Рио-де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Эхний зургаан өдрийн байдлаар нэг мөнгөн медаль хүртээд буй манай улсын баг тамирчид өнөөдөр маш чухал барилдаанууд болон тулаануудыг хийнэ. Тодруулбал өнөөдөр Монголын баг тамирчид жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Өчигдөр манай улсын хамгийн том найдвар болох олимпийн хос медальт, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр барилдаанаа хийж харамсалтайгаар ялагдсан билээ. Тиймээс өнөөдөр жүдо бөхийн төрлөөс медаль авах сүүлийн боломж юм. Мөн боксын төрөлд оролцож буй Д.Отгондалайд монголчууд нэлээд итгэл найдвар хүлээлгээд байна.
УСАНД СЭЛЭЛТ:
Олимпийн наадамд усан сэлэлтийн төрөлд оролцож буй Б. Есүй өнөөдөр тэмцээндээ оролцоно. Тэрбээр өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцоно. Б.Есүйгийн уралдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01.11 цагаас эхлэх бөгөөд тэрбээр манай тамирчдаас хамгийн залуу нь билээ.
БОКС:
Монгол Улсын боксын шигшээ баг Бразилыг зургаан тамирчинтай зорьсон. Одоогийн байдлаар Г.Ган-Эрдэнэ, Н.Түвшинбат нар тэмцээнээ өндөрлүүлээд байгаа юм. Тэгвэл боксчдын медалийн төлөөх өрсөлдөөн өнөөдрөөс эхэлнэ. Эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалайгийн Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хийх хүрлийн тулаан үүрийн 06.00 цагт болно. Түүнийг хөгжөөн дэмжигчид нь бүх ард түмнээ өнөөдөр огшуулна хэмээн уухайлж байна.
ЖҮДО БӨХ:
Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байна. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана.
Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих