Өмнөд Солонгосын "Севолл" хөлөг онгоцны ослоор амь үрэгдсэн хүний тоо 171 болж 131 хүн сураггүйд тооцогдож байна. Далайд үзэгдэх орчин маш муу байгаа нь хүндрэл учруулсаар байгааг хэвлэлүүд мэдээллээ. Хөлгийг татаж гаргахаар гурван кран авчирсан ч зорчигчдын ар гэрийнхэн зөвшөөрсөн тохиолдолд ашиглах гэнэ.
Амь үрэгдсэн хүмүүсийн хуруунууд хугарсан байсан нь живэхгүйн тулд хана руу авирах гэж оролдсонтой холбоотой бололтой; "Бид хүнд хэцүү олон зүйлтэй тулгарч (байсан. Гэхдээ энэ удаагийнх үгээр хэлэхийн аргагүй. 14 цогцсыг гаргаж байх мөчүүд надад тохиолдсон хамгийн аймшигтай, сэтгэл сэмэрч, зүрх урагдсан үе байлаа" хэмээн нэг аврагч ярьжээ.
Хэдийгээр ослоос хойш найм хоног өнгөрсөн ч эцэг, эхчүүд найдвар горьдлого тээн далайн эрэгт хүлээсээр байна. "Бид энд аажим аажмаар амьд үхдэл болон хувирч байна. Цаг хугацаа бидний эсрэг явж байгаа ч бид тэсэх болно. Тэнд, далайн хүйтэн усанд бидний хүүхдүүд байгаа шүү дээ" хэмээн нэг сурагчийн эх хэлжээ.
Эмгэнэлт явдлын улмаас хаалгаа түр барьсан Ансан хотын "Данвон" сургуулийн хичээл эхэлжээ. Хөлөг онгоцонд энэ сургуулийн 250 гаруй сурагч явж байсны 75 нь амьд гарч чадсан бөгөөд олонх нь одоо ч эмнэлэгт хэвтсээр байна. Сургуулийн захиргаа эхний хэдэн өдөр сурагчдад сэтгэл зүйн тусламж үзүулж, тайвшруулахад бүх анхаарлаа төвлөрүүлэх гэнэ. Мөн болзошгүй Зүйлээс сэргийлж хэд хэдэн ангийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний. зориулалтаар өөрчлөн тоногложээ.
Одоогоор усан онгоцны ахмад тэргүүтэй 20 хүнийг саатуулан шалгаж байна. Тэднийг албан үүрэгтээ хайнга хандсан, зорчигчдод тусламж үзүүлээгүй гэсэн ял тулгажээ. Хүмүүсээ аврахаас илүүтэй өөрсдийнхөө амийг бодон хамгийн түрүүнд аврах завинд суусан тэднийг зорчигчдын эцэг, эх төдийгүй солонгос иргэд харааж зүхсэн хэвээр. Хөлгийн ахмад болон багийн гишүүд аллага үйлдсэнээс ялгаагүй хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Аврах ажиллагаа ямраар дуусахаас үл хамаарч онгоцны ахмадад бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна.
Осол гарах үед онгоцны ахмад, багийн гишүүд бус харин зорчиж явсан сурагч аврах алба руу хамгийн түрүүнд утасдсан нь тодорхой болж бас шуугиан дэгдээлээ. Харамсалтай нь тэр сурагч амиа алдсан 170 хүний нэг болжээ.-Энэ хүүг ярьсны дараа аврах албаныхан хүүхдүүдээс 20 орчим дуудлага хүлээн авсан байна.
Аврах ажиллагаанд 550 орчим хүн, 212 усан онгоц 34 техник хэрэгсэл ашиглаж байгаа ч амьд хүн олно гэх найдвар хором тутам бөхсөөр. Хүйтэн усанд найм дахь өдрөө олон цагаар ажиллаж байгаа аврагчид ч ядарч сульдаж эхэлжээ. Өнөөдрөөс далайд бороо орж эхлэхээр байгаа нь аврах ажиллагаанд бүр ч муугаар нөлөөлөх нь.
ӨДРИЙН ШУУДАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1831
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих