Ардын уран зохиолч Б.Баасттай уулзаж ярилцлаа. Өдгөө 90 насыг зооглоод буй эрхэм зохиолч Монголын театрын урлагийн нэгэн үеийн түүхийг бичилцэж, театрын аминдэм болсон жүжгийн зохиолыг туурвиж явсан билээ. Түүний "Мандухай цэцэн хатан”, "Цогийн идэр нас”, "Ийм нэгэн хаан байжээ”, "Арвижихийн гэр бүл” зохиол 10 жилийн турш театрын тайзыг эзэгнэн байсныг мартах учиргүй. "40 мянгатыг анх баригдаж байхад Сэнгээ дарга маань зохиолчдод 10 байр авч өгсний нэг нь энэ.
Одоо 51 жил болж байна. Газар хөдлөлт болбол хамгийн түрүүнд нурж унах байх аа. Хамгийн чухал нь энэ олон ном л дарагдах вий” хэмээн ярих ардын уран зохиолч Б.Бааст гуай саяхан сар шинийн баяраар ахмадуудаа төлөөлөн Төрийн ордонд зочлон золгуут хийсэндээ баяртай байна билээ.
-Энэ жил таны, бас С.Удвал авхайн 90 насны ой тохиож байгаа юм байна шүү дээ. Зохиолчдын эвлэл ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулна гэсэн үү?
-Удвалынх хоёр сарын төгсгөлд байх аа. Бид уг нь их ойролцоо төрсөн юм билээ. 1971 онд Удвалыг Сүхбаатарын, намайг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Тэр үед Удвал намайг "Хоёулаа 50 насны ойгоо хамт тэмдэглэе” гэж байсан. Удвал бол угаасаа Ардын их хурлын депутат, Намын Төв хорооны гишүүн том хүн шүү дээ. Түүний насны ойг тэмдэглэхэд Нүхтээс бүх юмыг нь авчраад хүлээн авалт хийчихнэ.
Харин би бол ядуу хүн. Тухайн үед дэлгүүрт юу байсан юм бэ. Давс, талх, ёотон л байгаа. Тэгээд би "Чамтай эн зэрэгцэж болохгүй ээ, би ядуу хүн. Намар ногоо, цагаа гарсан сайхан үеэр ойгоо тэмдэглэнэ” гээд сайн дураараа төрсөн өдрөө есдүгээр сарын 10 болгочихсон юм.
-Уг нь та хавар төрсөн байх нь ээ?
-Аав, ээж хоёр минь их залуудаа суусан гэсэн. 15, 16 настайдаа суусан гэж эгч нар нь ярьдаг юм. Зарим нь "Арай ч үгүй ээ, 16-17 настайдаа суусан байх гэдэг юм”. Ээж минь долоон охинтой айлын дээрээсээ зургаа дахь нь. Ээжийн дараа нэг охин төрснийг Зандан гэдэг байж. Царай зүс, гоо сайхнаараа шагшигдсан тэр охин нь хүнтэй сууж хүүхэд гаргалгүй залуудаа өөд болчихсон юм билээ. Харин ээж минь арван хэдэн хүүхэд төрүүлсэн. Намайг жаахан байхад бага хүүхдээ төрүүлчихээд нялхын халуунаар нас барчихсан юм билээ. Харин ээжийн минь таван эгч бүгд их урт насалж, сайхан амьдарцгаасан.
Аав, ээж хоёр маань хар нялхаараа суусан, бас ядуу амьдралтай байжээ. Хэдэн ямаанаас өөр малгүй. Хүүхэд тогтохгүй байсан учраас нэг эмэгтэй хүүхэд өргөж авсан байгаа юм. Олзод гэж охиныг өргөснөөс хойш хүүхэд тогтож олон хүүхэд төрүүлсэн гэдэг. Би хоёр эгч, гурван ахтай, айлын зургаа юм уу, долоо дахь хүү байсан. Ээжийг өөд болсны дараа аав маань гэртээ орж эм, гадаа гарч эр болж явсаар том хүүгээ Хүрээнд лам болгож, тэр нь гэлэн болсон байгаа юм.
Дараа нь нэг хүүгээ явуулсан нь гэцэл, бага дүү маань банди байсан гэсэн. Тэгээд гурван хүүхдээ айлд өргүүлээд цаана нь дөрөв, таван хүүхэдтэй үлдэж байгаа юм. Тэгж үлдсэний нэг нь би. Намайг бас нэг зайран буюу бэсрэг бөөд өгөх шахсан гэдэг. Ойрын садангийн хүн байсан ч өгч явуулаагүйд нь баярладаг.
-Монголд шарын шашин нэлээд удаан хугацаанд ноёрхож байсан. Гэсэн ч таны багад бөө нар бас байжээ?
-Би бөөгийн шашинтай. Миний том эгчийн хүү нь юм уу, дүү нь юм уу, Луузан гэж залуу байсан. Мундаг том бөө. Мөн Шаргай гэж удган байсан. Түүнээс гадна гүртэн, зайрангууд бий л дээ. Харин одоогийн бөөг хараад би нулимдаг. Тэд нар бөө биш зүгээр л дуураймал хүүхэлдэйнүүд. Жинхэнэ бөөгийн гэрт ороход л аймшигтай шүү дээ. Тотгоны таван униныхаа цаагуур хөө болсон хар дэвсгэр дээр даавуугаар гурван могой оёсон байдаг. Тэгээд баруун, зүүн, урд, хойноо тэр хатгамлаа байрлуулсан байдаг. Манайхан хэнгэргийг дүнгэрэг, цохидог зүйлийг нь малиа гэдэг юм.
Луузан, Шаргай хоёр хаврын сүүлч, намрын эхээр бөөлдөггүй, намар орой, өвөл, хавар эрт бөөлдөг. Гэхдээ орой бүр бөөлөөд байдаггүй. Нар шингэж харуй бүрий болоход хувцсаа өмсөж, сангаа тавьж эхлээд онгод нь ортол бараг цаг болно. Тэд өвлийн урт шөнөжин бөөлнө. Гэрийн бүх зүйлийг зайчлаад ойр хавийн хамаг л өвчтэй зөвлонтой, асуух юмтай хүн бүр ирж, шөнөжин сууна.
Луузан нас барснаас хойш манайх бөөгүй болсон. Тэгээд бөө ч үгүй,
буддын шашин ч үгүй болоод уул усандаа залбирдаг хүн болж дээ. Одоогийн
бузарлагдсан шашин, бөө нэртэй хүүхэлдэйнүүдэд залбирч явснаас уул, мод,
ховор ан амьтад, чонондоо залбираад явсан нь дээр. Миний 75 насны
ойгоор Өлзийбат гэж миний танихгүй зураачийн зурсан хөрөг энэ байна. Энд
"Малын дайсан чоно бол миний дайчин нөхөр мөн” гээд биччихсэн байгаа
биз.
-Таны гарын үсэг их гоё юм. Та монгол бичгээр бичдэг юм уу?
-Би монгол бичгийг 1927 онд сурсан. Ардын хувьсгал зургаан жил болж байхад Урианхайн бүдүүлэг хязгаарт байгуулсан тэнхимд орж бичиг үсэг сурч байлаа. Бийр, янтай, муутуу цаас хэрэглэж, төрөөс тэнхмийн сурагч нарт өгдөг урт бүчтэй хурган малгай, тоногтой эсгий гутал өмсөж явлаа. Ядуу ардын хүүхдийг ингэж л асарч, тэтгэж түүний зэрэгцээ ард олныг сургуульд хүүхдээ өгөхийг ухуулж байсан хэрэг.
Монгол бичиг сураад байтал хамтрал коммуна байгуулагдаад латин бичигт шилжлээ. Латин үсгээ суртал унших ном байдаггүй. Удсангүй хамтрал коммуна устаж, Ховд аймгийн харьяа Алтай ханы хошуу тамгын дэргэд хэдэн гэр бариад сургууль нээсэн. 1936 он хүртэл Алтай ханы хошуу тамгын газрын бага сургуульд сураад Ховд аймгийн дундад сургууль руу шилжсэн.
-Төв театрын тайзнаа 1943 онд анхны жүжгээ тоглуулсан гэхээр Та их эртнээс жүжгийн зохиол бичжээ?
-Ховдын дундад сургуульд наймдугаар анги төгстөлөө сурсан. Икэл хуур, бий биелгээгээрээ гайхагддаг олон ястны өлгий нутаг Ховдод тухайн үед аймгийн клуб гэж байлаа. Аймгийн клубт "Цэнд Б.Бааст: Алтан үеийнхний дунд, театрын тайзыг арван жил "бужигнуулж” амьдарсан хувь заяагаараа бахархдаг комиссар”, "Ардын зориг”, "Харц Дамдин, хатан Долгор” жүжиг тоглодог. Мөн Ховдын цэргийн хорооны клубт "Яг 18”, "Харанхуй засаг”, "Цоожтой хаалгын чанад”, "Шөнийн буг”, "Би биш”, "Тэсэрсэн гэдэс” зэрэг жүжиг тоглоно.
Сурагч байсан хэдий ч энэ хоёр клубт тоглолттой байвал би тэнд л байдаг байлаа. Тэр шийнүүдийг л үзэхийн зэрэгцээ "Харц Дамдин, хатан Долгор” жүжгийн том ламыг дагадаг хоёр бандийн нэгний дүрд тоглоно. Ийнхүү жүжигт дуртай болж, шимтэн үзэж явтал Намын хорооны дарга Жамсранжав дуудлаа. Их сайхан хүн байсан юм. Яваад очтол "Улсын Бага Хурлын дарга Догсом гуай ирэх гэж байна.Тиймээс чи хувьсгалын сэдэвтэй жүжиг бич” гэлээ. Догсом гуай бол анхны долоон хувьсгалчийн нэг шүү дээ. Тэгээд "Жүжгийн чинь материал энэ” гээд Маршал Чойбалсан, Дэмид, Лосол нарын бичсэн "Монголын хувьсгалын түүх” гэдэг зузаан номыг өглөө. "Үүнийг уншаад хурдан бичих хэрэгтэй шүү” гэлээ.
Олон удаа жүжиг үзэж байснаас өөр юу ч мэдэхгүй болохоор "Цэнд комиссар”-ыг бараадуулсхийгээд "Тэмцлийг удирдав” гэдэг жүжиг амттай юм идэж, уухын хүслэн. Нэг өдөр ерөнхий жижүүрийн алба гүйцэтгэчихээд гал тогоонд сууж байтал Машлай багш аахилчихсан, нүд нь орой дээрээ гарсан амьтан ороод ирлээ. "Чи чинь хааччихдаг золиг вэ, бушуухан гараад ир” гэж байна. Дунгаа бариад багшийг дагасаар сургуулийн өмнө иртэл бүх сурагч, багш нар том тойрог үүсгээд зогсчихсон байв. Тэдний цаана Жамсранжав даргын хар "ЭМКА” тэрэг зогсож байна.
Сургуулийн захирал, Жамсранжав дарга хоёр намайг дуудан тойргийн голд оруулахаар нь миний үнхэлцэг хагарах шахав. "Ямар буруу зүйл хийлээ. Сургуулиас хөөх гэж байгаа юм болов уу” гэж бодоод нэг л их айсан хүн яваад очтол Намын хорооны дарга "Улсын Бага Хурлын дарга Догсом гуай Баастын зохиосон жүжгийг үзээд их баярласан. Тэгээд Баастыг 100 төгрөг, үнэмлэхээр шагнасныг дуулгахаар ирлээ. Маргааш Намын хороон дээр ирж шагналаа аваарай” гэсэн.
-Тухайн үеийн 100 төгрөг бол асар их мөнгө биз дээ?
-Одоогийн 100 мянган төгрөг байхгүй юу. Маргааш нь Намын бичив ээ. Хэдэн нимгэн дэвтэр дүүрэн юм бичээд Намын хорооны даргад өглөө. Тэгсэн 2-3 хоногийн дараа Жамсранжав дарга дуудаж байна. Очтол "Болсон л юм шиг байна. Та нар сургуулилалтаа хийж эхэл” гэдэг юм байна. Дүрүүдэд тоглох хүүхдүүдээ сонгоод, дүрийг нь бичиж тэмдэглүүлээд цээжлүүллээ. Хувьсгалын сэдэвтэй зохиол учраас жүжигт ашиглах эдлэл хэрэглэл зөндөө. Бариа хорионы цаг эхэлсэн 1937-1938 он шүү дээ. Сургуулийн нэг том өрөө дүүрэн лам нарын хувцас, бүрээ хэнгэрэг, хонх дамар, бурхан овоолчихсон учраас юу л өмсөнө гэнэ тэр нь байсан.
Ноёд, хар феодалуудын эдлэл, буу ч байсан. Тэдгээрээс таарах таарахыг нь ашиглаад жүжгээ сургуулилалж байна гээд бужигнуулж өгнө дөө. Тэгж байтал нэг өдөр Жамсранжав дарга ирээд "Догсом гуай ирэх дөхчихлөө, аймгийн клубийн тайзан дээр бэлтгэлээ хий. Аймгийн клубийнхэнд та нарт туслах үүрэг өгсөн байгаа” гэлээ. Аймгийн клубийн тайзан дээр очиж сургуулиллаад удаагүй байтал Догсом гуай ирж гэнэтхэн л жүжгээ тоглох ёстой болсон. Жүжиг эхлэхийн өмнө Аймгийн эвлэлийн хороооны дарга Пүрэв гуай намайг хөтөлж, голын хөшигний өмнө гарч ирээд "Та бүхний үзэх гэж байгаа "Тэмцлийг удирдав” гэдэг жаахан жүжгийг бичсэн том зохиолч чинь энэ дээ” гэж намайг үзэгчдэд танилцуулж байлаа.
Уг нь намайг Ховдынхон бүгдээрээ мэднэ л дээ. Тэгж тайзан дээр гарахдаа би Догсом даргыгаа харж байгаа юм. Тухайн үед түшлэгтэй модон сандал гэж байсан биш, танхимд тавьсан урт модон сандал дээр Намын хорооны дарга, аймгийн дарга хоёрын дунд Догсом дарга сууж байсан. Халимаггүй, мухар толгойтой, лам царайтай, бор монгол дээлтэй, гэдэс нь жаахан суначихсан, настайвтар хүн харагдсан. Би өөрөө ч гэсэн жүжгэндээ тоглож байсан. Нэг цаг орчим бужигнуулаад тайзнаас бууцгаалаа.
Жүжиг дууссаны дараа Догсом дарга намайг дуудаад толгойг минь илээд "Сонин зохиол болж, уран бүтээлийн амжилт хүсье” гэсэн утгатай үг хэлээд явсан. Догсом гуай Ховдоос Увс руу явсан гэдэг. Тухайн үед сургуульд ерөнхий жижүүр гэж алба байв. Ахлах ангийн сурагчид ээлжлэн тэр албыг гүйцэтгэх ба шар алаг хадаг унжуулсан дун үлээж хичээл эхлэх, тарах, завсарлах, хоолонд орох үеийг зарладаг байсан юм. Ерөнхий жижүүр дун үлээхээс бусад үед гал тогоонд тогооч Осор гэж хайлсан тугалга шиг өвгөний дэргэд сууна.
Тогооч хоолны илүүг жижүүр сурагчид өгнө. Хүүхэд юм хойно хороон дээр очиж бүхэл зуутын дэвсгэрт, энэ үнэмлэхийг (үзүүлэв) гардаж авсан. Догсом даргыг төлөөлөөд Жамсранжав дарга гарын үсэг зурсан байгаа. Мөнгөө задлуулаад 98 төгрөгийг нь Гомоо багшид хадгалуулаад, хоёр төгрөгөө хэдэн сурагчийн орны цагаан даавуу хамт бариад зээл рүү харайсан. Хоёр төгрөгөөр хэчнээн их чихэр авсан юм бүү мэд. Чихрээ дамжлан авчраад сургуулийнхаа бүх багш, сурагчдад хувь хүртээж байсан.
Хавар сургууль тарахаар нь 98 төгрөг, үнэмлэхээ аваад аав дээрээ очлоо. Аав минь бичиг үсэг мэдэхгүй учраас надад үнэмшсэнгүй. "Чамд ийм их мөнгө байх ёсгүй, хулгай хийв үү” гээд байсан. Учраа олохгүй хоёул гайхан сууж байтал багийн дарга саапраа Жамсран орж ирээд үнэмлэхийг минь уншаад учрыг нь бас олоогүй ч "Ямар ч байсан хүү чинь шагнуулсан нь үнэн. Чи мөнгийг нь ав” гэж нэг тийш болгож өгч байсан юм. Аав минь нулимс унаган баярлаж, сайн зохиолч болоорой гэх ухааны юм хэлсэн.
-Анхны жүжгээ аймгийн клубийн тайзнаа тоглуулаад ямар хувь заяагаар Төв театрын зохиолч болов?
-1940 онд би хотод ирж Маршал Чойбалсангийн нэрэмжит I сургуулийн есдүгээр ангид орсон. Хотод наймдугаар анги төгссөн хүүхдийг "А” бүлэг болгоод хөдөөнөөс ирсэн 15-16 хүүхдийг есдүгээр ангийн "Б” бүлэгт элсүүлсэн юм. Д.Цэвэгмид багш бидэнд Оросын утга зохиолын хичээл заана. Пушкинээс эхлээд Горький, Казахын ардын аман зохиолч Жамбулыг хүртэл уншсан хүн байсан. Тухайн үед Оросын сургагч багш нь Д.Цэвэгмид багшид их дэм болж байсан байх л даа. Некрасовын "Му-му”, Короленкийн "Сохор хөгжимчин”- ийг ярихаар бид уйлаад л сонсоно.
Горькийн зохиолд гардаг Данко зүрхээ зүсээд харанхуй намгийг гаталж байгааг сонсоод гайхна. Их өндөр боловсролтой багшаар хичээл заалгаж байлаа. Мөн Ц.Цэдэнжав бидэнд түүхийн хичээл заана.Тэр үед Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн тасагт ажиллаж байсан юм. Би уран зохиолд дурлан, Д.Цэвэгмид багшийнхаа хичээлийг сүрхий сурна. Алгебр, геометр зэрэг бусад хичээлд дур муутай. 1942 онд аравдугаар анги төгссөн жилийн зун Их сургуулийн бэлтгэл анги нээж, биднийг нутаг буцаалгүй хотод орос хэл заасан. Хар талх, хар цайнаас өөр идэх , уух зүйлгүй 45 хоног орос хэл сурч базаасан юмгүй байж байгаад нутаг буцлаа.
Намар нь шуудангийн унаанд суугаад хотод ирлээ. 1945 он хүртэл булигаар цүнхээр дүүрэн шуудан, сонин хэвлэл ачсан машины тэвшин дээр суугаад л хот, Баян-Өлгийн хооронд явдаг байлаа. Их сургууль хүн эмнэлэг, тоо физик, мал эмнэлэг гэсэн гурван тэнхимтэй байгуулагдсан учраас би арга буюу мал эмнэлэг зоотехникийн ангид орсон. Өөр мэргэжлээр сурч байгаа учраас хичээлдээ дургүй. Тэгээд нэг өдөр Гал командын хашааны хажуугаар буюу одоогийн МҮЭХ-ны барилгын буланд явж байгаад Ц.Цэдэнжав багштайгаа халз тулдаг юм байна.
Уулзаад багш "Чи зохиол оролддог байх аа. Жүжиг бичих үү ” гэв. Би ч бичье л гэлээ. Орой нь Хувьсгалын гудамж дахь Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилчдын байранд, багшийнхаа гэрт очлоо. Ц.Цэдэнжав багш гурван нимгэн дэвтэр дээр 15 үзэгдэлтэй "Мандухай цэцэн хатан” жүжгийн төлөвлөгөө бичсэнээ өгөөд "Үүнийг анхаарч, судалж унш” гэлээ. Мандухай гэж хэн байсныг ч мэдэхгүй амьтан явлаа шүү дээ. Уншаад дууссаны дараа "Чи үүнийг бичилцэх үү” гэхээр нь тэнэг ч байж дээ, тэгье гэж үү давхиад ирлээ. "Маршал жүжгийн анхны тоглолтыг багаараа үзэх болсон, зохиолчдыг бэлэн байлга гэлээ” гэж хэлэв.
Багш жаахан уурлаж байгаад зөөлөрч, бид театр руу явлаа. Надад өмсөх хувцас байхгүй учраас Цэдэнжав багшийнхаа цамцыг өмсөөд зангиа зүүж, шевро түрийтэй гуталдаа өмдөө чихэж өмсөөд гарлаа. Гутлын хамар гэж авах юмгүй, цагаан халзан л юм байгаа юм. Э.Оюун өрөөндөө жаахан дуу муутай сууж байна. Удсан ч үгүй, театрын хаалгаар хар "ЭМКА”-нууд ороод ирлээ. Маршал Ц.Цэдэнжав багшийг танина, намайг танихгүй. Бид театрын хойд дээд талын жижиг лоожинд Маршалтайгаа хамт сууж жүжиг үзэх юм боллоо. Янжмаа, Сүрэнжав гуай нарын хажууд Маршалтайгаа тохой нийлүүлэн суулаа.
Чойбалсан гуай жүжгийн турш элдвийн юм асуугаад зүгээр суулгасангүй. Шөнө болсон үед хээр задгай галын дэргэд Мандухай цэцэн хатан "Ванлий” гэж ардын дуу дуулж байгаагаар жүжиг эхэлдэг юм. Гэтэл Маршал "Ванлий гэж тийм эрт цагийн дуу юу” гэлээ. "Би мэдэхгүй ээ, эд нар жүжгээ найруулах явцад ийм дуу оруулсан хариулсан. Жүжиг бичих бэлтгэл болгон багш намайг Улсын номын санд сууж У.Шекспирийн жүжгийг уншаад ир гэсэн. Би англи битгий хэл орос хэл мэдэхгүй.
Номын сан одоогийн Төв номын сангийн цаана, комбинатаас Налайх орсон төмөр замын наана, нэг давхар урт цагаан байшинд байдаг байсан. Тэнд сууж Шекспирийн найман боть номыг эргүүлж хараад, жүжгийн нэрийг нь бичиж тэмдэглэлээ. Орос хэл дээр орчуулагдсан тэр номыг Англид хэвлүүлсэн байх гэж хожим нь таамагласан. Жүжгүүдийн тайзны болон тоглолтын гэрэл зургийг гялгар цаасаар хамгаалан номд хавсаргасан байсан. Түүний дараа дахин нэг сар сууж "Жэн пэн мэ”, "Хүйтэн уулын бичиг” гээд том судруудыг уншсан.
Бүр конспект хийж уншиж байлаа. Үүний дараа гурван дэвтэр төлөвлөгөөгөө аваад сарын турш жүжиг бичих үүрэг авсан. Мэдэхгүй юмаа бичих амархан байдаг юм билээ. 20-иод хоногт төлөвлөгөөнийх нь дагуу бичиж дуусгаад багшид өгсөн.
-20 хоногийн дотор түүхэн жүжгийн зохиол бичсэн гэхээр мундаг юм аа?
-Тэгээд Ц.Цэдэнжав багш миний бичсэнийг сар орчим хугацаанд засвар хийгээд, намайг дуудлаа. "Зохиол бэлэн болсон, хоёулаа театрт очиж уншина аа” гэв. Одоогийн Засгийн газрын ордны суурин дээр "Бөмбөгөр ногоон” театр байлаа. Бүх жүжигчид цуглачихсан. Манай Э.Оюун дунд нь цамнаж байна аа. Тэгээд жүжгээ Ц.Цэдэнжав багш уншлаа. Тэгтэл Э.Оюун "Биччихээд уншиж чаддаггүй, ямар түвэгтэй юм. Чи унш” гээд надад өглөө. Би уншаад бас л гологдов. Э.Оюун бичсэнийг маань шүүрч аваад уншлаа.
Нэг хартал Э.Оюун маань уйлчихсан уншиж сууна. Зохиолыг уншаад дуустал жүжигчид нижигнэтэл алга ташиж байна. Алга ташилт гурван янз байдаг гэнэ. "Сайн зохиол болжээ” гэвэл нижигнэтэл, "Тааруухан юм даа, нэлээд засвар орох нь” гэвэл аяархан, "Муу зохиол болжээ” гэвэл алга ташдаггүй аж. Энэ өдрөөс хойш хоёр сарын дараа "Бөмбөгөр ногоон”-ы хажуугаар өнгөрч явтал том цагаан даавуун дээр "Мандухай цэцэн хатан” жүжгийг өнөө орой тоглоно гэж бичсэн байв. Гэхдээ тэр зарлалд Ц.Цэдэнжав багш бид хоёрын нэрийг тавиагүй байлаа. Багшдаа очоод хэлтэл "Аягүй бол Э.Оюун өөрөө зохиосон бололцох гэж байгаа юм байлгүй” гээд цамнасан.
Ц.Цэдэнжав ууртай ч, шартай ч хүн. Тэгж байтал театрын Лоовой бил үү, Дугарсанжаа бил байна” гэж хариуллаа. Тэгсэн "Энэ бөөгийн дуудлагыг хаанаас авсан бэ” гэдэг юм байна. Тэгэхээр нь угаасаа нутаг хошуунд маань бөө нар байдаг байсан тухай хэлээд тэдний дуудлагыг тэмдэглэж авснаа хэллээ. Жүжиг дуустал Маршал надаас элдвийг асуугаад Ц.Цэдэнжавтай бага яриад байгаа юм шиг санагдлаа. Жүжиг дуусч, үзэгчид тарсны дараа Маршал Чойбалсан биднийг дагуулаад тайзан дээр очив.
Тэрбээр "Баруун талд Зөвлөлтийн улаан арми Гитлерийн Германы армитай тэмцэлдэж, зүүн талд Японы милитаризм Монгол Зөвлөлтийн хил дээр асар их хүч цуглуулчихаад Сталинградын тулааныг ажиглаж байна. Ийм үед баатарлаг, эх оронч сэдэвтэй зохиол чухал хэрэгтэй. Сайхан жүжиг болжээ” гэж хэлж байсан.
-Анхны бүтээлээрээ Маршалын хараанд өртөж магтуулсан байна шүү дээ. Харин дараагийн жүжиг тань Маршалын бага насны тухай өгүүлсэн байсан гэсэн үү?
- 1945 онд Намын Төв хорооны Ухуулан боловсруулах хэлтсийн дарга Лхамсүрэн Ц.Цэдэнжав багш бид хоёрыг дуудаад "Маршалын 50 насны ой болох гэж байна. Жүжиг хэрэгтэй, та хоёр бичнэ ээ” гэв. Ц.Цэдэнжав багш төлөвлөгөө хийж, түүнийх нь дагуу би бичээд, миний бичсэнийг багш засдаг заншил тогтсон байлаа. Багшийг төлөвлөгөө гаргасны дараа бид Лхамсүрэн гуайтай уулзав. Энэ удаа дөрвөн ангит, том жүжиг бичих төлөвлөгөө хийжээ. Лхамсүрэн гуай "Чойбалсангийн бага насны тухай өгүүлсэн эхний ангийг нь яаралтай бич, бусад гурван ангиа дараа бол” гэлээ. Ийнхүү "Цогийн идэр нас” жүжгийн анхны бичлэгийг хийлээ.
Энэ удаагийн зохиол нэлээд засварлагдаж Э.Оюун, Ц.Цэдэнжав хоёр хонь, чонодоо тултал муудалцсан. Угаасаа Э.Оюун их хэцүү авгай байсан шүү дээ. Муухан юмыг өөд татаж тус болдог ч, сайн юман дээр өөр санаа гаргадаг. Найруулагчийнхаа хувьд чадалтай. Орос хэлний мэдлэг нь хэнтэй ч жишихийн аргагүй. Тэр үеийн урлаг соёлын ганц сор нь. Хэрүүл үргэлжилсээр жүжиг бэлэн болсон. Дахиад л Маршалтай хамт үзэх болов. Энэ удаа өөрийнх нь тухай хийсэн болохоор "баларна даа” л гэж бодож байв. Маршал "Мандухай цэцэн хатан”-г үзэж байсан шигээ юм ярьсангүй.
Лоож түшээд хүрлийтэл суучихсан. Хоёр үзэгдэл яваад жүжиг завсарлалаа, дуугардаггүй. Арайхийж жүжиг дууслаа. Маршал өндийгөөд "Тайзан дээр гарцгаая” гэлээ. Тэгээд "Хоёрхон санал байна. Би Хэрлэн цагаан талбайгаас Гэндэняринпилийг дагаад Хүрээнд орж ирэхдээ жижигхэн хүүхэд байсан. Тэрэлжийн наана ирж хээр хонохдоо чоно улихад нь айж, Гэндэняринпилийнхаа өвөрт орж унтаж байсан. Тэгээд Хүрээнд ирж зээлд юм үүрч хэдэн зоос олдог болоод хэдэн жилийн нүүр үзэж, хойшоо сургуульд явах болсон хүртэл энд гарч байна. Тэгэхээр болдог бол энэ дүрд миний дайтай хүүхэд л олж тоглуулмаар байна.
Хоёрдугаарт энэ эмээл, хазаар, ногт ташуурыг анхны буриад багш минь биш, миний ээж надад бэлдээд нутгийн өвгөнд үлдээсэн юм. Би тэр өвгөнөөс авсан. Урлаг гэж үзээд та нар энэ хэвээр нь тогловол тоглодог л юм байгаа биз. Харин боломж нь байвал энэ хоёрыг засвал сайн байна” гэсэн. Дараа нь засвар хийгээгүй л дээ, тэр чигээр нь тоглосоор байгаад дууссан.
-Зохиомол дүр бий болгосон учраас зохиолоо Маршал Чойбалсангийн нэрээр биш "Цогийн идэр нас” гэж нэрлэсэн үү?
-Тийм ээ. Зохиомол зүйл бишгүй байгаа юм. Түүний дараа 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулж Ц.Цэдэнжав багш бид хоёр "Элбэг хаан” гэж эмгэнэлт жүжиг бичив ээ. Манайд өдий хүртэл эмгэнэлт жүжиг бичигдээгүй л байгаа. Элбэг гэдэг хаан Монголын түүхэнд байсан. Их хар түүхтэй хүн. Багахан хугацаанд хаан байхдаа олон муу үйл хийсэн. Өвөл ан хийж яваад цасан дээр амьтны цус дуссаныг хараад "Надад яг ийм цасан цагаан царайтай, ягаан хацартай авгай олж өг” гэсэн байгаа юм.
Монгол орон даяар элч довтолгоод тийм бүсгүй олсонгүй. Гэтэл сайхан хүүхэн хаяанд байсан юм байна гээд нэг түшмэл нь дүүгийнх нь эхнэрийг зааж өгчээ. Үүнийг сонссон Элбэг хаан дүүгээ дайнд явуулаад, эзгүйд нь дүүгийнхээ эхнэрийг эзэмшиж, бузарлажээ. Дүү нь дайнаас эргэн ирээд энэ бүхнийг мэдэж, ахтайгаа тэмцэлдэн, хатан нь амиа хорлож, бөөн эмгэнэл болдог. Ер нь л эмгэнэлт жүжиг тийм байдаг. Наадам болох гээд хот тэр аяараа Буянт-Ухаагийн дэнж рүү нүүсэн байлаа.
Театр жүжгээ батлуулах гээд үлдсэн байв. Тухайн үед "Учиртай гурван толгой”, Баярын тоглолт, "Элбэг хаан” жүжгийг тоглохоор төлөвлөөд байсан юм. Уран сайхны зөвлөл жүжгээ үзээд батлах гээд шуугиж байтал Ц.Дамдинсүрэн гуай ороод ирсэн. Тухайн үеийн Монголын хамгийн том сэхээтэн, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Уран сайхны зөвлөлийн гишүүн орж ирээд "За ямар сайхан жүжиг тоглоод дуусав аа” гэж асуутал Э.Оюун "Элбэг хаан” гэдэг эмгэнэлт жүжиг бэлэн болгосон хэмээн тайлбарлалаа. "Хэн зохиогоов” гэхэд нь "Ц.Цэдэнжав, Б.Бааст хоёр” гэлээ.
Ц.Цэдэнжав гэдэг нэрийг сонсонгуутаа Ц.Дамдинсүрэн гуайн царай барайчихсан. Ц.Дамдинсүрэн гуай эвгүй, дургүй хүргэсэн зүйл сонсохоороо нүүрээ нэг их муухай шувтардаг юм. Тэгээд нүднийхээ булангаар хүн рүү харна. Ийм үйлдлийг нь харсан Уран сайхны зөвлөл ч нам жим боллоо. "Буянт-Ухаагийн дэнжид ард түмэн баяр хөөр болж байхад театрын тайзан дээр мэс хангинаад, цус нулимс урсгаад байх юм биз дээ. Энэ чинь болж байгаа юм уу” гэхэд жүжгээ батлах гэж байсан Уран сайхны зөвлөлийнхөн түүнийг дагаад ханарав. Э.Оюун учирлаж тайлбарлаад, нээлтийг нь намар хийхээр өөрчлүүлж болох байсан ч, мөн л Ц.Цэдэнжавт дургүй учраас тэгээгүй.
-Та "Элбэг хаан” гэж яриад байх юм. Гэтэл "Ийм нэгэн хаан байжээ” нэртэй жүжиг болж тайзнаа тоглосон юм биш үү?
-Дараа жил нь "Элбэг хаан” жүжгийн зохиолыг засаж, зарим дүрийг нь хувааж, өөрчлөөд "Ийм нэгэн хаан байжээ” гэдэг баатарлаг хөгжимт драм болгож тавьсан. Уг нь "Элбэг хаан” нэрээрээ гарсан бол бид Монголын хамгийн анхны эмгэнэлт жүжгийн зохиолчид болох байлаа. -Та сүүлчийн жүжгээ бариад театраас хөөгдөх шахуу гарсан гэж ярьж байсан. Энэ тухайгаа дурсаач. -1948 онд Монголын зохиолчдын эвлэлийн анхдугаар их хурал боллоо. Энэ их хурлын том буруутан нь Ринчен гуай, Ойдов, Цэдэнжав багш бид дөрөв болов оо. Хурлын илтгэлд ч биднийг муулж, жүжиг, кино үзсэн үзээгүй олон хүн биднийг дайрч, шүүмжилсэн. "Мандухай цэцэн хатан”, "Ийм нэгэн хаан байжээ”, Ойдовын "Жаргалыг хүссэн Мөнхөө” үлгэрийн зохиол, Ринчен гуайн хоёрхон жилийн өмнө Маршалын нэрэмжит шагнал авсан "Цогт тайж " гээд цөмийг нулимсан.
Их хурлын буруутан болсныхоо дараа орчин үеийн сэдэвтэй жүжиг бичих хэрэгтэй юм байна гэж хоёул зөвлөлдөөд "Арвижихын гэр бүл” гэдэг нэртэй жүжиг бичив ээ. Эмнэлэг хөгжиж, хараагүй хүн хараатай болж байгаа үйл явдлыг харуулсан энэ жүжиг маань олон хүний гараар орж засагдаад олон зохиогчтой болох шахав. Харин Урлагийн хэрэг эрхлэх газрын дарга Болд гуай "Хий мод ургуулаагүй бол хэрээ, шаазгай юунд цуглах вэ гэдэг. Ц.Цэдэнжав, Б.Бааст хоёр ийм жүжиг бичээгүй бол та нар юунд ингэж шавааралдах вэ.
Жүжгийн ноён нуруу байсаар л байна. Энэ хоёрын нэргүйгээр жүжгийг тавих хэрэг алга. Та нар хийх ёстой ажлаа хийж л засварласан байна” гэснээр "Арвижихын гэр бүл” дөрөв дэх жүжгээ тайзнаа тоглуулсан. Дараа нь 1921 онд Хасбаатар цагаантнуудад бүслэгдэж зовж байсан тухай өгүүлсэн "Хань нөхөд” гэдэг жүжиг бичээд "Пөөх, паах баахан дайн тулаан. Наадахаа аваад яв” гээд театраас хөөгдөх шахаад гарсан.
-Таны жүжгүүдийн гол дүрд тухайн үед хэн, хэн тоглож байсан бэ?
-Ямар ч гэсэн багш бид хоёр театрыг жүжгийн зохиолын гачигдалд оруулаагүй. Бидний дөрвөн жүжигт тухайн үед театрт ажиллаж байсан бүх жүжигчид тоглосон. Ийм учраас театрын алтан үеийнхний дунд, тайзыг нь арван жил бужигнуулж амьдарсан заяагаараа бахархдаг. Маршал нэг удаа "Учиртай гурван толгой”-г 27 удаа, "Мандухай цэцэн хатан”-г 19 удаа үзсэн хүнтэй таарч байлаа” гэж ярьж байсан юм шүү.
Ж.Солонго
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих