Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа асуудал бол С.Зоригийн хэрэг үнэхээр илэрсэн үү гэх
асуулт. Уг нь цагдаагийнхан гурван нөхрийг бариад, шалгаад, тогтоогоод, прокурор яллах дүгнэлт үйлдээд, шүүхэд хүртэл шилжүүлчихсэн. Ирэх лхагва гарагт шүүх хурал нь болно.
Гэтэл олон жил энэ хэргийг илрүүлээч гэж хууль хяналтынхнаас амтай болгон шаардсан. Улстөрчид энэ хэргийг илрүүлнэ гэж амалж, улс төрийн шоу хийдэг байлаа. Гэтэл хууль хяналтынхан, цагдаагийн байгууллага хэргийг илрүүлчихээр огт өөр юм яриад байна. 20 жил болчихлоо, хэрэг нэгэнт илрэхээсээ өнгөрсөн, жинхэн хэрэгтнүүд нь аль хэдийнэ нөгөө ертөнцөд заларсан байгаа.
Хүн хэлмэгдүүлж, жүжиг тавьж байна гээд л цахим ертөнцөөр дүүрэн мэдэмхийрэл. Үнэхээр тэгж мэдээд байгаа юм бол баримттай, баталгаатай, нотолгоотой нь гаргаад тавьчихаач дээ. Тэгэхгүй зүгээр л ингэж хий хоосон гаргалгаа гаргаад, дайраад байх хэрэг байна уу. За тэгээд хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг тухайн үед дөнгөж 16, цаашлаад 20 гаруйхан настай байсан, хөдөөний малчид юу гэж ийм хэрэг хийх билээ гээд л гаргалгаа гаргаад байна. Хэрэг хийхэд заавал 30 гарсан, 40 шахсан байх ёстой юу. Тийм юм байхгүй.
Харин ч статистик судалгаа аваад үзвэл 20-иод насныхан хэрэг үйлдэх нь илүү байдаг гэдэг юм билээ. За тэр ч яахав. Цагдаагийн байгууллага энэ хэргийг 18 жил мөрдөж байгаа. Олон жил мөрдөж, шалгаж, хэргийг хүрээг хумиж явсаар байгаад л тодорхой хүн дээр очиж байгаа нь тодорхой. Яахав, хэргийг илрүүлэхэд 18 жил л шаардлагатай болж. Гэтэл бас нэг явган яриа газар авчихаад байна. С.Зоригийн хэрэг бол улс төрийн захиалгат аллага.
Гэтэл хоёр, гурван хөдөөний малчин айл дээрэмдэх гэж яваад түүнийг алсан болгож харагдуулах гэлээ гэж. Ямар хардах дуртай нь ч ийм яриа гаргачихсан юм, бүү мэд. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.4-өөр ялласан гээд цагаан дээр хараар бичээстэй байгаа. Захилгаар хүний амь нас хөнөөсөн хэрэгтнийг яллах зүйл анги.
Тэгэхээр нэг их айл ухах гэж яваад гэнэт таараад алчихсан гэж харагдуулах гэсэн юм алга. Дээрээс нь "Захиалагчийг нь олоогүй байж” гэх яриа ч бас бий. Ямар ч байсан хэрэг хийсэн хүмүүсийг нь оллоо, энэ чинь захиалагчийг олох нэг том алхам болж байна гэсэн үг. Цагдаагийнхан мэдээж захиалагчийг хайж байгаа нь тодорхой. Хэрэгт холбогдсон хүмүүсээс ч ямар нэг мэдээлэл цуглуулж л байгаа нь тодорхой шүү дээ.
Тэгээд ч олон улсын практикт захиалагчийг, захиалгаар хэрэг үйлдсэн хүмүүстэй нь хамт бариад авчихсан жишээ бараг л байдаггүй юм гэсэн. Тийм болохоор эхлээд хэрэгтнүүддээ авах арга хэмжээгээ эхлээд авахаас биш яах билээ. Манай улсад хэргийг мөрдөн шалгах хуулийн хугацаа хамгийн ихдээ 24 сар л байдаг. Гэтэл С.Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг баривчлан шалгаснаас хойш бараг хоёр жил болчихлоо.
Хэрвээ захиалагчийг нь олж байж тэднийг шийтгэнэ гэвэл "Та нар гадуур батлан даалтад явж бай. Захиалагчийг чинь олчихоод хамт асуудлыг шийднэ” гээд тавиад явуулах болж таарч байна уу. Арай ч бас тэгж болохгүй байх аа. Энд дахиад нэг зүйл дурьдахад, хүн хэлмэгдүүлж байгаа юм биш биз гэх асуудал нэлээд яригдаж байгаа. "Би С.Зоригийг хөнөөсөн” гэдэг яриаг ганц хүн ч ярьдаггүй гэсэн.
Өдий 18 жилийн хугацаанд олон хүн ингэж ярьж байж. Бүр АНУ-аас хүртэл ийм мэдээлэл ирж байсан юм билээ. Тэр болгоныг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байж. Энэ талаар учир мэдэх хүн хэлж байгаа юм. Харин Ц.Амгаланбаатар гэдэг нөхрийн ярьсан хэлсэн нь нэг л өөр байж.
Тодруулбал, хэрэг хийсэн хүн л мэдэж байхаар нарийн зүйлийг ярьсан байдаг аж. Тиймдээ ч хууль хяналтынхан нарийвчлан шалгаж эхэлж. Энэ хэргийг хуулийн байгууллагын 100 гаруй хүн ямар нэг байдлаар оролцон шалгасан. Тэр болгонд хүн хэлмэгдүүлж байна уу гэдгийг шат шатандаа л хянаж байгаа шүү дээ. Цагдаа нар мөрдөнө, мөрдөгчдөө дарга нар нь хянана. Прокуорор бас хяналт тавина. Прокурорууддаа дарга нар нь хяналт тавиад явчихна. Дараа нь шүүх огт өөр талаас оролцоно.
Тэрний эцэст асуудлыг шийднэ. Түүнээс биш цагдаа, прокурор, шүүх яв цав тохиролцоод, хэдэн хүнийг хэлмэгдүүлээд шорон руу яуулчихна гэж байхгүй. Нөгөө талаар цахим ертөнцөд Ц.Элбэгдорж даалгавар өгч, хэдэн малчин бариуллаа гэх яриа газар аваад байгаа. Ерөөс хуулийн байгууллагынхан нэг хэрэг шалгахаар л хэн нэгэн том улстөрчийн захиалгаар хөдөллөө, тэр нь Ц.Элбэгдорж гэдэг туйлшрал газар авчихаад байгаа.
Манай Ерөнхийлөгч ч яасан сайн мэдлэгтэй юм, тэр хүнийг энэ хэрэгт холбогдуулаад шалга гээд л тушаал буулгачихдаг юм уу, хаашаа юм. Тэгэхээр нь л хуулийн байгууллагынхан давхиж очоод л барьж аваад, шалгаад байгаа юм байх. Тийм инээдтэй, онигоотой хуулийн байгууллага ч гэж юу байх вэ дээ. Цагдаа, хуулийн байгууллага хэн нэгний өргөдөл гомдлын дагуу л ажилладаг, шалгадаг. Түүнээс биш Ерөнхийлөгч тушаалаа гээд л хэнийг ч хамаагүй барьж ирээд, нэг хэрэгт хамаатуулаад шалгаад байна гэж ч бас юу байх билээ.
Одоо ухаандаа С.Зоригийн аллагад хамаатуулаад гурван малчинг барь гээд л тушаахаар нь цагдаа, тагнуулынхан явж байгаад нэг хоригдлын яриаг өлгөж аваад л гурван хүн бариад ирэх үү. Тэгээд шууд хэрэгт тулгаад, цагдаа нь прокурортайгаа үгсэн хуйвалдаад, дээрээс нь шүүгчидтэй хамтраад л ял өгчих үү. Тийм амар юм гэж юу байх вэ дээ. Зарим хүмүүс амаа билүүдэж болно, гэхдээ жаахан логиктой, учиртай билүүдэх хэрэгтэй байна шүү.
Н.Пунцагболд
Эх сурвалж: Mонголын мэдээ сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих