Энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн АН хуралдаж 2016 оны ИТХ-ын сонгуульд хаана, хэнийг нэр дэвшүүлэхээ эцсийн байдлаар тодруулсан. Хэрүүл, зодоон, уйлаан, дуулианаар дүүрэн болсон уг хурлаар тараа таниулсан ганц хүн нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг гэж намынхан нь ярьж байна. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө "Одоо ажиллаж буй баг, хамт олноороо ирэх сонгуульд оролцоно шүү” гэж ярьж байснаа яг цагаа тулахад хамт олноо "мурьсан” гэдэг.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын "шахааны хүнээр” тодорсон Б.Нацагдорж нь МАН-ын Бага хурлын гишүүн байсан хүн байх юм. Түүний нэрийг дэвшүүлж эхлэхэд Нийслэлийн АН-ынхан эсэргүүцэж "МАН-ын гишүүн байсан хүнийг нэр дэвшүүлж байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн нилээн бухимдсан байна. Харин хотын дарга Э.Бат-Үүл өмнөөс нь "Би энэ хүнийг дэмжих учиртай юм. Та нар дуугүй бай” гэх мэтээр хэдэрлэсээр асуудлыг цэглэсэн гэдэг.
Харин эл байдлыг гайхсан намынхан нь дотооддоо МАН-ын Б.Нацагдорж Үүл даргыг "Тө ... гдчихсөн байна" хэмээн жиг жуг гэлцэж байгаа сурагтай. Үүл дарга ямар шалтгаанаар өрсөлдөгч намынхаа хүнийг улаан цээжээрээ хамгаалж нүүрээ улалзуулж суугаа нь гайхахаас өөр аргагүй нөхцөл байдал мөн л дөө.
АН-ын нөлөө бүхий хүн гэгдэх Э.Бат-Үүл намынхаа нөхдийг бус нэгэн цагт МАН-ын удирдах зөвлөлд ажиллаж байсан хүнийг ИТХ-д нэр дэвшүүлэхээр сонгосоныг хүмүүс ихээхэн гайхаж байна. Тэгвэл Э.Бат-Үүлийн "хайрыг” татсан Н.Нацагдорж гэж хэн бэ?
Н.Нацагдорж нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Техникийн их сургуулийг Инженер-архитектор мэргэжлээр төгссөн. 1995 оноос Улсын их дэлгүүрт мэргэжилтэн, 1997 оноос "Таммарад" ХХК-д захирал, 2000 оноос Сүхбаатар дүүргийн Газрын албанд архитектор, 2005 оноос Нийслэлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газарт архитектор, 2006-2010 Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга, 2012 оны 10 дугаар сарын 31-нээс Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар дахин томилогдон ажилласан. 2010-2012 онд "Инкон" ХХК-ийн захиралаар тус бүр ажиллаж байсан байжээ.
2012 онд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга байхдаа асуудалтай барилгад зөвшөөрөл өгсөн хэрэгт холбогдож ажлаасаа чөлөөлөгдөж байсан гэж хэвлэлүүдэд бичжээ. Түүний хувьд МАН-ын гишүүн байсан бөгөөд бүр удирдах байгууллага буюу Бага хурлын гишүүн байсан аж. Тодруулбал, У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны нөлөө бүхий хүн нь байсан гэдэг. Хожим АН-д орж хотын дарга Э.Бат-Үүлтэй найзлах болсон байна. Тэрбээр 2006-2010 онд МАН Нийслэлийг удирдаж байх үед Улаанбаатар хотын төлөвлөлтийн газрын дарга, Ерөнхий архитектороор томилогдон ажиллаж байжээ. Үүний дараа буюу 2012 оны сонгуулиар АН-ыг нийслэлд ялалт байгуулахад Э.Бат-Үүлтэй найзалж хуучин албан тушаалдаа үлдэж чадсан байна. Тэгэхээр тэрбээр аль ч намын үед албан тушаалтайгаа үлдэж чаддаг хамелон хүн байх нь гэж олон нийт харж байна.
24tsag.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих