2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан
аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн
ЗДТГ-н дарга П.Бат-Өлзий нар Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг
Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай
уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар улс орны хэмжээнд төсвийн
хэмнэлтийг хийж байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах,
санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, санхүүгийн алдаа дутагдал гаргасан
зарим удирдлагад арга хэмжээ авах талаар ярилцлаа. Уулзалтанд аймгийн
Боловсрол соёлын газар болон Санхүү аудитийн албаны удирдлага оролцож
өнгөрсөн жилд Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын
байгууллагуудад санхүүгийн болон хуульд заасан чиг үүргийн чиглэлээр
хийсэн шалгалтын дүн, шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ,
зөвлөмжийг танилцуулсан. Хэрлэн сумын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа
явуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн хэмжээнд хүүхдийн үдийн цай
хөтөлбөрийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр санхүүжүүлэх, төсвийг
хэтрүүлэн зарцуулж өр төлбөр үүсгэх, тэтгэврийн насны болон багшлах
эрхгүй хүмүүсийг ажиллуулах зэрэг зөрчлүүдийг гаргасан тул зохих арга
хэмжээ авах саналыг аймгийн удирдлагад гаргасан байна. Мөн аймгийн
Боловсрол соёлын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн Хэрлэн сумын 6
болон 8-р сургуулиудыг нэгтгэн 1 сургууль болгох талаар аймгийн Засаг
даргын захирамж гарсныг танилцуулсан юм.Сургуулиуд нэгдэхтэй
холбогдуулан анги танхимын хуваарлалт, багшлах боловсон хүчний талаархи
тодорхой судалгаануудыг хийсэн байна.Ямартаа ч дээрхи сургуулиуд
нэгдэхтэй холбогдуулан төрийн албан хаагчдийг халахгүй ба ажлын байраар
хангах бүрэн боломж байгаа гэдгийг аймгийн удирдлагууд албан ёсоор
мэдэгдлээ.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19093
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих