Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгчээр УИХ-ын сонгуульд олонх болох том зорилго тавьсан АН-ынхан түүндээ хүрэх нь битгий хэл Бүлэг байгуулах хэмжээний суудалтай л хоцорлоо. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй төр, засгийн удирдлагуудаас эхлээд Засгийн газрын гишүүд нь хүртэл ээлж дараалан бүдэрсээр сонгуулийн эцсийн дүн гарахад есөн тойрогт ялалт байгуулсныг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор зарлав.
Тэдгээр нь Баян-Өлгий аймагт Д.Мурат, Дундговьд Б.Наранхүү, Завханд Я.Санжмятав, З.Нарантуяа, Сэлэнгэд Д.Эрдэнэбат, Ховдод Б.Пүрэвдорж, Баянзүрхэд Ж.Батзандан, Хан-Уулд Л.Болд, Баянголд С.Эрдэнэ нарын есөн гишүүн намынхаа нэрийг тахалж ялалт байгуулжээ.
Үүнтэй холбогдуулж АН-ын дарга З.Энхболд намын дүрмийн дагуу хариуцлага хүлээж огцрохоо мэдэгдсэн юм. Ойрын хугацаанд АН-ын ҮЗХ хуралдаж намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нараа тодруулна гэсэн үг. Үүнээс гадна АН УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан учраас дарга, дэд дарга нараа томилох учиртай. Мөн хуульд заасны дагуу Бүлгийн гишүүдийнхээ нэгийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх юм. Тэгэхээр АН-д намын даргаас гадна Бүлгийн, УИХ-ын дэд дарга гэсэн гурван хүнийг нэр дэвшүүлэх, томилох шаардлага ойрын хугацаанд тулгарах нь.
Албан бус мэдээллээр АН-ын дараагийн даргад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг ярьж байгаа юм байна. Харин Бүлгийн даргаар С.Эрдэнийг, УИХ-ын дэд даргад Д.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж магадгүй аж. Р.Амаржаргалын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан, бусдыгаа бодоход туршлагатай улстөрч, хамгийн гол нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй гэдэг нь давуу тал болж байгаа гэнэ. Харин С.Эрдэнийн хувьд АН-ын даргын тэргүүлдэг "Шонхор” фракцынх учраас Бүлгийн даргад зүтгүүлж байгаа сурагтай. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар "Шонхор” фракцынхан нам доторх нөлөөллөө алдахгүйн тулд С.Эрдэнийг зүтгүүлж байгаа гэх юм билээ. Энд нэг зүйлийг тодотгоход АН-ын даргын томилгоонд Ерөнхийлөгчийн зүгээс орж ирэх магадлал хамгийн өндөр. Өөрөөр хэлбэл, "Нэг ардчилал” фракцын Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын намдаа ч, нийгэмд ч нэр цэвэр залуус намын даргын өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгч байх нь дамжиггүй.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих