Арваад жилийн турш Дорнодчуудад "хүлээхийн жаргал эдлүүлсэн” Мянганы зам энэ жилдээ багтаж, аймгийн төвтөй золгох нь нэгэнт тодорхой болоод байгаа. Энэхүү замын трасст Чойбалсан хотын төв зам Хэрлэнгийн гудамж, Маршал Х.Чойбалсангийн гудамжууд тэр чигээрээ орж батлагдсан учраас манайхан ч төв замаа арчилж тордолгүй зөнд нь хаячихсан гэхэд буруутахгүй биз ээ.
Жолооч, зорчигч нар маань ч "Дал хоносон юм чинь далан нэг хоноход яахав” гэгчээр төв замын эвдрэл гэмтэл, элдэв нүх сүвийг хэлээ хазаад тойроод гардаг болсон. Тэд зам дээр үүссэн нүх сүвийг "3D байгалийн хурд сааруулагч” гэж хошигнодог болсон байна лээ. Үүний зэргэцээ хоёр жилийн насгүй жижиг зам, уулзварууд Чойбалсан хотод маань дэндүү олон. Аймгийн Замын цагдаагийн тасгийн албан ёсны мэдээллээр Чойбалсан хотод эвдэрч гэмтсэн 18 хэсэг уулзвар байдаг гэж байна.
2014 оны зам засварын ажлууд хэдийнэ эхэлсэн байгаа. Энэ жил улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр 3 тэрбум орчим төгрөгийг зам угсралт, засвар үйлчилгээнд зарцуулах төлөвлөгөөтөй. Зам барилгын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор зарим гудамж, уулзваруудад хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Иймээс жолооч нарыг хөдөлгөөний хурдаа тохируулж, хөдөлгөөний дараалал, тэмдэг заалт баримтлан соёлтой зорчих, эгнээ байраа оновчтой эзлэх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагаас анхаарууллаа.
Хүсэн хүлээсэн Мянганы зам хотын төв гудамжтай нийлж, туслах зам, уулзвар гарцууд шинэчлэгдсэнээр энэ намар гэхэд Чойбалсан хот маань өнгө нэмэн гялалзах нь ээ. Харин одоо замчид, барилгын компаниуд маань сэтгэл гарган, норм дүрмийнх нь дагуу чанартай ажил хийгээсэй гэж залбирах л үлдэж байна.
Г.Алтанхуяг/Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих