АН Р.Бурмаагаас гадна Х.Тэмүүжингээр гал тахихаар шийджээ. Хууль зүйн сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү гаргаж тавьсанаас үүдэн АН доторх хагарал савнаасаа хальсан. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл нэгдсэн нэг шийдэлд хүрч чадаагүй. Гэвч эцэст нь Х.Тэмүүжингээр гал тахиж, тэнгэр бурханаа аргадах шийдэлд хүрсэн бололтой. Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдааны дундуур Хууль зүйн байнгын хороо гэнэт хуралдаж, сайдын асуудлыг хэлэлцсэн. Улмаар түүнийг огцруулах саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, баасан гаригийн чуулганаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшлуулав. Х.Тэмүүжин сайд "Би буруу хүмүүст, буруу цаг үед итгэжээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа” гэхчлэн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр "Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс... Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна” хэмээн Х.Баттулга, З.Энхболд нарт "хаяглав”. Өөрөөр хэлбэл, мань хүний арга мухардаж, асуудал эцэслэгдэж байгааг ухамсарласан нь энэ. Ямартаа л өчигдөр Хууль зүйн сайдыг аврах ажиллагааг залуус өрнүүлж, гарын үсэг хүртэл цуглуулах аян өрнүүлээд амжлаа. Түүнчлэн цахим ертөнцөөр Like цуглуулж эхэлжээ. Энэ бүхний үр дүн ирэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар харагдах учиртай. Гэхдээ Х.Тэмүүжин сайд хоолойдоо тулгасан хутгыг авахын тулд гарын үсэг, Like-наас илүүтэй танхимд суугаа нөхдөө ятгах нь чухал. Түүнчлэн өөрийг нь буланд шахаад байгаа хэсэг нөхрийн тархийг савантай усаар угааж, Эбэ-гийн зуурсан бантаг асгасан хуулийн салбараа ч цэвэрлэх шаардлага гарах болов уу. Юутай ч түүнд ирэх пүрэв гаригийг хүртэл цаг бий.
Дээрх үйл явдалтай зэрэгцэн АН-ын Хяналтын хороо хуралдаж, Р.Бурмааг намаасаа хөөж, дан дээлийг нь тайлж, олны нүдэн дээр нүцгэлэхээр шийдлээ. Сайд нарыг давхар дээлээ тайлахыг дэмжиж кноп дарсанд Р.Бурмааг буруутгасан нь тэр. "АН-ын бүлэг гэдэг албадлагын газар биш”. Энэ бол Р.Бурмаагийн хэлж байсан үг. Түүний түмэн зөв. Гэвч эрх мэдэлд ойр байдаг хүний талд шийдвэр гардаг бичигдээгүй хууль мөрдөгддөг юм хойно яалтай. Нөгөөтэйгүүр, ардчилал гэдэг гоёл чимэглэлийн үнэ цэнэтэйг эрх баригчид энэ үйлдлээрээ илтгэв. Уг нь түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарыг ч золигт гаргах учиртай байлаа. Харамсалтай нь, тэд тойргоос сонгогдсон учраас АН ашиггүй хувилбарыг хойш тавив. Зүй нь тэднийг намаас хөөсөн ч УИХ-ын гишүүнийхээ мандатыг өврөөсөө салгахгүй. Иймээс бусад нам руу урвах өндөр магадлалтай. Эс бөгөөс бие даагчдын тоог нэмэгдүүлнэ. Иймээс энэ удаад Р.Бурмаагаар бусдад нь сургамж өгч, намын жагсаалтын 11-т бичигдсэн Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээг тангараг өргүүлэх бололтой.
Ийнхүү Х.Тэмүүжин нимгэлж, Р.Бурмаа нүцгэрлээ. Гэхдээ үлдсэн гишүүд зүгээр суухгүй гэдгээ илэрхийлж, нам доторх жигүүрийнхэнтэй гар барилцахаа илэрхийлжээ. Товчхондоо "Шоовдрууд”-ын фракцид МоАХ-ынхан нэгдэж, зорилго, зорилтоо нэгтгэхээр шийдсэн гэнэ. Түүнчлэн Х.Тэмүүжин ч хэсэг нөхрөө дагуулан дагаар орох өндөр магадлалтайг эх сурвалж тодотгосон. Гэхдээ Х.Баттулгад гоморхсон түүнд "Шоовдрууд”-тай гар барихад хугацаа шаардлагатай байгаа бололтой. Цаашлаад "Зүүн хойд Ази”-ийнхан ч шууд оролцохгүй ч шулуун шугамаар холбогдож, хүч хавсарна гэдгээ илэрхийлсэн юм байх. АН болоод МАХН-ынхны хооронд байгуулсан нууц гэрээ шиг хэлцэл ч тэдний дунд хийгдэж байх өндөр магадлалтай гэнэ. Юутай ч тэд АН-д ротацийн шинэчлэл хийх, их хурлыг яаралтай зарлах, хариуцлага алдсан сайд нарыг огцруулахыг шаардахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийх дуртай эрх баригчдыг өөрсдийг нь шинэчлэх нийгмийн болоод намынхных нь шаардлага бий гэнэ. Түүнчлэн Н.Батбаяр, Ч.Улаан сайд нараас эхлэн нэр бүхий хэд хэдэн сайд нарт хариуцлага тооцох тухай хөндөхөөр болжээ. Эдийн засаг уналтад орж, иргэдийн амьдрал доройтсон. Барааны үнэ өдрөөс өдөрт өсч, өндөг болоод будаа тансаг хэрэглээнд орсон гээд сайд нарын хар толгойтой хариуцлага ярих шаардлага мундахгүй. Цаашлаад дүрмээ зөрчиж сонгогдсон намын даргаа ч намнах ажиллагаа явагдах тухай "Шоовдрууд” ярилцаж эхэлжээ.
Л.НИНЖСЭМЖИД
new
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих