Гашуун ам
Нэг удаа Рагчаа дарга Зохиолчдын хороон дээр ирж яриа хийлээ. Зохиолчид олон асуулт тавьсны дотор Ринчен гуай, -Арвайн гурил гэж нэг сайхан юм алга боллоо. Орост толокно гэж байдагтай адилхан ундэсний уламжлалт хоолыг маань устгаад, хааяагүй газар урж улаан буудай тариад муу унгуулдаг талх хийхээс илүү гавихгүй байна гэхэд Рагчаа дарга үгийг нь таслан,
-Бид баруун аймгуудад
жаахан арвай тариалж байгаа. Одоо ч дэлгүүрт арвайн гурил байгаа байх
гэвэл Ринчен гуай, -Нэг их айхтар гашуун юм хэмээн сахал дороо бувтнав.
Рагчаа даргын дуу чангарч, -Гурил ч гашуун байж болно, таны ам ч гашуун
байж болно хэмээн загнах янз оров. Ринчен гуайн дуу улам нам болж, -Амыг
гашуун болгодог болохоос ам гашуун байдаггүй юм гэлээ.
Орос хэлний мэдлэг
Төлөвлөлт
эдийн засгийн төв байгууллага дээр болсон уулзалтын үеэр Ринчен
гуайгаас -Таныг орос хэл сайн мэддэг гэх юм. Сайн мэддэг гэдгийг юугаар
жишиж ойлгох вэ? гэж нэг залуу асуухад Ринчен гуай, -Би ухаан цэлмэг,
залуу зандан насандаа орос хэлийг зуун оросын дайтай мэдэж, одоо нас
өтөлж ухаан мунаж, гэхдээ л наян оросын дайтай мэднэ гэв.
Шөнөдөө ч жаргахгүй наран
Дархан
хотод болсон зохиолчдын уулзалтын үеэр Егор Исаев Ц.Дамдинсүрэн /Да
багш/ -ийг ажиглаж ажиглаж, -Энэ бол өөрөө ассан амьд түүдэг гал байна.
Өөрөө шатаж бусдыг гэрэлтүүлсээр дуусдаг хүн түүдэг ажээ. Утга зохиолд
шөнөдөө ч жаргахгүй наран ийм л байдаг гэв.
Авах гээхийн ялгаа
Да
багш төрийн гурван удаагийн шагналтай атлаа маршалын толгойтой нэг л
тэмдэг зүүж явдагсан. Нэг өдөр, яриа өдөж, -Та яагаад ганцхан энэ л
тэмдгийг зүүдэг юм бэ гэвэл нүд нь зальтайхан гялалзаж, -Үүнийг би авсан
юм, бусдыг нь надад өгсөн юм гэлээ.
Нойтон өгүүллэг
Да
багш нэг өдөр намайг олны хөлөөс хөтлөн зайлуулаад их л аминчирхсан
байртай, -Чамайг чинь хөөрхөн өгүүллэг бичдэг гэх юм. Намайг болохоор
хуурай өгүүллэгтэй гэж редацкийнхан голоод байна. Энэ золигнуудыг нойтон
байлгахын тулд ус нэмдэг юм уу, архи өгдөг юм уу гэж нохойтов.
Муу чихнээс айсан нь
Да
багш Шинжлэх ухааны Академи дээр болсон нэг хуралд орж ирээд тэртээ ар
луу зүтгэлээд байж. Хүмүүс ам амандаа, -Багш урагшаа суугаач гэвэл,
-Яршиг, энэ муу чих дэмий юм дуулаад хэрэгт хийчихвэл түвэг гэсэн гэдэг.
Өргөн цээж
Зохиолчдын
хорооны зургадугаар их хурлаар академич, зохиолч Ц.Дамдинсүрэн энгэр
хоосон ирэхэд нь хүмүүс гайхаж, -Та яагаад одон медалиа зүүсэнгүй вэ?
гэвэл, -Би ямар Тарва шиг өргөн цээжтэй биш гэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих