Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын ВТБ капитал банкнаас 300 сая ам.долларын худалдааны зээл авахаар болов. Уг зээллэг 7.5 хувийн хүүтэй бөгөөд хойд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч дөрвөн компанид арилжааны банкуудаар дамжуулан олгох аж. Ингэхдээ өнөөгийн зах зээлийн хүүгээр олгоно гэдгийг Хөгжлийн банк захирал Н.Мөнхбат хэллээ. Валютын гадагшлах урсгалд газрын тосны бүтээгдэхүүний импорт 20-25 хувийг эзэлдэг. Сүүлийн нэг жилд 800 орчим сая ам.долларын импорт хийснээс харахад энэ төрлийн импорт валютын гадашлах урсгалд багагүй жин дарж байна. Дээрх зээлийн хэлэлцээрийн дагуу шатахуун импортлогчид 100 хувь урьдчилж төлбөрөө төлсний дараа нефтийн бүтээгдэхүүнээ "'Роснефть ” компаниас авдаг хуучин тогтолцоог халж, тодорхой хугацааны дараа төлөх уян хатан нөхцөл бүрдлээ. Улмаар улирлын чанартай валютын ханш савлагаа, шатахууны жижиглэнгийн үнийн хэлбэлзэл багасгана гэдгийг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбурэн онцлов.
Тэрбээр "Хавар, зуны улиралд валютын ханш огцом савладаг, намар уул уурхайн өгөөж орж ирдэг учраас энэ урсгал жижгэрдэг. Үүнийг жигдлэхэд томоохон дэмжлэг болно. Цаашлаад нефтийн худалдааг рублиэр төлдөг болох механизм руу шилжих алхам бас тавигдана” гэсэн юм. Энэхүү худалдааны санхүүжилтийн 36 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд хэрэгцээнээсээ хамаарч хэсэгчлэн авч хэрэглэснээр нийт 1.3 тэрбум ам.долларын баталгаат эх үүсвэр болох аж. Тиймээс валютаар хийдэг бензин шатахууны бэлэн төлбөрийн хугацааг сунгах, гадаад валютын албан нөөц нэмэгдэх, өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгахад эерэг нөлөө үзүүлю гэж Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат үзэж байна.
Тэрбээр "Хоёр орны хооронд сүүлийн 30 жилд хийгээгүй томоохон гэрээ, хэлэлцээрийг байгууллаа. ОХУ-ын банкны санхүүжилтээр "Роснефть” компанийн нефтийг дотоодын компаниуд импортлох боломжтой боллоо. Эхний ээлжид "Ник”, "Магнай трейд”, "Шунхлай”, "Сод Монгол” компанийг энэ зээлд хамруулна. Энэ сонголтыг Оросын тал хийсэн. Цаашид жижиг аж ахуй нэгжийг хамруулах ажлыг үргэлжлүүлнэ” гэв.
Д.ДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17596
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих