Н.МӨНХЖИН
Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны 71 жилийн ой тохиож байна. Энэ дайнд голлох үүрэг гүйцэтгэсэн ОХУ-ын нийслэл Москва хотод баярын арга хэмжээ, зугаалга, найрал хөгжимчдийн жагсаал, "Бессмертный полк” ("Үхэшгүй мөнхийн хороо”)-ийн жагсаал боллоо.
Бессмертный полк гэдэг нь Аугаа эх орны дайнд оролцсон хүмүүсийн хөргийг ар гэрийнхэн, төрөл төрөгсөд нь барин, нэр алдрыг нь дурсдаг жагсаал юм. Ялалтын 71 жилийн ойн анхны "Үхэшгүй мөнхийн хороо”-ний жагсаал Өмнөд Сахалинск хотод болж гурван мянган хүн оролцсон байна. Тэдний нэг гуравдугаар ангийн сурагч Варя Ершова "Миний элэнц өвөө Василий Иванович Есаулов 1941 онд фронт руу явсан. Тэр дэслэгч цолтой, их буу засдаг байсан. Сталинградын тулалдаанд шархадсан ч дайн дуустал амьд сэрүүн байсан. Аав минь бас л цэргийн хүн, мина илрүүлэгч. Энэ жагсаалд оролцож байгаа” хэмээн ярилаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярыг тохиолдуулан илгээсэн баярын мэдэгдэлдээ "Ялалтын өдөр бол дэлхий нийтийг, төрөлх газар нутгаа аврахын тулд цусаа асгаруулсан баатарлаг үйлс, ард түмний нэгдлийн билэг тэмдэг болсон ариун баяр юм. Дэлхий нийт энэ түүхийг давтах учиргүй. Бидний нэгдсэн зорилго бол Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хадгалах, эдүгээ амьд сэрүүн байгаа ахмад дайчдыг бүх талаар халамжилж анхаарах юм. Улс орнуудын хамтын тэмцэл, ах дүүгийн барилдлага улс хоорондын харилцааг бэхжүүлж, Евразийн орон зайд нэгдэн нягтрах үйл явцад нааштай нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ахмад дайчид, ар талын албаныханд эрүүл энх, урт наслахыг ерөөе” хэмээн онцолжээ.
Ялалтын баярт зориулсан цэргийн сүрт жагсаал Алс Дорнодын Владивосток хотод эхэлснээр Орос орон даяар тэмдэглэх Аугаа эх орны дайны ялалтын баяр эхэлжээ. Алс Дорнодоос эхэлсэн баярын үйл ажиллагаа цагийн зөрүүгээс шалтгаалан Сахалин, Красноярск, Иркутск, Хабаровск, Новорсибирск зэрэг хотод болсоор орон нутгийн цагаар 10.00 цагт Москвад эхэлсэн юм.
Улаан талбайд жагссан цэргүүдийг ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал Олег Салюков удирдан, ОХУ-ын төрийн далбаа, Аугаа эх орны дайны ялалтын домогт улаан тугийг хүндэт харуул залан Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгуд илтгэснээр Ялалтын баярын парад эхэлсэн юм. Москвад болсон баярын жагсаалд 10 мянган цэрэг, 135 цэргийн техник, 71 нисэх онгоц оролцжээ.
Баярын сүрт жагсаалд орон нутгийн цэргийн анги нэгтгэлүүд, Суворов, Кутузовын цэргийн сургуулийн сонсогчид жагсаж, "Катюша”, "Искандер” зэрэг сүүлийн үеийн зэвсэг техникийг харуулж, ахмад дайчдын хөргийг барьсан төрөл төрөгсөд нь "Энэ өдрийг бидэнд авчирсан та нартаа баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ хэлж байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч парадыг нээж үг хэлэхдээ "Та бүхэнд Ялалтын баярын мэнд хүргэе. Юуны түрүүнд Аугаа эх орны дайнд бидний сайн сайхны төлөө амиа алдсан цэрэг эрс, эр нөхөр, эхнэр, найз нөхдийн төлөө нэг минут чимээгүй зогсож хүндэтгэл илэрхийлье” гэв. "Бид эцэг, өвөг, элэнц өвгөөрөө бахархах ёстой. Тэд төрөлх нутгийнхаа төлөө дайсантай тулалдаж, нацизмыг сөнөөж амиа алдсан юм. Москва, Сталинград, Куркийн Цүлхэн, Днепрт болсон ширүүн тулаанд дэлхийн II дайны хувь заяа шийдэгдсэн. Зөвлөлтийн ард түмний төмөр мэт тууштай сэтгэл зүрх, аймшиггүй чин зориг Европын ард түмнийг боолчлолоос аварсан билээ. Гагцхүү манай улс нацистуудыг бүрэн устгаж олон мянган хүнээ золиослосон юм. Бид энэхүү ариун үнэнийг үргэлж хайрлаж, өөрийн амь биеэ үл хайрласан баатруудаа үргэлж дурсан алдаршуулах болно.
Хүндэт нөхөд өө. Өнөөдөр биднийг орхин одсон баатруудынхаа дурсгалыг хүндэтгэн толгойгоо бөхийлгөж байна. Бүх гэр бүлд тэдний эх орныхоо, өвөг дээдсийнхээ төлөө сэтгэлийг хүндэтгэн дурсаж байна. Үе үеийн тасаршгүй холбоо бидний үндэсний асар их баялаг юм. Үүнд л Орос гүрний нэр төр, сүр хүч оршино. Бид ахмад дайчдаараа бахархаж байна. Бид Орос эх орноо хайрлаж, агуу түүхийг нь хүндэтгэн бүхнээс дээгүүр тавьсаар байх болно. Ялалтын суу алдар бадартугай. Та бүхэнд баярын мэнд хүргэе” хэмээн хэллээ.
shuurhai.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих