Хүний онцлог бол ухаан. Хүн анх төрөхөд бие л төрөх болохоос ухаан бол
суугаагүй шүү дээ. Нэгэнт өгөгдсөн биеийг ухаантай болгох тэр үйл явцыг
хүн өөрөө л гүйцэлдүүлэх үүрэгтэй. Ухаанаа хөгжүүлж ухаан төрөхийг хоёр
дахь төрөлт гэж нэрлэдэг. Энэ хоёр дахь төрөлт 20 оос 30 насны хооронд
явагдах ёстой.
Төрсөн биеэ ухаантай болгож чадвал одоо л бүрэн хүн болох жишээтэй.
Бүрэн хүн болохын тулд сурч боловсрох шаардлагатай. Хэрвээ юу ч сурч
боловсроогүй гэвэл нэг сайхан төрсөн бие л алхахаас биш ухаан бол
хомсхон л гэсэн ойлголт. Өөрөөр хэлбэл үзэж харсан сонссоныгоо л үнэн
гэж үнэмшихээс биш цаад үнэнийг бол мэдэхгүй. Яагаад гэвэл асууж
эргэлзэж шүүмжлэхгүй тул юуг ч хамаагүй тархиндаа цуглуулна гэсэн
ойлголт. Гэтэл хүн үзсэн харсан сонссон болон үнэмшчихсэн зүйлсээ заавал
шалгаж шүүлтүүрдэх чадвартай болох учиртай.
Энэ хорвоо дээр хүн л ухаантай болох боломжтой болохоос биш амьтан бол
ухаангүй. Жишээлбэл чоно их ухаантай гэдэг бол маш буруу бөгөөд бас
хүмүүсийн алдаатай үнэмшил шүү дээ. Чоно төрөхөд байгалийн сэрэл өгөгдөх
ба үүнийгээ дагаад дууриаж давтаж л чонын амьдралаар амьдрана. Чононд
буруу зөв эсвэл үнэн худлаа гэсэн ойлголт байхгүй.
Хүн амьдралд бол буруу зөв үнэн худлаа сайн муу гээд олон чухал үнэт
зүйлс бий. Хүн сурсан зүйлээ шалгаж яагаад гэж асуух чадвартай болох
боломжтой. Хүн зөв зүйлийг сурч зөв багштай таарч зөв ном уншвал алдах
алдаа багасахын хажуугаар бусдын боол болохгүй явж чадна. Мэдлэг хүнийг
үнэмшсэн зүйлсээ шүүлтүүрдэж өөрөөр хэлбэл шүүн тунгааж ялгах чадвартай л
болгодог. Ийм хүнийг л ухаалаг хүн гэх магадтай. Эндээс хийх гаргалгаа
буюу логик бол ухаалаг хүмүүс л ухаалаг төрийг бүрдүүлнэ.
Хүн төрөхөөс авахуулаад хүүхэд нас болон залуу насыг дамжин насанд хүрч
бүрэн хүн болохын тулд анх үнэмшсэн зүйлүүдээ засаж залруулж жинхэнэ
мэдлэгтэй болох нөр их боловсролын үйл хэрэгт оролцдог. Бага анги, дунд
анги, ахлах анги гээд л ерөнхий боловсролтой болцгооно. Үүний дараа их
дээд сургуулиудаар явж бүр л их мэдлэгт суралцаж байж л ухаан төрөх үйл
явц явагдана. Энэ үедээ үнэмшсэн үнэмшилүүд мэдлэг биш гэдгийг таньж
мэдэх чадвартай болох ёстой. Ингэж чадахгүй бол бие өсөж нас гүйцсэн ч
ухаан өсөж хөгжихгүй.
Шууд мэдлэг гэхэд хэцүү үнэмшилүүдийн жишээ гэвэл хувийн санаанаас
авахуулаад цуу яриа хүртэл бүх л слнссон харсан хувийн үзсэн
туршлагуудыг нэрлэнэ. Гэтэл хувийн үзсэн зүйлс нийтэд хүчинтэй мэдлэг
биш. Дуу шүлэг, зүйр цэцэн үг, яруу найраг, хэлсэн үг, дөрвөн мөрт гэх
мэт заавал мэдлэг биш. Тэр бүгд худлаа байх боломжтой. Шал худлаа яруу
найраг олон байна шүү дээ.
Түүх, домог бол батлах баталгаа байхгүй тул үнэн гэхэд хэцүү. Өнгөрсөн
түүхийг хэн ч мэдэхгүй. Түүнээс гадна зурагтаар ярьж буй хүмүүсийн
ярианаас авахуулаад мэдээ түүний хажуугаар сонинд бичсэн зүйл болон
ярилцлагууд бүгд л шүүж тунгааж бодохгүй бол шууд үнэмших үнэн зөв
мэдлэг биш шүү. Хэрвээ энэ бүгдийг шүүлтүүрдэх мэдлэг боловсрол байхгүй
гэвэл зурагтаар л сонингоор л үнэнээ хийж бодит байдалаас хол амьдарч
бусдын хүүхэлдэй л болно гэсэн үг шүү дээ.
Хэрвээ төрөөс ухаалаг төр гэсэн төрийн шинэ хэлбэр дүр төрхийг шаардаж
уриалж байгаа бол буруу зүйлд худлаа зүйлд алдаатай зүйлд үнэмшчихсэн
яваа төрийн хүмүүсийн ухааныг л засаж залруулах чухал. Төрд бол ухаан
байхгүй шүү дээ. Төр гэдэг нэг бүтэц өөрөөр хэлбэл систем. Ухаалаг
төртэй болох гэдэг бол мэдлэгтэй хүмүүсийг л ажиллуулна гэсэн үг шүү
дээ.
Мэдээж гадаа гудамжинд, гэртээ эсвэл найз нөхөдтэйгээ мухар сүсэг ярьж
мухар сүсэгтэх бол тэр хүний тухайн цаг үедээ хийж буй нэгэн гэнэн
томоогүй үйлдэл. Шашны сүм хийдүүдэд нийлээд зохион байгуулалттай мухар
сүсэгтэх тэртэй тэргүй тэр байгууллагын зорилго шүү дээ. Тэнд зөрөлдөх
байтугай асууж ч болохгүй хориотой. Харин ажлын байранд, улстөрийн намд,
улстөрчийн ярианд мухар сүсэг байж болохгүй. Энд яагаад ч үнэмшилээ
ярьж болохгүй өөрөөр хэлбэл өөрийн санаагаа ч хэлж болохгүй. Яриа бүр
боловсрол баталгаа аргумент дээр тулгуурлаж яригдах учиртай.
Цэвэр мэдлэг ярих газар бол их дээд сургуулиуд. Дэлхийн университэтүүд
анх ард түмнийг сүм хийдийн мухар сүсэгээс холдуулж жинхэнэ үнэн
мэдлэгтэй болгох зорилготой байгуулагдсан. Их дээд сургуулийн танхимууд
мэдлэгийг өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний мэдлэгийг түгээж харилцан
солилцох эцсийн зорилготой. Улс орны мэдлэгийн оргил болох ёстой.
Америк, Европ, Япон гээд хөгжилтэй орнууд университэтүүдээ л гайхуулдаг.
Монголчууд тэдний техник технологийг бүгдийг авч хэрэглэдэг хэдий ч
ухаанд суулгах ёстой мэдлэгийг бол авч чадахгүй яваа бол маш том алдаа.
Олон улсын хэллэгээр сайэнсийн \science\ газар болох ШУА өнөөдөр
мэдлэгийг түгээх биш бүр хэрэглэж хэрэгжүүлж аж үйлдвэрийн суурийг тавих
ёстой атал Буддизмын хурал зохион байгуулж хүн төрөлхтөний мэдлэгийг
уландаа гишгэдэг. Сайэнс гэдэг бол мэдлэг гэсэн ойлголт болохоос шинжлэх
ухаан гэсэн ойлголт биш шүү дээ.
Ухаалаг төр гэсэн уриалга өөрөө идеологтой болох ёстой. Идеолог бол анх
л идэй гэсэн үгнээс гаралтай ойлголт. Идэй гэсэн үгийг орчуулах
боломжгүй харин махчилж тайлбарлах боломжтой. Идэй бол сэдэл, төсөөлөл
гэсэн ойролцоо утгатай бөгөөд 2500 жилийн түүхтэй. Тиймээс ухаалаг төр
гэдэг бол нэг сэдэл бөгөөд төсөөлөл гэх боломжтой. Нэг үгээр хэлэхэд бид
ухаалаг төр гэхээр ямар төрийг төсөөлөх вэ гэдэг юунаас ч чухал.
Хүн төрлөхтөний мэдлэг ярихын оронд ямар ч утгагүй Өрнө эсвэл Дорно гэж
ялгаа гаргах гэж оролдох бол том ташаарал. Хүн төрлөхтөний мэдлэг
боловсрол Дорноос биш Өрнөөс гаралтай гэдгийг хэн ч хэлнэ. Дорноос хүн
төрлөхтөнд зориулсан мэдлэгийн ном бичсэн хүн гараагүй. Дорноос дэлхийн
хэмжээний физик математикч төрөөгүй. Дорноос философийн олон зуун
хуудастай ном бичсэн дэлхийд нэрээ цууриатуулсан хүн бас л гараагүй.
Харин Өрнөөс бол Дорныхон маш их зүйл хожим суралцаж өнөөдөр Ази тивийн
олон орон хөгжиж чадлаа.
Мэдлэг гэдэг хаа ч хүчинтэй, рационал тул чанартай бас амьдралд шууд
хэрэглэх боломжтой. Математикийн мэдлэгтэй бол эдийн засаг санхүүд
хэрэгтэй, хими биологийн мэдлэгтэй бол эрүүл мэндэд хэрэгтэй, философийн
мэдлэгтэй бол сайн муугийн ялгааг мэдэхэд хэрэгтэй.
Идеолог гэдэг олон янз. Их дээд сургуулиуд ч идеологтой байх ёстой.
Жишээлбэл их дээд сургуулиудын идеолог бол зөвхөн мэдлэг л заана шүү
зөвхөн мэдлэг хэм хэмжүүр шүү гэж хатуу дүрэмтэй болох ёстой. Ард түмний
хүүхдүүдэд хэзээ ч хоосон санаагаа хувийн үнэмшилүүдээ лекц нэрээр
тарааж түүнийгээ шалгалт нэрээр тулгаж болохгүй. Их сургуулийн хаалгыг
татан орж буй оюутан ямар зорилготой орж ирж буй вэ гэхээр зөвхөн мэдлэг
заадаг тийм л цорын ганц газар орж ирж буй гэдэгийг л мартаж болохгүй.
Их сургуулийн идеологоос гадна мэдээж улстөрийн идеолог гэж бас хамгийн
их ээдрээтэй салбар бий. Улстөрийн идеологгүй явна гэдэг өөрсдийн
үнэмшилээр л өөрөөр хэлбэл өөрийн санаагаар л явна гэсэн үг шүү дээ.
Өөрийн санаа гэдэг бол яг л хар ухаантай адил мухар ухаан. Зарим хүн
мэдлэгийг мэдрэмжээр орлуулах бас л буруу. Мэдрэмжээрээ явах бол
амьтанаас ялгаагүй шүү дээ.
Улстөрийн идеолог гэдэг улстөрийн утоп дээр тогтох ёстой. Утоп гэдэг
бол маш эерэг ойлголт бөгөөд үл гүйцэлдэх үзэл гэж буруу орчуулдаг.
Гэтэл утоп бол яг энд байхгүй гэхдээ байлгах боломжтой гэсэн ойлголт.
Тиймээс яг тийм улстөр энд одоо алга харин ирээдүйд тийм л улстөртэй
болно гэсэн зорилго бол бас л нэг улстөрийн утоп байх жишээтэй.
Ухаалаг төрийн идеолог бол гадаа гудамжины гал түлдэг мухар сүсэг биш,
ууланд хадаг хийсгэх биш, гэр оронд ярьдаг хувийн санаанууд биш, найз
нөхөдтэйгээ ярьдаг үнэмшсэн бодоогүй зүйлс биш харин хатуу чанд мэдлэгт
тулгуурласан идеолог байх ёстой. Мэдэхгүй хүн л алддаг шүү дээ. Мэдэхгүй
хүн л бусдыг балладаг. Мэдэхгүй хүн л улс орны ирээдүйг балартуулна.
Европт хэдийд мэдлэг ноёлож эхэлсэн бэ гэхээр Соён гэгээрэлийн эрин
зуунд шашныг сүм хийдэд хязгаарласан шүү дээ. Ингэж чадсан тул мэдлэгт
цааш боломж олдсон. Шашин зөвхөн сүм хийд дотор л байх үүрэгтэй. Түүний
хажуугаар бас шашныг төрөөс салгаж чадсан. Ингээд төр, мэдлэг, шашин
гэсэн гурван тус тусдаа салбар үүссэн бөгөөд эндээс л системийн онол
эхэлдэг.
Европоос суралцсан Азийн орнууд төрийг улстөрд өгсөн. Мэдлэгт зориулан
университэт байгуулсан. Харин шашин зөвхөн сүм хийд дотороо л үнэн
болсон. Сүм хийдийн үнэн бол шашиндаа л үнэн болохоос нийгэмд бол
хүчингүй. Нийгэм бол ухаалаг төрийн идеологоор мэдлэг дээр тулгуурлах
ёстой. Энд л Монгол орны ирээдүй харагдаж байна.
Доктор С.Молор-Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих