Адууны мах
Адууны махны илчит чанар 2886-3000 ккал, өөх нь ханаагүй тосны хүчлээр баялагаас гадна махны найрлаганд хүний бие махбодид онц чухал хэрэгтэй глютамины болон хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогены бүлэг уураг их учраас /16,2 хувь/ учир шим тэжээл, шингэц сайтай байдаг. Өвлийн хүйтэнд хэрэглэвэл зохимжтой. Мөн адууны мах нь хонь, үхрийнхийг бодвол чийг ихтэй бөгөөд усанд уусдаг амин дэмийн хувьд бусад махнаас давуу, халуун чанартай тул янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай. Амт сайтай, илч ихтэй.
- Цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг vйлчилгээтэй.
- Бөөр, бэлхүүсний шар усыг хатаах чанартай.
- Хөгшрөх үйл явцыг удаашруулж залуужуулдаг.
- Адууны махны шөлөөр биеэ шавшвал арьс зөөлөн булбарай болохоос гадна ханиад томуу, хатгаа хүрэхээс сэргийлнэ.
- Адууны өөх нь маажуур бас үе мөчний өвчинг анагаахад тустай.
- Адууны зүрх бөөрний халууныг арилгадаг.
- Адууны цусыг шарх, хоолойн бахуу өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
- Цусны даралт ихтэй хүмүүс адууны махыг хоолонд хэрэглэхэд гэмгүй.
Үхрийн мах
Илчлэг чанар нь 2300-2600 ккал бөгөөд үхрийн маханд азотгүй хандлаг бодис их байдгаас мах нь өвөрмөц үнэр амттай, дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай удаан хайлдаг, тосны гарц их байдаг онцлогтой. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан, тослог, шим тэжээлтэй.
- Шинэ үрхийн мах ханиаданд сайн эм болдог.
- Хий шар хавсарсан халууныг анагаах чадалтай.
- Өвлийн эхэн сард нядалсан үхрийн махны борц нь хий дарахад онцгой сайн нөлөө үзүүлдэг.
- Үхрийн чөмөг нь уушгийг тунгалагжуулж, дэлүүний тамир сайжруулдаг шидтэй.
Ямааны мах
Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх, өвөрмөц бүтэцтэй өөх нь өндөр молекулт, ханасан хүчлүүдээс бүрддэг. Өөх нь царцамтгай учраас түүнийг зөвхөн дулааны улиралд хэрэглэвэл зохимжтой гэж үздэг. Ямааны мах амтлаг боловч хүнд, сэрүүн чанартай. Ямаа зуны эхэн сард цэцэг дэлгэрсэн үед түүгээр хооллож шимт бүх бодисыг энэ үед биедээ шингээдэг тул махыг нь эмчилгээ сувилгаанд хэрэглэдэг. Энэ үед ямааг гаргаж махыг нь чанан тамир нь дор орсон настайчуулд шөлийг нь уулгадаг. Энэ шөлийг "Цэцгийн ямааны шөл” хэмээн нэрлэдэг ажээ.
- Ямааны цусыг халуунаар нь уувал аливаа хорыг дардаг.
- Элгийг нь хүйтэн усанд цаг орчим байлгаад сүүдэрт хатаан дараа нь нүдээ арчихад хараа сайжирдаг.
- Ямааны цөсийг сүүдэрт хатаагаад бие махбодийг төлжүүлэхэд хэрэглэнэ.
- Ямааны тархийг цус алдалтыг зогсоох, шөрмөс тасарсныг залгах, бэртсэн ясыг бороолуулахад хэрэглэдэг.
Тэмээний мах
Тэмээний мах нь химийн найрлагаараа үхрийн махтай ойролцоо шинж чанартай. Нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй, гликоген элбэг учир шингэц сайн, сэрүүн чанартай байдаг. Мах нь салхи, чийгийг хөөж, яс шөрмөсийг чийрэгжүүлдэг.
- Тэмээний өөхийг хорт хавдар анагаах эмэнд хэрэглэдэг.
- Тэмээний өөх нь загатнах өвчинд нэн сайн.
- Мөн яршиж булчин мах нь үхжилд орсон, арьс шөрмөсний мэдрэл таталдах өвчнийг эмчлэхэд тэмээний өөхийг хэрэглэнэ.
- Тэмээний ходоод гүзээг нь чанаж идвэл хоол сайн шингэнэ.
- Тэмээний мах хордлого тайлдаг.
- Гэдэс дүүрэх өвчнийг анагаадаг.
Хонины мах
Монголчууд эрт үеэс хонины махыг жилийн аль ч улиралд хэрэглэж иржээ. Хонины булчин махны ширхэг нь нарийн байдаг. Хонины мах хүч тамир оруулж, дархлааг сайжруулдаг ид шидтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байжээ. Тиймээс ч амаржиж төрсөн эхэд хонины махаар шөл хийж өгдөг, нялх хүүхдийг ясны шөлөнд оруулдаг байв. Хонины тойг, борви, далны ясны шөлийг гурван шимтийн шүлт гэдэг. Дээр нь хонины ахар сүүлийг нэмбэл дөрвөн шимт хэмээнэ.
- Шингэц сайтай, хүч сэлбэж, тэнхээ тамир оруулдаг.
- Ядаргаа тайлах, сонсгол сайжрахад тустай.
- Бүхэл хонины мах чанасан шөлийг ууваас хий бүрэлдсэн өвчнийг арилган, шар усыг тарааж, тамир шүлтийг нэмэгдүүлэх чадалтай.
- Хонины сүүлэнд Д, С, А, К аминдэмүүд агуулагддаг тул хордлого, бие сульдах, ядаргаа, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Мөн цус багадалтаас сэргийлдэг.
- Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир түүнийг хөхсөн хүүхэд рахит, тархины даралттай болдоггүйгээс гадна ханиаданд нэрвэгдэх нь бага.
Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих