Мах бол зөвхөн хүнс бус нэг ёсондоо эм юм.
- Нэгд, мах уураг хамгийн ихээр агуулдаг цорын ганц хүнс.
- Хоёрт, мах оролцсон эмийн бодис уламжлалт эмнэлэгт өчнөөн.
Ганцхан жишээ татахад л ардын зүйр цэцэн үгэнд "Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах шөлтэй” гэдэг бол зөвхөн тойго, хүзүү, шаантны шөлөөр даруулж уух тангийн жор олон. Энэ бүхнээс үзэхэд мах яалт ч үгүй хүнсний зайлшгүй бүтээгдэхүүн төдийгүй эмийн бодис болой. Тэгэхээр энэхүү чухал зүйлийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал эртнээс хүн төрөлхтний өмнө тулгарчээ.
Түүнийг хамгийн түрүүн, хамгийн зөв шийдсэн ард түмэн бол мэдээж монголчууд билээ. Одоо бол мэдээж өөр хэрэг. Зоорь, хөргөгч гэх нэг талаас тустай ч нөгөөтэйгүүр хөнөөлтэй зүйлс гараад иржээ. Шинжлэх ухааны ололт юм л даа. Монголчуудын сэдсэн арга нь цэвэр байгалийн гэхээр борц бүлгээ. Мах хөлдөхөөр үед бод, бог малаасаа заазлаад идэш болгон өвөл, хавар хэрэглэх махан хүнсээ бэлтгэдэг энэ арга одоо ч байсаар...
Махыг хамгийн удаан хадгалах цорын ганц арга гэсэн ч хилсдэхгүй. Монголчууд голдуу тэмээ, үхрийн махыг борцолдог. Хонь, ямаа борцлох нь бий ч ховор талдаа гэхэд болно.
Дашрамд өгүүлэхэд махны талаар нэгэн өрөөсгөл ойлголт 70-аад оноос гарч ирсэн юм. Мах, өөх холестерин гэдэг бодис агуулдаг нь цусны судасны ханыг хатууруулдаг. Тиймээс цус харвалт тохиох аюултай гээд л зад сурталчилсан даа.
Тэмээний борц
Өнөө цагт махыг нөөшлөн хадгалдаг арга дэлгэрсэн ч борцыг бодвол учир дутагдалтай юм. Борц огт муудахгүй, хэдэн жил ч хадгалж болно. Нөөшийг тэгж хадгалж болохгүй нь ойлгомжтой.
Борцны нэг давуу чанар бол хамгийн хялбар аргаар байгалийн нөхцөлд бүтдэгт байгаа юм. Монголчууд ихэнхдээ үхрийн мах борцолдог ч сүүлийн гучаад жилд говийнхон тэмээний мах борцолдог болсон нь сайшаалтай. Гэхдээ энэ нь цоо шинэ зүйл бус сэргээсэн арга гэхэд болно. Үнэндээ бараг мартагдаж байсан зүйл мөн л дөө.
Ямар ч насны тэмээний махаар борц хийж болно. Гол нь тарга, тэвээр сайтай байх хэрэгтэй. Тэмээний борцыг дотор нь хар, өөхтэй гэж ангилдаг болжээ. Харыг хавар, өөхтэйг өвөл хийдэг гэсэн. Борцыг хүзүү, хаа, сээрний хар мах, заримдаа өөх алагласан хэсгээр хийж, тогтмол эргүүлэн хатаадаг байна.
Тэмээний борцонд13 төрлийн чөлөөт аминхүчил бий гэсэн үзүүлэлт ч харагдана. Гэхдээ хаврын борц намар, өвлийнхийг арай гүйцдэггүй нь тогтоогджээ. Тооцооноос үзэхэд нэг килограмм мах 200 грамм борц болдог юм байна.
Шим тэжээлт чанарын хувьд тэмээний борц үхрийнхээс нэг их ялгарахгүй, бараг дутахгүй гэнэ. Борцоор бүх төрлийн хоол хийж болно. Гэхдээ хоёрдугаар хоолонд ямар нэг шинэ махтай холивол илүү болдог юм байна. Бууз, хуушуур, цуйван ч хийж болно гэсэн үг. Ялангуяа зайдсанд хадгалсан цустай холивол нэн амттай гэнэ билээ. Тэмээний борцтой будаатай цай ч гоё. Тэмээний борцны талаар сонирхуулахад ийм буюу.
Үхрийн борц
Монголчууд голдуу үхрийн мах борцолдог уламжлалтай. Харин Хөвсгөлийн цаатан иргэд хонины хаа, гуя, өвчүү, цорой, ууцыг бүхлээр нь борцлоод гуялж борцлох гэдэг юм билээ. Манайд сарлаг, хайнаг, монгол, махны чиглэлийн бас бус үхэр үржүүлдэг. Мэдээж тус тусдаа онцлогтой. Монгол үхрийн махны ширхэг нарийн, гарц их. Амьдын жин нь 380 кг шар төхөөрөхөд 200 кг гулууз гардаг ажээ. Гэхдээ махны гарц хамгийн ихтэй нь хайнагийн шар юм. 435 кг жинтэй хайнагийн шараас 230 кг гулууз гардаг ажээ. Үндсэн сэдэвтээ оръё.
Үхрийн махыг борцлохдоо салхи, савиртай газар хэц татаад махыг нарийхан зүсэн хөлдөөгөөд улмаар уринд идүүлнэ. Дөрвөөс таван сарын дараа борц бэлэн болно. Борцны жин анхныхаасаа тав дахин буурдаг гэх. Үхрийн мах, тэр дундаа борц уураг ихтэй учир хоол хийхэд амттайгаас гадна эрүүл мэндэд нэн тустай ажээ. Үхрийн махыг нарийн жиргэхэд гүзээндээ, борцлоход давсагтаа багтдаг гэсэн үг бий.
Түүнээс амны ганц, эсхүл хагас халбагаар тогоо дүүрэн хоол хийчихнэ гээд бод доо. Хийсэн байдал, хадгалсан хугацаа, хэзээ хийснээс болоод шинэ, хур, хар, цайвар борц хэмээн ангилдаг ажээ. Эдгээр нь өнгө зүсээс гадна амт чанараар ч ялгардаг талаар малчид ярьдаг.
Завханчууд арай өвөрмөц аргаар борц хийдэг нь амт чанараар гойд байдгийг мэддэг хүмүүс ярьдаг юм. Тэд махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөгөөд борцолчихдог ажээ. Шинжлэх ухааны үндэс нь мах цочир хөлдөхөд хамаг шим шүүс, шингэн нь хамт хөлдөөд, аажим уурших тул бүхий л аминдэм, эрдэс, уураг гээд чухал хэрэгцээт бодисууд махандаа үлддэгт байгаа хэрэг.
Говь, хээрийн бүсийн үхрийн махан борц хангайнхаас амт чанар илүү нь тогтоогджээ. Энэ нь өвс, тэжээлтэй холбоотой нь мэдээж.
Энд зориуд хэлэхэд ямааны мах удах тусмаа эм болдог тул тэр зорилгоор борцолдог байжээ, монголчууд. Борцоор хоол хийхдээ нүдэж, хөшиглөөд 5-6 цаг усанд дэвтээвэл амт чанар нь сайжрахаас гадна хөөдөг юм байна.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих