Өнгөрөгч долоо хоногт улс төрийн амьдралд төсөөлж байгаагүй олон
зөрчил маргаантай асуудлууд үүслээ. Нэг ёсондоо Шинэчлэлийн Засгийн
газарт гэнэтийн цохилт болох үйл явдлууд ар араасаа давхацсан юм. Эхлээд
сайн гэж хэлж болох үйл явдлууд өрнөсөн. Өөрөөр хэлбэл, "Давхар
дээл”-ийг тайлуулах хуулийн төслийг АН, "Шударга ёс” эвсэл ёстой
цээжээрээ хамгаалаад үлдсэн.
Намынх нь зарим гишүүд хуулийн
төслийг энэ оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн ч
АН-ынхан яаж ийгээд л хуулийг цаашид хэлэлцэх шаардлагагүй гэж кноп
дараад унагаж орхисон нь Засгийн газрыг нэг том амьсгаа авах боломж
өгсөн юм. Тодруулбал, долдугаар сарын 1-нээс Засгийн газар солигдох нь
сайдууд нь ажлаа өгч улс төрийн тогтворгүй байдал үүсэх нь гэдэг айдсаас
ангижирсан хэрэг. УИХ-ын дарга ашиг сонирхлын зөрчил гаргаж "УИХ
түүхэндээ анх удаа хамгийн удаан хэлэлцсэн хуулийн төслийг хэлэлцэх
шаардлагагүй гэж унагалаа” хэмээн индэр дээрээс зарласан, орой нь
Засгийн газрыг, Ерөнхийлөгчийг шүүмжилж ярилцлага өгсөн гээд энэ хуулийн
төсөл АН-ын лидерүүдийг хүртэл хооронд нь толхилцуулж орхижээ.
Өнгөрсөн хугацаанд АН-ын гурван лидер буюу төрийн гурван өндөрлөг үзэл
бодлын хувьд зөрчилтэй байгаа гэдэг нь олон ч үйл явдал дээр харагдаж
байгаа юм. Ямартай ч нэг том давааг давчихаад уужирч байсан Н.Алтанхуяг
сайдын танхимд газар хөдлөх нь ээ. ҮХАА-н сайд Х.Баттулга эхнээсээ л
ухаалаг төрийг дэмжиж байгаа гэдгээ мэдэгдэж байсан. Тэр итгэл
үнэмшлийнхээ дагуу өнгөрөгч баасан гарагт ҮХАА-н сайдын албан
тушаалаасаа сайн дураараа татгалзах хүсэлтээ өгөв. Энэ үйлдэл танхимд
газар хөдлөхийн эхний цондон болов. Х.Баттулга сайдын хувьд өөрийн
хүсэлтээр албан тушаалаасаа татгалзаж, улс төрийн соёл гаргаж байгаа ч
шинэчлэлийн гол бодлогыг хэрэгжүүлэх чухал салбарын ажил дараагийн
хүндээ очиж зүг чигээ олох хүртэл хугацаа удааширна.
Тэр хэрээр
иргэдийн Засгийн газарт итгэх итгэл багасна. Мөн энэ долоо хоногт
Х.Тэмүүжин сайдын хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал хүлээлт үүсгэж
байна. МАН огцруулах ёстой гэдэгт намын гишүүдээ хайрцаглачихсан байгаа
нөхцөлд АН дотроо нэгдмэл байж чадахгүй бол Х.Тэмүүжин сайдын хувь заяа ч
хүндхэн болж Засгийн газарт мөн л том цохилт болох эрсдэл бий.
З.Энхболд даргын илэрхийлж байгаа байр суурийг харахад, Х.Тэмүүжин
сайдыг хамгаалах талаар АН одоо хүртэл нэгдмэл болж чадаагүй гэдгийг
харуулж байна. З.Энхболдыг дагасан хэсэг бүлэг нөхдүүд, фракцийн зөрчил
үүссэн гэдгийг түүний ярилцлага нотлоод өгсөн билээ. Энэ танхимын хоёр
гол сайдууд нэг нь итгэл үнэмшлээрээ, нөгөөх нь лидерүүдийн зөрчилдөөний
золиос болсон тохиолдолд энэ танхим ганхахгүй ч бага зэргийн доргилтыг
авч байна гэсэн үг.
Цаашлаад саарал ордонд нисч байгаа "бор
шувуу”-аас ажихад Соёл спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Зам
тээврийн сайд А.Гансүх нар ч өргөдлөө бариад Н.Алтанхуяг сайд дээр орох
гэж зэхэж байгаа бололтой юм. Төмөр зам, автозамын салбар бол энэ
танхимын бас нэг амин чухал судас. Гэхдээ 17 сайдын дөрөв нь итгэл
үнэмшлээрээ УИХ-ын гишүүнээр үлдэх нь улс төрийн тогтворгүй байдал
үүсгэхгүй гэж үзэж байж болох юм. Эдгээр яамдын ажлыг үргэлжлүүлээд
явчих хэмжээний лидерүүд АН-д байгаа гэж тооцлоо ч Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурийг энд мартах учиргүй. Мөн дөрвөн
сайдаа Р.Амаржаргал гишүүн шиг явуулахгүй гэж суудалд нь үлдээсэн ч
Ерөнхийлөгчийн хэлээд байгаа хариуцлага яригдах сайдуудын асуудал заавал
хөндөгдөнө.
Өнгөрсөн сарын 26-нд Ерөнхийлөгч шууд ярилцлагад
орохдоо "Н.Алтанхуягт би нэг зүйлийг байнга хэлж байгаа. Танхимын
болохгүй байгаа гурван сайдаа огцруулах асуудлыг ярь гэсэн. УИХ-д
оруулаад ир, хариуцлагын асуудлыг ярь. Болохгүй бүтэхгүй байгаа бол
хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлээд хөөгөөд явуул гэсэн” хэмээн
ярьсан. Эдгээр хариуцлагагүй нөхдүүд гэдгийг МАН, АН, эвсэл,
Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг сайд ч өөрөө мэдэж байгаа. Н.Батбаяр, Ч.Улаан
тэргүүтэй сайдуудын асуудлыг Ерөнхий сайд хөндөхгүй юм гэхэд Ерөнхийлөгч
хөндөж мэдэх нь. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өвчтэй шүдийг сугалж
байж бусад нь эрүүл тэсч үлдэх ёстой гэдэгт бүгд санал нэгдэж байгаа нь
нууц биш. Эсвэл МАН-ын бүлэг оруулж ирэхэд АН-ынхан мөн л дотоод зөрчлөө
харуулж дэмжихгүй унагах эрсдэл бий.
Хамгаалж үлдэх арга ч
олдохгүй. Н.Батбаяр нарын сайдуудтай хариуцлага тооцох асуудлыг хоёр,
гурав оруулж ирсэн. Одоо хамгаалаад хайцаалаад үлдвэл танхим өөрөө
инээдэмтэй байдалд орох билээ. Тэгэхээр долоон сайд гэдэг яаж ч бодсон
хүчтэй газар хөдлөлтийг харуулна. Бүр ан цав үүсгэх аюул ч дагуулж
мэднэ. Харин тэр ан цавыг сөрөг хүчин ашиглаж улс төрийн тоглолт хийхгүй
гэсэн баталгаа ч алга байна. Сайдууд нь хувийн эрх ашгаа бодож,
Ерөнхийлөгчийн хэлсэн ухаалаг төрийг дэмжлээ гэх байдлаар хуулийн
төслийг ашиглан улстөржилт хийгээд байвал юу болох вэ. АН хэзээ
хэзээнээс илүү нэгдмэл байж ойлголцох нөхцөл байдал яг одоо бий
болчихоод байна. Засгийн газар хөдөлгөөнд орох нь тодорхой болчихлоо.
Энэ танхимд хөдөлсөн газар хөдлөлтийн хүчийг сулруулах талаар ажиллах
шаардлага бий болжээ. Чадахгүй бол АН 1996 оны түүхээ дахин давтана.
Засгийн газраа унагаж, танхимаараа огцорч, суудал сандлаа булаацалдаж
эхэлвэл АН-д ард түмэн дахиад итгэж чадахгүй. Ирээдүйн хувь заяагаа
зөвөөр зурах уу, буруугаар будах уу гэдэг нь төрийн гурван өндөрлөг, тэр
дундаа фракциудынх нь ойлголцож чадах эсэхээс хамаарах болчихоод байна.
Ёстой л эргэн сана, Бүү март. Мартвал сөнөнө. Суудлаа өгсөн нь ч,
суудлаа өгөх гэж санаархаж байгаа нь ч, суудлаас нь хүчээр дарамталж
буулгах гэж яарахаасаа өмнө бидний гашуун түүх юу билээ гэдгийг эргэж
санахад гэмгүй биз. Сайдын албанд байгаа нөхдүүд нь фракцийн зөрчлөө
урьдаа тавих бус улс орны эрх ашгийг өмнөө тавих шаардлага бий боллоо.
Н.Алтанхуяг сайдаас ч их ухаан шаардагдах нь. Зөв шийдвэр гаргаж,
танхимаа ганхуулахгүй тэсч үлдээх талаар юу, юунаас илүү чармайх
шаардлага тулгарч байна. Шинэчлэлийн танхимд газар хөдөллөө. Энэ газар
хөдлөлт энгийн иргэдэд хор хөнөөлгүй байгаасай.
Монголын мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих