Генерал Т.Дашдэлэгийн өмнөөс Лу.Болд 1.8 сая ам.доллар хойд солонгосчуудад төлсөн үү?
Батлан хамгаалах яаманд бакал гутлаас эхлээд танк хүртэл зарчихдаг овсгоотой сайдууд байлаа.
Улсын хилээр төмрийн хог нэрээр Ирак руу гаргасан танкууд АНУ-ын цэргүүд рүү буудаад үзсэн байх шүү.
Батлан хамгаалах яамны удирдлагууд нэг үе соц нийгмээс үлдсэн танк,
буу сум, техникийг "Улсын нууц” нэрийн дор зарж үрсэн. Гэхдээ хэчнээн
танк төмрийн хог нэрээр гадагшаа гарсан, хэн, хэн гэдэг генерал
гардан зохион байгуулагдсан гэдэг нь тодорхойгүй байдаг юм.
Монголын ард түмний хүч хөдөлмөр, эх орноо гэсэн халуун сэтгэлээр
бүтсэн хэдэн зуун танк, барилга байшин, зэр зэвсэг хэдхэн жилийн
дотор алга болсон. "Бүхнийг фронтод” гэдэг шиг бүгдийг мөнгөөр
арилжиж эхэлсэн.
Батлан хамгаалах яаманд шургалсан авлигачид харх шиг бүхнийг мэрж байсан ч онгоцонд тулаад зогссон юм.
Танк, буу, сум, бакиалан гутал, орос цэргүүдийн үлдээсэн барилга
байшин, техник хэрэгсэл, халбага сэрээг хүртэл зараад дуусчихсан
болохоор арга ч үгүй юм уу даа.
Түр зогсолт хийсэн албан тушаалтнууд 2000 оноос эхлэн дараагийн хил
хязгаарыг зөрчиж эхэлсэн нь онгоцны моторын наймаа байлаа. Онгоцыг
бүхлээр нь зарахад олон хүний анхаарлыг татна. Тиймээс хэсэгчлэн зарах
нь ухаан сийлсэн хэрэг байв. Хуулийн хүрээнд хулгай хийхийн тулд онгоц
задалдаг компани хүртэл байгуулсан байдаг. Ийм бизнес яг хэзээнээс
эхэлсэн нь бас л тодорхой бус.
Батлан хамгаалах яамныхан зэвсгийн наймаанд гаршсан
Өнгөрсөн жил Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос
хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын
бүлэг этгээд онгоцны мотор зарсан хэрэг илэрсэн. Энэ хэргийн талаар та
бид мэдэхгүй өнгөрч болох байсан. Яагаад гэвэл Батлан хамгаалах
яамныхан хулгай луйвруудаа "Улсын нууц” гэсэн халхавч дор хийж ирсэн
байдаг.
Тагнуулын Ерөнхий газарт мотор зарсан албан тушаалтнуудын асуудал
хэдийнээс эхлэн шалгагдсан бэ гэдэг нь ч сонин. Энэ талаар ТЕГ-ын дарга
Б.Ариунсангаас асуухад "Надаас өмнө шалгагдаж байсан. Наад асуудал
чинь улсын нууцад хамаардаг” гэсэн юм. Түүний өмнөх дарга Д.Гэрэлээс
тодруулахад "Батлан хамгаалах яамны удирдлагуудтай холбоотой онгоцны
мотор зарсан асуудал надаас өмнө Р.Болдын үед ч байсан” гэлээ.
Эдгээр дарга нарын ярианаас үзвэл онгоцны моторын наймаа их л эртнээс
улбаалсан байгаа юм. Батлан хамгаалах яаманд үүрлэсэн булхай луйврыг
"Улсын нууц” гэсэн нэрээр олон жил нууж ирсэн байдаг. Хархны үүр шиг
болсон энэхүү хэргийг сөхөн гаргасан гаргасан хүн бол Монгол Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж юм. Санаатай,
санамсаргүй нь мэдэхгүй энэ хэрэг сөхөгдөхөд ихээхэн түлхэц өгсөн юм.
Ц.Элбэгдоржоос хойд солонгосчууд мөнгө нэхэж сандаргажээ
2013 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНАСАУ-д
айлчилсан билээ. БНАСАУ-ын Ардын дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён
Намд бараалхах үеэрээ их удирдагч Ким Чен Унтай уулзсан байх гэх мэдээ
олон хүний сонирхолыг татаж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж хойд, өмнөд Солонгосын хооронд гүүр болох боломжтой гэсэн
таамгууд ч явж байсан.
Гэтэл хөшигний цаана өөр асуудал өрнөсөн талаар айлчлалд багтсан
зарим эрхэм ам алдсан байдаг. Тухайлбал хойд Солонгосын талаас
"Танай Батлан хамгаалах яамны удирдлагууд онгоцны мотор өгнө гээд
урьдчилгаа болгон 1.8 сая ам.доллар авсан. Одоо мотор ч үгүй, мөнгө ч
үгүй боллоо. Шийдэж өгнө үү” гэсэн гомдол тавьсан байдаг. Ийм сонин
асуулт ирнэ гэж төсөөлөөгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Судлаж үзье” гэсэн
хариулт өгсөн сурагтай байгаа юм. Үнэндээ бол Ц.Элбэгдоржид энэ талаар
мэдэх зүйл байгаагүй л болов уу.
Манай Батлан хамгаалах яамны удирдлагууд ядарч зүдэрсэн ч зэвсэглэлд
дуртай хойд Солонгосын Засгийн газраас урьдчилгаа төлбөр авсан хэрнээ
яагаад онгоцны моторуудаа нийлүүлсэнгүй вэ. Аль эсвэл онгоцны зарах
мотор байгаагүй хэрэг үү. Яагаад гацав гэдэг нь сонин. Энэ бүхэнд олон
улсын байдал нөлөөлсөн талаар өгүүлэх болно.
1970 онд ЗХУ-аас 40 ширхэг МиГ-21 сөнөөгч онгоц бэлэглэсэн байдаг.
Үүнээс гадна 1979 онд ЗХУ, БНМАУ-ын хооронд нууцлалын зэрэгтэй гэрээ
байгуулжээ. Тэр гэрээнд ЗХУ-аас авсан байлдааны зориулалт бүхий зэр
зэвсэг, техник хэрэгслийн хугацаа дууссан ч БНМАУ дангаар устгахгүй,
гуравдагч оронд зарахгүй гэсэн гэрээ байгуулсан байна.
Тийм учраас ОХУ-ын талаас нэгэн цагийн ах дүүгийн барилдлагад улс
орнуудад зарсан, бэлэглэсэн зэр зэвсэг, техник хэрэгслийнхээ талаар чих
тавин суудаг юм билээ. Нэг хэсэг оросын тал МиГ-21 сөнөөгч онгоцныхоо
сургалт, засвар үйлчилгээг хариуцсан байдаг. Эдгээр онгоц ЗХУ-аас
хараат байсан нь илэрхий юм.
Батлан хамгаалах яаманд Лу.Болдын баг очсон даруйдаа МиГ-21 сөнөөгч
онгоцыг сонирхож эхэлжээ. Гэхдээ тэдний баг тун хашир хөдөлсөн байдаг.
Тухайлбал нэг өдөр сөнөөгч 40 ширхэг онгоц алга болонгуут "Хэн
туучихав” гээд хардаж эхэлнэ. Тиймээс ОХУ-аас 20 ширхэг МиГ-29 хэмээх
сөнөөгч онгоц худалдан авахаар хэлэлцээр хийж эхэлжээ. Батлан хамгаалах
яамны удирдлагууд шинэ онгоцоо хүлээн авч сүр дуулиантай нээлт хийх
байсан биз. Батлан хамгаалах яамны удирдлага онгоцны мотор зарах гэж
байгааг ОХУ-ын тагнуулын алба мэдсэн байдаг. Хойд Солонгостой зэвсгийн
наймаа хийх гээд байна гэдгийг мэдсэн ОХУ-ын талаас зөвшилцөхгүйгээр
онгоцны мотор худалдахгүй байхыг сануулжээ. Харин Батлан хамгаалах яамны
экс удирдлагууд "Юун сүртэй юм бэ. Хугацаа нь дууссан онгоцны мотор
зарахад яадаг юм бэ. Та нар эвдэрсэн машинаа хог дээрээ хаядаггүй юу”
гэжээ. Энэ тухай мэдсэн сэтгүүлчдийг дээрхийн адилаар загнасан байдаг.
Сэтгүүлчид загнуулаад дуугүй болж болно. Харин ОХУ, Хойд, Өмнөд
Солонгос, НҮБ онгоцны моторыг хог гэж харахгүй байгаа юм. Тэр улсууд л
анх Монгол Улс зэвсгийн наймаа хийж байна гэснийг нэмээд хэлэхэд
илүүдэхгүй биз.
Шулуухан хэлэхэд орос ах нар бага, сага юм нэхсэн хэрэг л дээ. Иракт
танк зарсан асуудал дээр оросуудтай тохироо явагдсан учраас дуулиан
шуугиангүй өнгөрчээ. Ямартай ч Лу.Болдын багийнхан оросын талын нот
бичгийг аваад зогтусан онгоцныхоо моторыг нийлүүлж чадсангүй. Энэ
хугацаанд хойд Солонгосын тал 1.8 сая ам.доллараа Лу.Болдын хамтрагч
С.Нацагдорж, Ж.Бямбаноров нарын данс руу хоёр хуваан хийсэн байдаг.
Үнэндээ бол Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос
хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг
жижиг гар. Сайдын өгсөн тушаалыг биелүүлдэг цэрэг байсан болов уу.
Хэзээ байхдаа армийнхан даргын тушаалгүйгээр хөдөлдөг байлаа.
Ямартай ч Т.Дашдэлэг гэрээнд гарын үсэг зурж Ж.Бямбаноров,
С.Нацагдорж нар мөнгийг нь авчээ.
Энэ хоёр эрхмийн талаар цухас өгүүлье. С.Нацагдоржийн хувьд Лу.Болдын
хамтран бизнес хийгч, хувьцаа эзэмшигч юм. Нэг зоосны сүлд, тоо хоёр л
гэсэн үг. Улсын нөөцийн газрын дарга асан Ж.Бямбаноровын хувьд алдартай
нэгэн. Хил дээр хураалгасан 40 тонн спиртыг эхнэрийнхээ "Ургамал ЗМ”
компанид шилжүүлсэн, улсын нөөцөд өвс бэлтгэх нэрээр 340 сая төгрөг
зувчуулсан гээд дуусахгүй их асуудалд холбогдож байсан.
Онгоцны сэгийг хадгалсан компанийг дарамталжээ
Ингээд мөнгө дансанд ороод ирсэн ч онгоцны мотороо шилжүүлж чадахгүй
байдалд хүрсэн байгаа юм. Гэвч мань дарга нар зүгээр суусангүй. Батлан
хамгаалах яамны харьяа "Транс сэргэлт” компанийн хашаанд "МиГ-21”
онгоцуудыг аваачиж эд ангиар нь салгаж эхэлсэн байна. Тэгээд их биеийг
нь төмрийн ченж Н.Гантулгад өгсөн байдаг. Тэрбээр дөрвөн камаз дүүрэн
онгоцны төмрөө Налайх дүүрэгт байрлах төмөр хайлуулах үйлдвэрийн хашаанд
буулгажээ.
Төмрийн ченж Н.Гантулга "Батлан хамгаалах яамнаас хаягдал төмөр авч
байсан. Хаягдал төмөр өгөх болгондоо "Улсын нууц” гэдэг юм. Онгоцны их
биеийг өгөхдөө "Улсын нууцын дөрөвдүгээр зэрэглэлтэй гэж хэлсэн” гэжээ.
Үүнд бас нэг нууц бий. Уг нь бол "Транс сэргэлт” компани зэвсэг болон
байлдааны техник хэрэгслийг устгах үндсэн үүрэгтэй. Тэр үүргээ төмрийн
ченж Н.Гантулгад даатгасан учраас "Улсын нууц” гэдэг үгээр сүрдүүлсэн
хэрэг.
Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх төмөр хайлуулах "Металл Олт”
компанийн захирал Р.Баттогтох "Гантулга л гуйгаад байхаар нь онгоцны
сэгийг хашаандаа буулгачихсан юм. Гэтэл янз бүрийн улс ирээд дарамтлаад
болдоггүй. Манай харуул манааг хүртэл зодож сүрдүүлсэн” хэмээн ярьсан
юм. Энэ ямар учиртай юм бэ. Яагаад "Металл Олт” компанийн захирлыг
сүрдүүлж дарамталсан асуудлыг хууль хяналтынхан тоолгүй өнгөрөв?
Хойд солонгосчууд бүтэлгүй гэрээ байгуулсан даргаа цаазалсан гэв
Батлан хамгаалах яамны удирдлагуудтай онгоцны мотор авах гэрээ
байгуулсан Хойд Солонгосын талын албан тушаалтан цаазлуулсан гэж хэлэх
эх сурвалжууд ч байдаг. Хойд Солонгосын тал мөнгөө өгсөн учраас зүгээр
суусангүй. Хойд Солонгосын Элчин сайд Сон Ир Хо Батлан хамгаалах яаманд
удаа дараа хандсан ч тусыг олсонгүй. Тиймээс Ц.Элбэгдоржид хандан
"Онгоцны мотор өгч чадахгүй бол мөнгөө авъя” гэсэн хүсэлт тавьжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэвчээр алдагдаж хууль хяналтын
байгууллагад тусгай үүрэг өгснөөр бригадын генерал Т.Дашдэлэгийг
цагдан хорьсон байдаг. Энэ үед өмнөд Солонгос улсын тагнуулын албанаас
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид албан бичиг ирсэн байна. Тухайлбал "Танай
Батлан хамгаалах яамны удирдлагууд ашиг хонжоо олох үүднээс хойд
Солонгостой зэвсгийн наймаа хийх гэж байна” гэсэн утгатай.
Монгол Улсын Батлан хамгаалах яамны удирдлагууд хойд Солонгост
онгоцны мотор зарах гэж байгааг Өмнөд Солонгосын тагнуулын газар мэдсэн
аж. Тэгээд Батлан хамгаалах яаманд хандан "Олон улсын гэрээ конвенцийн
хүрээнд хойд Солонгост онгоцны мотор нийлүүлэхгүй байхыг” хүсчээ. Гэтэл
манай талаас "Та бүхэн хойд Солонгостой хийх бидний худалдааг эсэргүүцэж
байгаа юм бол онгоцны моторыг өндөр үнээр авчихгүй юу” гэсэн утгатай
хариу өгчээ. Үүгээр ч зогсохгүй хоёр сая ам.долларын урьдчилгаа нэхсэн
байгаа юм.
Өөрөөр хэлбэл хойд, өмнөд хоёр Солонгос улсыг үнэ хаяцлуулах гэж том
эндүүрсэн байна. Өмнөд солонгосчууд ОХУ-ын тал руу "Танай улсад
үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцны моторыг зөвшөөрөлгүйгээр зарах гэж байна”
хэмээн шургажээ. Тэгээд ч зогсохгүй НҮБ-д хандан Монгол Улс олон улсын
түвшинд зэвсгийн наймаа хийх гэж байна” хэмээн гомдол гаргажээ. НҮБ-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга солонгос гаралтай хүн байдаг болоод ч тэр
үү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эсэргүүцэл илэрхийлсэн байна.
НҮБ-ын эсэргүүцэлтэй тулгарсан Батлан хамгаалах яамны нөхөд тэр дор нь
зээл авч С.Нацагдоржийн компанийн дансаар 1.8 сая ам.долларыг шилжүүлээд
бригадын генерал Т.Дашдэлэгийг золигт гаргахаар шийджээ. Гэвч тэдний
авсан арга хэмжээ хэтэрхий оройтсон болов уу. Бригадын генерал
Т.Дашдэлэгийн хэрэг шүүхээр таслагдсан.
Харин хойд солонгосчууд улсынхаа нэрийн өмнөөс бүтэлгүй гэрээ
байгуулсан албан тушаалтныг цаазалж байхад зэр зэвсгээ наймаалцаж,
байлдааны цагийн хуулиар бол эх орноосоо урвасан Власовын армийн
генералд гурван жилийн хорих ял өгч эрхлүүлсэн. Түүнд бусдыгаа
илчлээгүйн төлөө гурван жилийн хорих ял өгсөн гэж ярилцах нь ч бий.
Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн тагнуулын газрын дарга, бригадын
дарга Д.Энхбаатар "Та нар онгоцны мотор зарсан асуудлаа Батлан
хамгаалах яамнаас асуу. Бүх асуудал сайд, төрийн нарийн бичгийн дарга,
хангамж хариуцсан нөхдийн гарын үсэгтэйгээр явагдана” гэж хэлсэн юм.
Дээрх эрхмүүд онгоцны мотороос гадна тендер будлиантуулсан, албан
тушаалаа ашигласан гээд олон асуудалд холбогдож эхэлсэн. Лу.Болдыг
ашигт малтмалын газрын дарга байхаас л эхлэн гувшаа хурга шиг дагасан
нөхөд өнөөдөр шоронд орох дээрээ тулаад байна. "Өглөө” кинонд "Бишээ.
Жинхэнэ цаад эздийг нь” гэдэг шиг генерал Т.Дашдэлэг хажуугийнхаа камерт
Лу.Болд тэргүүтэй эрхмүүдийг суулгавал санаа амрах биз.
"Чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр Ц.Элбэгдоржийн шууд удирдлага дор
байдаг Зэвсэгт хүчнийхэн нь зэр зэвсгээ наймаалан улсынхаа нэрийг
дэлхийн тавцанд унагаж орхилоо. Батлан хамгаалах яамныхан зэр зэвсэг
зарлаа, халбага сэрээ хүртэл энд тэнд шахлаа гэж дуулддаг. Хэдэн танк
Иракт зараад улсын төсөвт хэдэн төгрөг орууллаа гэж дуулдаагүй. Ямар
техник хэрэгсэл, байшин барилга говийн зэрэглээ шиг алга болсон нь нууц.
Хэдий болтол Батлан хамгаалах яамны сайд, дарга нарын булхай луйварыг
"Улсын нууц” гэсэн нэрээр ард түмнээсээ нуух юм бэ.
Зарим хүнд нэг муу онгоцны мотор зарах гэж оролдсон шалихгүй асуудал
шиг харагдаж магадгүй. Үүний цаана Батлан хамгаалах яамны болон
Монгол Улсын нэр хүндэд халдсан асуудал байгаа юм. Өнөөдөр наад захын
бизнесмен, газрын наймаачин хүртэл нэр төрөө гурван тэрбум
төгрөгөөр үнэлж байна.
Гэтэл яагаад Монгол Улсын нэр төрийг сэвтүүлсэн асуудлын талаар хэн ч
ярихгүй байна вэ. Таван төгрөгийн төлөө эх орныхоо нэрийг сэвтээж буй
албан тушаалтнуудаа ар өвөртөө нууж үлдсээр байх уу.
Т.Цогт-Эрдэнэ
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих