Бурхны шашны уламжлалд номын их багш, гэгээнтэн, хутагт хувилгаадуудыг хүмүүний ертөнцөд төрж, эсэн энх оршиж амьтны тус хэрэг бүтээхийн тухайд Шавдон-солдив буюу өлмий бататгахын залбирал ерөөлийг тавьдаг бол мөн тэднийг хорвоогийн гаслангаас нөгчиж хоосон хүү номын агаараа хурааж нирван дүр барьж, жанч халсны тухайд Түвдээр "Нюржон-солдив”, Монголоор "Түргэн заларч ирэхийн залбирал” хэмээх ерөөлийг тавьдаг байна. Уг номын гол утга нь дараагийн дүрийг нь энэ ертөнцөд түргэн заларч ирэхийг чухалчлан бодож зохиодог ажээ. "Нюржон солдив”-ыг өмнө нь монгол хүн зохиож байгаагүй бөгөөд түвд хүн зохиож дэлгэрүүлж ирсэн түүхтэй юм байна. Уншигч та бүхэндээ яруу найрагч, лам Ч.Эрдэнэбаатарын зохиосон "Нюржон-солдив”-ыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Аравдугаар Богд Түргэнээ залрахын залбирал
Оройн дээд Очирваани бурханаа тэнгэр бүтээгч ядам болгоод
Олны тусад хутагт дөрвөн үнэний сэтгэлээр зовлонгийн шалтгааныг хааж
Оюун ухааны эрдэм, гэтэлгэгч, төгс утгат ном хийгээд
Онц мэргэн чухаг дээд гурав дор итгэл төрүүлж ,өлзий хутаг хайрла
Зуун язгуурын эзэн Очирдара бурхны авралт, хамаг амьтан
Зуурдын төрөлдөө Богд Жамбалнамдолчойжижалцанбалсамбууд өлмий багтаад
Зулайд адислах мутрын авшигт нэн шүтэгч бид нэг сэтгэлээр
Зүйрлэшгүй их ачийг тань зүрхэндээ санан биширюу
Таван цөвийн цагийг ялан гийгүүлэгч, их ялгуусан бурхны шашин
Та бид бүгдийг хоцроолгүй авралдаа болгоож ирсэн
Тасралтгүй зөв сэтгэлт, амар жаргалын наран мандаагч
Тааламжит магад утгын багш дор залбирал талбия
Гүн утгын увдисаар нирвааны амирлалыг олж
Гүнзгий их хөлөгний нууцын эрдмээр бүтээсэн
Гүйцэшгүй их үйлсийн огторгуйн чанадад алдалгүй дагаваас
Гэрэлт мөрд баясан орох нь магад үнэн болъюу
Сүр жавхлант бие лагшингаас номын солонго цацраад
Сүсэг бишрэлт ,яруу эгшигт шавь олныхоо
Сүлд энэрэлт бие, хэл, сэтгэлийн үүдийг нээгээд
Сүнс ариун орших билигт чанарын үйлсийг магтья
Нүдэнд үзэгдэх юмс үзэгдэл бүхэн хуурмаг мэт
Нүглээс ангид, мөнх орших гүн номын шидийг үзүүлж
Хоосон чанарт номын агаараа шингээн
Хойт олон төрөлдөө дияны төгс амгаланаар жаргах болтугай
Арга чанарт Манзушир бурхан бээр хүслийг чадаж
Билиг чанарт Жанрайсиг бурхан бээр шидийг бүтээж
Цагийн хүрдэнд хамтдаа хураасан буян машид арвижиж
Цаглашгүй үнэн дараагийн дүр эндүүрэлгүйгээр түргэнээ залрах болтугай
Заавал дахин тодрох хувилгаан бие лагшин
Залгамж болсон эзэн Богдын залуу дүрс ургах наран мэт
Залбирлын бодь модны мөчир мянгантаа салаалж түгсэнээр
Зарлиг зохионгүй үйлсээ олон амьтны тусад өрнүүлэх болтугай.
Авралт гурван эрдэнийн адисласны хүчээр
Алгасалгүй буян нэмсэн шавь олон хуврагуудын хүчээр
Ар халх Монгол түмний сүсэг сэтгэлт чуулганы хүчээр
Аяндаа бүтэх сайн цагийн үрийг хамтдаа оршоох болтугай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих