явцын цаана биднийг юу хүлээж байна вэ? Эрхэм Ерөнхийлөгчийн урилгаар Улаанбаатарт ирж байсан хатагтай Ан Сан Су Чи "Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас илүү хор хөнөөлтэй” гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл өнөөдрийн Монгол дахь Ардчиллын үнэн нүүр царай нь дэндүү гажуудсан харагдана.
Ер нь өнгөрсөн жилүүд дэх үйл явцуудыг эргэн харахад ардчиллын үнэ цэнэт зүйлсүүд рүү халдсан үйл явдлууд цөөнгүй болсон доо. Нэгэнтээ хэвлэл мэдээллийн салбарт өөрийн орон зайгаа тодорхой гэгч нь бий болгосон мэдээллийн сайтуудын эрх чөлөөг уншигч, хэрэглэгчдийн сэтгэгдлээс болж, боловсноор хааж боомилсон шийдвэрийг Ч.Сайханбилэг нар гаргаж байсныг эргэн сануулахад гэмгүй байх. Ерөөс Монголын ардчилал эрийн цээнд хүрлээ гэж бархирдаг цэвэр ариухан ардчилагчид маань түмний сонголтоор төрийн эрхэнд гарсан хойноо Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд бус улстөрийн бүлэглэлийн мэдэлд байгааг тунхагласан шийдвэрийг гаргаж ирснийг ухаж ойлгох цаг хэдийнэ болсон биз ээ.
Зориуд тодотгоход, ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд гэдэгт чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зэрэг хэдэн гол асуудал л байдаг юм даа. Нийтлэлч Д.Жаргалсайхан эрхмийн өгүүлсэнчлэн "Ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал (civil liberty). Ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай” билээ. Харин манай тухайд бүх зүйл эсрэгээрээ л байна. Иргэний эрх чөлөөт байдлыг төрийн эрх чөлөөт байдал нь гишгэчиж байгаа нь халаглаж харж суухаас илүүтэй хариуцлага асууж хазаарлах ёстой явдал гэдгийг дахиад хэлье!
Ардчилал төгс төгөлдөр засаглал бус гэдгийг бид мэднээ. Улс төрийн нам хэмээх үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлээс дэндүү ихийг хүлээх нь бас өрөөсгөл гэдгийг ч үүнийг бичигч би вээр мэднээ. Гэхдээ байж болох хамгийн эерэг нөхцөл байдлаас эрх баригчид татгалзаж байгаатай эвлэрэх нь утгагүй юм.
Манай тухайд ардчиллын хэлбэрүүд дундаас Төлөөллийн ардчиллаар замнаж яваа. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т "…Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн байгааг шууд бус төлөөллийн гэсэн утгаар нь бид ойлгох нь зохистой юм. Төлөөллийн ардчилал гэдэг нь Иргэд сонгогчид төрийн эрхийг биелүүлэхэд үүрэг бүхий албан тушаалтанд итгэл хүлээлгэж, сонгож түүгээрээ дамжуулан засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр юм. Тэгэхээр бид өнөөдрийн тухайд ийм л хэлбэрийг дагаж буй учраас үүнийг даган гарч ирэх үр ашиг болоод эрсдлийн аль альныг нь үзэж л таарна.
Тэгэхдээ ардчилалд итгэдэг Монгол Улсын иргэн бүрт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх бий. Харин "Ардчилсан Дэглэм” дор амаа үдүүлэн, чимээгүй зогсох үүрэг хүлээх алба үгүй. Төгсгөлд нь хэлэхэд, "Ардчилсан Дэглэм”-ийг тогтоогчид нь аль нэг улстөрийн хүчин гэхээсээ эрх мэдэл, эд хөрөнгөний төлөөх улайрсан донтонгуудын бөөгнөрөл гэдгийг тодотгоё!
Эх сурвалж: Шуурхай.мн Э.Болорхажид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих