Энэ замаар барагцаалбал 10-20 километр өргөн хөндийгөөр урссан магма нь 40-50 метр зузаан хүрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гүнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том, том хүрмэн чулуу ундуй сундуй хөглөрч байдаг учир явахад бэрхтэй. Тогоон дотор зөвхөн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зүүн гар талд Тариат сумын төвөөс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой үзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хөөс царцан хагарч 170 орчим сантиметр өндөртэй хүрмэн чулуун гэрийн "тооно”, "үүд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгүй.
Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж унтарсан гурван галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхнэ үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.
Домог
Эрт цагт энэ нутагт нэг ноён охинтойгоо амьдардаг байсан ба ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж. Бас нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба ноёны охин тэрхүү хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноён эцэг нь охиноо хол нутагт баян ноён хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож, уйлсаар нуур болон үлдсэн нь Тэрхийн цагаан нуур юм.
Хайртай залуу нь уулзаж байхын тулд гол болсон ба энэ нь Суман гол. Тэрх нуурын дундуур нэг гол урсдаг нь гайхамшигтай харагддаг бөгөөд энэ нь Суман гол юм.
Ноён охиноо санан, мөн ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ нуурын хөвөөнд үргэлж суусаар хад болон үлдсэн нь нуур руу өнгийн тогтсон одоогийн Өвгөн хад билээ.
mnb.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих