Ардчилсан тодотголтой Монгол Улсын иргэд өнөөдөр сонголтоо хийж байна. Мэдээж хуульд заасны дагуу бол иргэдийн сонголтод хэнбугай ч нөлөөлөх учиргүй, сонгууль шударга үнэн явагдах учиртай. Иргэд ч тийм итгэлтэй байгаа биз ээ. Ер нь бол ардчиллын үндсэн гол тулгуур зарчимууд гэдэгт чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах зэрэг хэдэн гол асуудал л байдаг. Тэр утгаараа сонгууль шударга явагдаж байгаа эсэх асуудал дээр иргэд хийгээд хэвлэлийнхэн анхаарал хандуулах нь зүйн хэрэг юм. "Ардчиллын ноён нуруу бол иргэний эрх чөлөөт байдал (civil liberty). Ардчилсан төр засгийн аливаа шийдвэр эцсийн эцэст иргэний эрх чөлөөт байдал, түүний салшгүй хэсэг болох иргэний эрх (civic right) болон эрх чөлөөг (freedom) бэхжүүлсэн байх учиртай” билээ.
Улс төрийн нам хэмээх үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдлээс дэндүү ихийг хүлээх нь бас өрөөсгөл л дөө. Манай тухайд ардчиллын хэлбэрүүд дундаас Төлөөллийн ардчиллаар замнаж яваа. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т "…Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэсэн байгааг шууд бус төлөөллийн гэсэн утгаар нь бид ойлгох нь зохистой юм. Төлөөллийн ардчилал гэдэг нь Иргэд сонгогчид төрийн эрхийг биелүүлэхэд үүрэг бүхий албан тушаалтанд итгэл хүлээлгэж, сонгож түүгээрээ дамжуулан засаглалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр юм. Тэгэхээр бид өнөөдрийн тухайд ийм л хэлбэрийг дагаж буй учраас үүнийг даган гарч ирэх үр ашиг болоод эрсдлийн аль альныг нь үзэж л таарна.
Эрхэм таны сонголт мэргэн байх болтугай!
Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих