4-р сарын 13-ны өдрийн түймэрт хамгийн их хохирол хүлээсэн сум бол Баяндун. Тус сумын нэг иргэн түймрээс болж харамсалтайгаар амиа алдаж, 5 иргэн түлэгдэж хүнд гэмтсэн юм. Байгаль экологийн хохирлыг оролцуулалгүйгээр Баяндунчууд энэ удаагийн түймэрт 340 сая төгрөгийн шууд хохирол амсаад байна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр ч болов тусла гэсэн эртний сайхан үгийг санаж тус сумынханд туслах хандивын аян өрнөсөөр байна. Тухайлбал Б.Ганболд даргатай Аймгийн УЗН-ийн хорооныхон Баяндунгийн иргэдэд тусламжийн эд материал гардуулжээ. Мөн тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Л.Лхагвасүрэн захиралтай "Дун Эрдэнэ” ХХК-ийн хамт олноос 4.5 сая төгрөгний өртөгтэй 3 гэр хандивласан байна.
Улаанбаатарт ажиллаж амьдарч буй Баяндунчууд ч сум орон нутгийнхнаа мартсангүй. Нутгийн зөвлөл нь хандивын аян өрнүүлсэн бөгөөд нийтдээ 1,360,000 төгрөг цуглуулжээ. Мөн Наран багийн иргэн, олноо Янчаан гэж алдаршсан Д.Болд гуай гал түймрийн аюулд өртсөн айл өрхүүдэд 20ш хаамаг хийж өгөхөөр болж, эхний 11ш-ийг нь хүлээлгэн өгчээ. Д.Болд гуайн тусламжийг мөнгөн дүнгээр тооцвол 800 мянган төгрөг болох гэнэ.
Баяндунчуудын халуун сэтгэлийн энэхүү тусламж дэмжлэгүүд хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон бэрхшээлийн өмнө сөгдсөн нутгийн иргэдэд итгэл найдвар, урам зориг өгч буй нь лавтай юм.
А.Хэрлэн/Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих